Бүртгэлгүй “нинжа”-гаас бүртгэлтэй уурхайчин

Нинжа. Байгалийн асар их нөөц баялгаараа алмайруулж байсан 10 гаруй жилийн өмнө гар аргаар алт олборлогчдыг ингэж нэрлэж байлаа. Ажлын байр хомс, нас заасан нугалаанд хавчигдсан иргэдэд чухамдаа үүнээс өөр сонголт байсангүй. Биднийг нэгнээ тохуурхаж байх хооронд дэлхий дахин бидэнд “Minegolia” гэх нэр хайрласан. Харин одоо “Minegolia”-н нинжа нар илүү зохион байгуулалтад орж, тухайн орон нутагт ч, гар аргаар олборлож байгаа уурхайчдад ч ашигтай тийм системд шилжжээ.

Бүртгэлгүй “нинжа”-гаас бүртгэлтэй уурхайчин

Кемп маягаар байрласан гурван гэр алсаас харагдана. Урдхан талд нь хэд, хэдэн овоолсон шороо байх бөгөөд овоолго бүрт гурваас дөрвөн хүн зогсох аж. Нэг нь төмөр бариул барин бэхэлсэн олсыг дээш, доош нь татна. Цаана нь портерийн тэвшин дээр нэг эр зогсон, шороотой хувин сэгсэрнэ. Энэ бол “Буянтын хөндий Шарын гол” нөхөрлөлд харьяалагдах бичил уурхайчид. Тэд ийн эвлэлдэн нэгдээд яг 10 жилийн нүүр үзэж байгаа аж. Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор тэд илүү зохион байгуулалттай болж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар ч төлдөг болжээ.

“151 дүгээр тогтоол биднийг үнэхээр өөрчилсөн. Над мэтийн нас, боловсролоор гадуурхагдсан хүмүүст үүнээс өөр ажил олдохгүй. Бидний хөдөлмөр хэдийгээр хүнд ч гэсэн ар гэрээ тэжээж, идэх хоол, өмсөх хувцсаар дутаахгүй байгаадаа баярладаг” гэж бичил уурхай эрхлэгч Д.Ганхуяг ярьж байна. Тэрбээр энэ нөхөрлөл байгуулагдсан цагаас эхлэн бичил уурхай эрхэлж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй дүү, таван хүүхэдтэйгээ амьдардаг энэ эр ганцаараа гэр бүлээ тэжээдэг гэж учирлаж байна. Ганцхан тэр ч биш энд ажилладаг 500 гаруй хүний ард дор хаяж 5 хүн байдаг аж.

 

“Буянтын хөндий Шарын гол” нөхөрлөлд энэ зун 1000 гаруй хүн ажилласан байна. Ихэвчлэн Дархан, Сэлэнгийн хүмүүс байсан бол Хөвсгөлөөс өдий, төдий хүн иржээ. Сүүлийн хоёр жилд олох олз, гарц сайн байгааг учирлаж байв. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын ачаар хүмүүс ирэх нь нэмэгдэж байгаа гэх. Цаашид энэ тогтоолыг үе үеийн УИХ, Засгийн газар цуцлалгүй илүү боловсронгуй болгохыг бичил уурхай эрхлэгчид хүсч байлаа.

Биднийг сурвалжлагаар очсон үед тэр бүр хараад байхааргүй аз тохиов. Буянтын хөндийн баруун хэсгээс нэг эр хувин барин гүйсээр ирэв. Юу болсон юм бол гэж харж байтал баруун амны аль нэг хэсгээс алт гарч иржээ. Хувингаа сэгсрэн үзтэл хэсэг алт болтой зүйл гялтганаж байлаа. Баруун амны шороо яалт ч үгүй алттай болох нь үүгээр батлагдав. Өвлийн -20 хэмийн хүйтэнд 10 гаруй цаг тонголзсон тэдний ажлын үр шим нь энэ.

“Манай нөхөрлөл албан ёсоор 1500 гаруй ажилтантай. Яг Шарын гол сумын харьяалалтай 565 ирэн байна. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүрээнд ажилладаг болохоор байгууллагын дотоод журамтай. Өнгөрсөн тавдугаар сараас хойш энд ажилласан нэг хүний орлого сарын нэг сая төгрөгөөс буугаагүй” гэж "Буянтын хөндий Шарын гол" ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа ярьсан юм.

Хүйтэрсэн тул ихэнх нь төв бараадсан бөгөөд одоо тэнд 100-200 хүн ажиллаж буй аж. Гарсан шороогоо ойролцоогоор 5 км-ын цаана орших хиймэл нууранд очиж угаан, алтаа гаргаж авдаг байна. Өмнө нь том компанийн үүсгэсэн нууран дээр ажилладаг болохоор байгаль орчныг дахин сүйдлээгүй гэдгийг уурхайчид онцолж байсан юм. Хиймэл нуур урд энгэрт нэг том портер, 6-7 хүн багтах хэмжээний модон амбаар шиг зүйл байх аж. Угаалтын энэ өрөөнд хүмүүс өглөө нар ургахаас аваад шингэх хүртэл зогсоо зайгүй ажилладаг. Өдөртөө 10-20 портер тогтмол нааш цааш явж, уурхайчдын гаргасан шороог зөөдөг ажээ. 1.5 кг шорооноос хоёр грамм алт гардаг бол заримдаа юу ч гарахгүй өдөр ч байдаг гэх. Тэд өөрсдөө шороо угаах “өрөө”-г тохижуулдаг учраас өвөл ашиглаж болох дулаахан “өрөө” барихаар бэлтгэж байлаа.

 

 

“Буянтын хөндий Шарын гол” ТББ байгууллагын дүрмийн дагуу кемп рүү нэвтэрч буй хүн бүр алкохолын төвшин тогтоох төхөөрөмжөөр үлээж шалгуулан, аюулгүй ажиллагааны баримтад гарын үсэг зурж нэвтэрдэг гэх. Хэрэв алкохол хэрэглэсэн нь  тогтоогдвол уурхайн дотор нэвтрүүлдэггүй ажээ. Нөхөрлөл хэлбэрээр ажилладаг учраас урд барьсан гурван гэрийн нэг нь хоолны гэр байхаар зохицуулжээ. Засгийн газрын тогтоолын дагуу ажиллаж байгаа учраас төрийн байгууллагуудын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй гэдгийг уурхайчид хэлж байв.

“Шарын гол сумын хэмжээнд 19 нөхөрлөлтэй гэрээ байгуулжээ. Одоогоор зургаан нөхөрлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж үүнийгээ дагаад сумын хэмжээнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын орлого, аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварууд нэмэгдсэн. Нийтийн хоол, дэлгүүр, шатахуун түгээх станцуудын орлого ч өссөн дүнтэй байгаа. Эдийн засгийн хувьд сайнаар нөлөөлж байгааг дурьдах нь зүйтэй” гэж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Шинэхүү ярьсан юм.

“Буянтын хөндий Шарын гол” нөхөрлөлийн ажилчид өнгөрсөн зун Шарын голын нэгдүгээр цэцэрлэгийн орчинг иж бүрэн камержуулж, хоёр гаруй км авто зам тавьсан байна. Түүнчлэн орон гэргүй, ядүү буурай өрхөд гэр бэлэглэх, эд материалын дэмжлэг үзүүлэх ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Нэгэн зүйл: Засгийн газрын 151 дүгээр тогтоол нь 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь нинжа нарыг зохион байгуулалтад оруулж, сум орон нутагтай гэрээ байгуулан, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулсан тогтоол юм.

Өмнө нь байгаагүй боломж

Монголбанк Дархан-Уул аймаг болон Баянхонгор аймагт сорьцын лаборатори байгуулаад сар ч болоогүй байна. Дархан-Уул аймгийн сорьцын лаборатори өнгөрсөн сарын хугацаанд 99 кг алт сорьцлуулж, 64 гулдмай хэвлүүлжээ. Засгийн газар болон аймаг, Монголбанкны шууд хөрөнгө оруулалт болох 16.8 сая төгрөг болон бусад байгууллагын 300 сая төгрөгийн технологийн дэмжлэгтэйгээр сорьцын лаборатори байгуулагдсан байна.

“Олон улсын стандартын дагуу энэхүү сорьцын лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Алт хайлуулах хоёр, шинжилгээний нэг, нийтдээ гурван зуухтай ажиллаж байна. Сорьцын шинжилгээний дүн олон стандартад нийцэхээр байгаа. Зургаан сардаа нэг удаа хяналт шинжилгээ хийж, хэвийн ажиллагаанд нь хяналт тавина” гэж Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Алтанцэцэг ярьсан юм.


 

Өмнө нь бичил уурхай эрхлэгчид заавал Улаанбаатар хот руу явж, сорьцын үнэлгээ хийлгэдэг байж. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг байж. Харин бичил уурхай эрхлэгчид болон бусад томоохон компанийн хөрөнгө цагийг хэмнэсэн гэж магтаж байна. Цаашид үйл ажиллагааг нь өргөтгөх, Монголбанкны хяналтыг сайжруулах хэрэгтэй ч жилийн өмнөхийг бодвол маш том боломж ирсэн гэж уурхайчид үнэлж буй аж.

*            *            *    

Улсын хэмжээд 15 аймгийн 45 суманд 6300 бичил уурхайчин нөхөрлөлийн зохион байгуулалтад орон ажиллаж байна. Тэд техникээр олборлоход зардал ихтэй, том компанийн үлдэгдэл болон улсын хэмжээнд ашиглахад үр ашиггүй цэгүүдэд олборлолт хийдэг. Өмнө нь тэд улсад бүртгэлгүйн дээр нинжа гэж адлуулдаг байсан бол одоо гэрээ байгуулан, албан ёсоор хамтран ажиллаж байгаа юм. Бичил уурхайчид Дархан-Уул аймгийн санаачилгаар нэгдсэн сургалтад хамрагдан, аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаар нэгдсэн ойлголттой болгосоор багагүй хугацааг үджээ.

Засгийн газрын гаргасан 151 дүгээр тогтоол хэдийгээр “нинжа” нарын үзэгдэх байдлыг илтэд өөрчилсөн ч зохион байгуулалтын хувьд сайжруулах зүйл байгааг сум, орон нутгийн удирдлагууд ч, бичил уурхай эрхлэгчид ч хэлж байна. Томоохон компаниуд татвар төлөлтөө багасгахын тулд нөхөрлөл гэгчийг байгуулан, том техникээр талбайд ордог гэдгийг бичил уурхайчид хэлж байв. Нөхөрлөл байгуулах журмыг 151 дүгээр тогтоолд дурдаагүйгээс том компаниуд жижгүүдтэй хамт нэг талбайд ажиллах болсон нь хүчний тэнцвэрийг алдагдуулж буй гэх.

Чили, Боливи гэх уул уурхайн баялагтай орнуудын хувь заяаг бид давтаж байна. Тэд одоогоос 20 жилийн өмнө нинжа нараа зохион байгуулалтад оруулсан ба өдгөө хууль бус гэж жижгүүдээ нүд үзүүрлэх бус бусад төрлийн татвараас чөлөөлөн, алт тушаалтаа нэмэгдүүлж байна. Харин бид албан ёсны тогтоолтой болоод хоёр жилийн ч нүүр үзээгүй байна. Энэ хугацаанд Монголбанкны алт өссөн үү гэхээс буурсангүй.

Жич: Засгийн газар 2008 онд Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам баталсан байна. 2010 онд 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдсан байдаг.

Б.АЗЗАЯА

Гэрэл зургийг: Н.БАТБАЯР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

ҮХЭР [ 122.201.22.156 ]      |     2018 оны 11-р сарын 25 -нд, 23:58 минутанд

за даа яамаар юм бэ дэ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ СҮЙТГЭДЭГ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИИХИЙГ МЭДЭХГҮЙ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ЯДУУ УЛС ОРОНД НИНА ЦЭЦЭГЛЭН ХӨГЖДӨГ

иргэн [ 202.9.43.171 ]      |     2018 оны 11-р сарын 22 -нд, 10:10 минутанд

энэ нинжа нарыг төлөвшүүлэх хэрэгтэй.хагас зэрлэгүүд шдэ

zochin [ 150.129.142.175 ]      |     2018 оны 11-р сарын 22 -нд, 05:51 минутанд

uzesgelent goo

Go to top of page