ОЛДВОР: Архелогичид 1200 жилийн өмнөх ХҮРЭЛ ХОНХ, АЛТАДСАН ЦООЖ зэргийг илрүүлжээ

 

Түүхийн үнэт олдвор ХОНХ 1200 жилийн дараа тал нутагтаа ЦУУРАЙТЛАА

 Монгол-Германы  хамтарсан “Орхон” археологийн шинжилгээний анги 1200 гаруй жилийн өмнөх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын ордны үлдцээс түүхийн хосгүй олдворууд илрүүлсэн талаар өнөөдөр /2018.11.22/ "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. Тус хуралд Германы археологийн доктор Кристина Франкен, Хендрик Рооланд, Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Батбаяр, МУИС-ийн багш, археологич У.Эрдэнэбат, Осака хот үндэсний түүхийн музей хадгалалт, хамгаалалтын тэнхимийн багш Ито Коожи нар оролцож, шинэ мэдээлэл өгөв.

Орхоны хөндий дэх Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык буюу Хар балгасыг 2007 оноос хойш Монгол, Германы археологчид хамтран судалж эхэлжээ. Тус газраас өнгөрсөн зун Ордон хотын эртний худгийг нээж, худгийн ёроолоос нангиад бичээстэй хүрэл хонх, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай модон шонгийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай модон шонгийн хугархай зэрэг олджээ.  

 

Энэ талаар Германы Археологийн хүрээлэнгийн ажилтан Хендрик Рооланд хэлэхдээ “Ийм олдвор археологич хүний амьдралд ганц л удаа тохиолдох байх” гэв.


Кристина Франкен.

Харин доктор Кристина Франкен “Бид 1999 онд Хархорин хотоос археологийн хамтарсан малтлагын ажлаа эхлүүлж, 2007 оноос Уйгарын нийслэл болох Хар балгасыг судалсан. Археологчдын хувьд зөвшөөрлийн дагуу маш багахан хэсэгт малтлагын ажиллагаа хийж байгаа. Өнгөрсөн зун Монгол, Германы археологчид Уйгарын нийслэлийн Ордон хотын худгийг нээж олсон. Худаг хамгийн багадаа 12 метр гүн байсан төдийгүй ёроолд нь хүрэхэд устай байсан. Одоо ч устай байгаа. Мөн худгийн ёроолоос нангиад бичээстэй хүрэл хонх, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай зэргийг олсон. Худгийн ёроолд хэвтэж байсан хонх 1200 жилийн дараа дуугарахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байлаа" гэв.  

Т.Батбаяр.

ШУА-ийн археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Батбаяр ”Ордос хот буюу археологичдын “Цитадель” гэж нэрлэдэг цайзат байгууламж нь томоохон талбай бүхий асар том хотын гол хэсэг. Энэ байгууламж дээр манай төслийн судлаачид сүүлийн дөрвөн жил төвлөрч, судалгааны ажил явуулсан. Судалгааны явцад хааны ордны усны хэрэгцээг хангаж байсан худаг буюу маш сонирхолтой олдвор илэрсэн. Өмнө нь манай хот суурингийн дурсгалаас эртний зүйл олдож байгаагүй. Энэ нь анх удаа илэрч байгаа тохиолдол бөгөөд түүх археологчдын хувьд ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо. Малтлага, судалгааны явцад худаг олдсон хэсэг маань Хар балгас хотын хамгийн чухал хэсэг. Энэ бол хүчирхэг хэрмээр хамгаалагдсан хот юм" гэв.

Одоогийн байдлаар Герман, Монгол, Японы нарийн мэргэжлийн сэргээн засварлагчид хамтран Улаанбаатар хотноо Соёлын өвийн Үндэсний төвд дээрх Хар балгасын олдворуудыг авчирсан байгаа бөгөөд хадгалж, хамгаалах, сэргээн засварлах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. Мөн судлаач, археологчид түүхийн үнэт олдворуудаа хадгалах тал дээр анхаарлаа хандуулж байгаа ба туйлын эмзэг модон эдлэлүүдийг зохих шаардлагын дагуу удаан хугацаанд хадгалж хамгаалахад сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын нарийн төвөгтэй үйл ажиллагаа, тодорхой хэмжээний төсөв санхүү шаардлагатай байгаа гэдгийг хэлж байлаа.


 

Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 103.229.121.237 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 14:09 минутанд

Амжилт хүсэе! Цаашдын судалгаа шинжилгээний эрэл нь арвин байх болтугай.

Гуа [ 153.150.27.29 ]      |     2018 оны 11-р сарын 24 -нд, 16:37 минутанд

Гайхалтай. Багийнханд баяр хүргэе.

Go to top of page