Төрд тэрсэлсэн ЖДҮ-чдийн ТОМ луйврууд: 500-гаад сая ам.долларын ҮНЭР

2018 оны 11 сарын 22

 

Нэг бүлэг хулгайч нөгөө бүлэг хулгайчаа шалгадаг улс манайхаас өөр хаана ч үгүй биз. Ийм үлгэргүй “үлгэр” Монголоос өөр газар барагтай бол хөврөхгүй. Монгол төрийг олон жил шимэгчилсэн паразит сэтгэлгээтэй луйварчдыг бүгдийг нь нийлүүлээд "Төрд тэрсэлсэн ЖДҮ-чид" гэж нэрлэвэл таарна. Төрөө, түмэн олноо тогтвортой байлгах үүрэгтэй тэд өөрсдийнхөө гараар улсаа самрах гэж буйгаа умартан, нэг нэгнээ намнах гэсэн харалган үйлдэлтэйгээ зууралдаж байна. Уучлаарай, төр түмний “тамгатай” хөрөнгө рүү савраа дүрсэн л бол ул мөр заавал үлддэг. Нийгмийн санах ойд заавал хадгалагдсан л байдаг. Тэгэхээр гэмгүй ариухан амьтдын дүр эсгэх шаардлага Төрд тэрсэлсэн луйварчдад огтоос байхгүйг сануулъя. Цаг үе өөрчлөгдөж, хөгжиж дэвших боломжийг бүгдэд эрх тэгш олгох тухай ярьж байхтай зэрэгцэн төрөөс луйвардаж, тэрбумтны замналаар замнасан увайгүй нөхдүүд олон. Нэрийг нь жагсаагаад бичвэл таны миний ой бүрэн гутсандаа дахиж хэвлэлийн хуудас сөхмөөргүй санагдах вий. Гэхдээ бохирын угаадастай зүйрлэм үйлдлүүдийн талаар дуугарч, өгүүлж байх ёстой.

Сая сая ам.долларын авлига үнэртсэн нь...

Өнөөдрийн тухайд Оюутолгой улсын эдийн засагт жин дарах хувь нэмэртэй төсөл гэдгийг шууд  үгүйсгэх нь утгагүй. Улс орон зэс, нүүрс гэсэн үндсэн хоёр л түүхий эдээр тулгуур хийж буй тул арга ч үгүй биз. Гэхдээ тэглээ гээд гэрээтэй холбоотой асуудлуудаа хав дарах ёстой гэсэн үг биш. Оюутолгой компани найман жилийн хугацаанд Монгол Улсад 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор энэ оны гуравдугаар улирлын байдлаар 152 сая ам.доллар төлсөн гэдгээ мэдэгдээд буй. Компанийн зүгээс  гэрээний дагуу ажиллаж буй гэж мэдэгддэг. Харин манай талаас хөрөнгө оруулалтын гэрээнд засах зүйлс байна,   34 хувийн зээлийн хүүндээ бид баригдах нь гэхчлэн хэд хэдэн асуудлууд яригдсаар ирсэн. Тус компанитай холбоотой татварын зөрчлүүд, шимтгэлийн хэмжээ зэрэг анхаарал татсан асуудлууд бий. Ингээд ярихаар хөрөнгө оруулагч талд хуудуу гаргах боломжийг хэн олгосон бэ гэдэг асуудал тавигддаг. Тэгэхээр шийдвэр гаргагчидтай холбогдож таардаг.

С.Баярыг ЕС байх үед есөн жилийн өмнө байгуулагдсан Оюутолгойн гэрээ нь Монголын улстөрчдийг авлигын амтанд оруулсан том хэрчимтэй бялуу гэх тодотгол зүүж ирсэн. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийн дүгнэлт дөрөв дэх улиралдаа хүлээгдэж буйг дурдах хэрэгтэй болов уу.

Р.Фрийдланд гэж нөхөр Оюутолгойгоор өөрийгөө олон улсад таниулж, Монголын улс төрчидтэй дотно харилцаж явсан түүх рүү эргэн өнгийхөд манай улс төрчдийн гарыг цайлгасан гэгддэг мөнгөний хэмжээ Оюутолгойгоос энэ 2018 онд улсад ороод буй мөнгөний хэмжээнээс илүү гарч тооцогдох магадлалтай юм.

Гэрээ байгуулагдах үед гишүүдэд бэлэглэсэн нэг, нэг сая ам.долларын тухай сэдэв өнгөрсөн 9 жилд яригдсаар ирсэн. Ер нь Оюутолгойн гэрээтэй  холбоотойгоор их хэмжээний мөнгөнүүд яригдахын сацуу нэр холбогдох хүмүүсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичвэл урт жагсаалт гарна. Экс Ерөнхийлөгчид хийгээд Ерөнхий сайд нар, салбарын сайд нар, хууль тогтоох дээд байгууллагын гишүүд гээд Монгол төрийн бүхий л удирдлагууд холбогддог.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эрх мэдлээ алдсанаас хойш л Оюутолгой руу чичсэн үг хэлэх болсноос биш манай үе үеийн Ерөнхийлөгч нар энэ төсөл рүү эвгүй хардаггүй.  Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Оюутолгойн гэрээ байгуулагдаж, дараа жил нь 2010 онд Оюутолгойн ТУЗ-д Монголыг төлөөлөх нөхдүүдийн шалгаруулалт болоход Ерөнхийлөгч асан Н.Багабанди орж байв. Н.Багабанди олон мянган ам.долларын цалинтай ТУЗ-д Монголчуудын 34 хувийн эрх ашгийг хамгаалахаар очсон нь, С.Баярын удирдсан засаг гэрээг үзэглэсэнтэй шууд холбогддог.  

Тэгвэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд авлигын сүлжээг улам бүр өргөсөх замыг шулуутгасан нэгэн гэдгийг систем өөрөө харуулсаар ирсэн. Ямартаа л түүний уналтыг өөрийнхөө буй болгосон түмэн төмөр шоргоолжнуудад бариулж байна гэж тодорхойлох вэ дээ. Н.Энхбаяр  Р.Фрийдланд нарыг холбож харах мэдээллүүд олон. Н.Энхбаяр Ерөнхий сайд  байхдаа хойд хөршид Их өр барагдуулах болж, мөнгөний эрэлд гарч, улмаар  Р.Фрийдланд руу утасдаж, нөгөөх нь 50 сая ам.доллар шилжүүлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж  өдийг хүрсэн.  Оюутолгойтой холбоотой хар мөнгөний талаар олон мэдээлэл байдгийг Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимирийн хэлж ярьснаас эшлэн хүргэе.

Тэрбээр “төрийн өндөр эрх ямба эдэлчихээд тэд бүгдээрээ Монгол төрийн эрх ямбыг Фридландад зуучилсан. Хамгийн анхны зуучлагч  нь Ерөнхийлөгч  асан Н.Багабанди. Түүний бие төлөөлөгч  Канадад элчин сайд байсан  О.Батсүх. Ерөнхийлөгч  асан  П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Содном нар. Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр Ерөнхий  сайд байхдаа  Фрийдландаас  Оросын өр барагдуулах үед 50 сая ам.доллар  зээлдэж  авч байсан. Ц.Элбэгдорж 2004  онд Ерөнхий сайд байхдаа  Фрийдландаас  50 сая ам.долларын зээлийг  бондоор барьцаалж зээлдэж  авсан. Ерөнхий сайд асан  С.Баяр  2009 онд  МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар  Оюутолгойн гэрээг дэмжүүлж,  Оюутолгойн гэрээг  УИХ дахь  олонх суудлаар түрий барьж  батлуулж чадсан” гэхчлэн өгүүлсэн байдаг. Энэ мэтээр Оюутолгойтой холбоотойгоор яригдах мөнгөний хэмжээ хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэхээр байдаг.

Өнөөдөр гэхэд Оюутолгойтой холбоотой 150 сая ам.долларын татварын маргаан бий. Оюутолгой компани энэ асуудлаар Арбитрт хандана гэдгээ мэдэгдсэн. ЖДҮ-ийн асуудалд орооцолдсон Д.Хүрэлбаатар нэг жилийн өмнө Ерөнхий Аудиторын хувиар хэлэхдээ “Оюутолгойг шалгах хүрээнд эхний ээлжинд Дубайн гэрээнд аудит хийнэ” гэж байв. Тэгвэл Оюутолгойд шалгалт хийсэн Ажлын хэсэг Аудитын байгууллагаас дүгнэлт ирэхийг хүлээж буйгаа мэдэгдсэн билээ.

С.Баярыг Ерөнхий сайд  байх үед байгуулсан Оюутолгойн гэрээтэй,  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд  байх үед баталсан Дубайн төлөвлөгөөтэй холбоотойгоор АТГ энэ жил дараалсан баривчилгаанууд хийсэн билээ. Хоригдоод байсан  С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт,  Б.Ариунсан нар өдгөө наранд яваа. Тэднийг хорих болсон үндэслэлээ АТГ тайлбарлахдаа “Оюутолгойн гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон, Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байна” гэж байлаа.

Тэгвэл эдгээр үндэслэлүүдийн цаана улсад учирсан байж болох хохирол, мөнгөний хэмжээ хэдээр тогтох нь анхаарал татсан асуудал. Эрх баригчдын авсан байж болзошгүй авлига болоод хууль журмын хүрээнд үзүүлсэн гэх хөнгөлөлттэй нөхцлүүдийн цаана мөнгөний тоо хэмжээ зайлшгүй яригдах ёстой. Гэрээ байгуулахаас 6 жилийн өмнө Намбарын Энхбаярын өр дарах нэрээр авсан 50 сая ам.доллараас эхлээд гэрээ байгуулсан 2009 оны үетэй холбогддог авлигын мөнгөний тоо хийгээд өнөөдөр ид яригдаж буй 150 сая ам.долларын татварын өр зэргийг багцлаад нэг харахад 500 гаруй сая ам.доллар гэсэн тооцоолол өлхөн гарч байх юм.

Үүгээр Оюутолгой компанийг чичлэх гэсэнгүй. Төслийг зогсоох ёстой гэж “поп”-руулан чарлах гэсэнгүй. Төрд тэрсэлсэн ЖДҮ улстөрчдийн ТОМ луйвруудын гадаа Оюутолгойг шилж үлдээж болохгүй учраас үүнийг өгүүлэв. Манай шийдвэр гаргагчид өөрсдөө улс орныхоо эрх ашгийг хэтэвчиндээ багтаах хэдийнхээ дараа тавьснаас л болохгүй бүхэн үүдээд буй билээ.

Төрд тэрсэлсэн ЖДҮ-чдийн ТОМ луйвруудыг цувралаар хүргэнэ.

Э.БОЛОР

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Во(103.111.68.3) 2018 оны 11 сарын 23

Төрд байгаа хужаа цуснынхан авлига аваад байна.Төрийн толгойноос хятадын эрлийзүүдийг хөө..

0  |  0
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 23

Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 11 сарын 23

busdiin itgeliig aldaj buruu zuil hiine gedeg baij bolomgui uildel bilee.iim humuust alah yal zohino.ihk husej bui huneer toriin joloo buu atguul gej hen helsen bilee.itgel gej yu gesen ug bolohiig odoogiin mongoliin tord baigaa humuus bodoj uzegtun!!!!

0  |  0
Пүүжий(202.179.31.33) 2018 оны 11 сарын 22

Оюутолгойгоос 150 сая доллар нэхэх гэсэн чинь манай эрх мэдэлтэнүүд аль хэдийн 500 сая доллар /балансаас гадуур/ авчихсан болж таарах нь ээ? Тэгвэл тэр эрх мэдэлтэнүүдээ барьж авч шоронд хийгээд мөнгөө улсынхаа төсөвт оруулж чадах бол уу? манайхан

0  |  0
Top