“Road show” арга хэмжээг зохион байгууллаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 Монгол Улсын Засгийн газар (БОАЖЯ, БСШУСЯ) Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг 2015 оноос хамтран хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжих институци, эрх зүй, зохион байгуулалтын орчинг бүрдүүлэх явдал юм.

Төсөл нь үндсэн хоёр агуулгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд олон нийт болон шийдвэр гаргагч нарт тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн тухай мэдээлэл, мэдлэг, үзэл санааг хүргэх, аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчны менемжентийн тогтолцоог нэвтрүүлж MNS ISO:14001 баталгаажуулалт хийлгэхэд дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллаж байна.

Төслийн нэгдүгээр шатны үр дүнг олон нийтэд таниулах “Road show” арга хэмжээг орон нутаг болон Улаанбаатар хотод арваннэгдүгээр сард зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотод өчигдөр эхлүүлсэн уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дарга Ц.Цэнгэл нээн үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг 2018 онд баталж, төслийн дараагийн үе шатыг энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглүүлж, албан болон албан бус боловсролын чиглэлээр институцийн чадавхийг бэхжүүлэх, бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад таниулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд олгох чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан нь төслийн тогтвортой байдлыг хангах гол бодлого болсныг онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top