Liberty Summit Mongolia: Ямар ч Засгийн газар мөнгөний үнэ цэнийг мэддэггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

“Мизес Монгол” Төрийн бус байгууллага, “Торгоны зам” сан хамтран өнөөдөр (2018.11.22) “Liberty Summit Mongolia-20183 хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүний “Данхар төр ба Монгол Улс” сэдэвт илтгэл, “Монгол Айди” компанийн захирал Д.Энхчимэг, философийн ухааны доктор Б.Батчулуун нар эхний илтгэлийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Монголын либертари үзэлтэй хүмүүсийн төлөөлөл болох бизнесменүүд голцлон оролцсон юм.

“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн “Энэ дэлхийг аварч, нуруун дээрээ үүрч яваа хүмүүс бол бизнесменүүд. Гэтэл одоо бизнесменүүд бүх зүйлийн буруутан, хамгийн муухай хүмүүс болчихож. Монголын төр бизнесменүүдээ золиос болгосон. Бизнесменүүдээс бүх зүйл болдог гэсэн ойлголт нийгэмд гарлаа. Засгийн газар бизнест битгий оролцоосой. Бусдыг хохироохгүй, хулгай хийхгүй, өөрийгөө хохироохгүй байх “шунал” бизнесийн хүнд байх ёстой” гэж илтгэлдээ онцолж байлаа.

Д.Энхчимэг: Ямар ч Засгийн газар мөнгөний үнэ цэнийг мэддэггүй

“Монгол Айди” компанийн захирал Д.Энхчимэг “Эдийн засгийн эрх чөлөө” илтгэлдээ Монголын эдийн засгийн өрсөлдөөний талаар товч дурдсан. Д.Энхчимэг “Засгийн газрын зарцуулалт үргүй зардал бий болгодог. Бизнес эрхлэгчдэд төрөөс маш их дарамттай учирдаг. Татвар бол төрд цугласан бусдын мөнгө. Засгийн газар хүний мөнгийг хүнд зарцуулдаг учраас мөнгөний үнэ цэнийг мэддэггүй. Засгийн газар цаасан мөнгө хэвлэж гаргах нь буруу зүйл. Мөнгө хэвлэх нь Засгийн газар татвар нэмэхгүйгээр татвар авч байна гэсэн үг юм. Хөрөнгө оруулалт тухайн улс оронд өрсөлдөөн бий болгодог. Хөрөнгө оруулалт бидэнд шинэ технологи, арга барил, ур чадварыг дагуулж ирдэг” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэг “Төртэй нийлсэн  бизнес ба бизнесийн ёс зүй”, “Нийтийн үйлчилгээг зөвхөн төр гүйцэтгэх ёстой юу?” зэрэг сэдвээр үргэлжилж байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top