Жижи Хадидыг ноолууранд дурлуулсан монгол дизайнер

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

 

Загварын хамгийн алдартай сэтгүүл VOGUE Монголын дизайнер бүсгүйг онцолжээ. Сэтгүүдийн Vogue.co.uk сайт өчигдөр /2018.11.28/ Жаргалсайханы Мандхайн үүсгэн байгуулсан “Мандхай кашмер”-ын тухай тун дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Энэ бол монгол ноолуур, монгол дизайнер дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсний баталгаа юм.

Дизайнер Ж.Мандхай

Бизнесийн салбарын манлайлагч, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайханы охин Мандхай нь 2014 оноос өөрийн нэрийн ноолуурын брэндийг үүсгэж, Лондонд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох чиглэлээр ч мэргэжил эзэшсэн аж. Ж.Мандхай 2017 онд "Culture Trip" сайтад өгсөн ярилцлагадаа  “Би ноолуурыг зөвхөн өндөр настай хүмүүс өмсдөг энгийн нэг зүйл мэтээр харах тэрхүү ойлголтыг өөрчилж байгаа гэж найдаж байна. MANDKHAI брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг маш орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно. Бас Монголын ноолуурын талаар хүмүүст мэдүүлж,  байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцасны сонголт өгч байгааг хүмүүс олж харна гэж найдаж байна. Монгол Улсад төрж өссөний хувьд, бас үйлдвэр дээрээ үргэлж очдог байсны хувьд би илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл санал болгож чадна гэдгээ мэдсэн. Би өөрийн түүх, ноолуур гэх энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинд харуулахыг зорьж байна” хэмээн онцолжээ.


Түүний загварууд Англид хэдийн танил болж, HUNGER, The Telegraph, Stella, Grazia, ELLE, Red, The Times, Style, Bazaar, VOGUE, InStyle мөн GLAMOUR сэтгүүл загварын буландаа онцолжээ. “Викториа секрет”-ийн сахиусан тэнгэр, дэлхийн хамгийн өндөр орлоготой моделиудын нэг Жижи Хадид MANDKHAI CASHMERE брэндийн үнэнч хэрэглэгч. Мөн Жижи Хадидын дүү, модель Белла Хадид, фэйшн директор Арабелла Гринхилл, Spice Girls хамтлагийн дуучин Жери Хорнер гээд олны танил алдартнууд монгол ноолуурын зөөлөн, дулаахан илчинд нэлээд мөнгөө зарцуулдаг аж.



Загварын хүрээлэлд нэгэнтээ танигдаж, мэдрэмжтэй фэйшниста, фэйшн блоггеруудын сонголт болсон MANDKHAI брэндээс Жижи Хадид MANDKHAI oversize загвартай ноолууран цамц эхлээд сонгож байжээ. Нью-Йорк дахь гэрээсээ гарч яваад папараццичдын дуранд анх өртсөн түүнд нэлмэгэр том цамц ихэд таалагдсан бололтой, хэд хэдэн удаа MANDKHAI-н цамцтай явж харагдсан. Энэ загварын цамцны албан ёсны онлайн дэлгүүр дээрх үнэ нь 895 фунт стерлинг (1160 ам.доллар). Түүний дүү Белла ч мөн MANDKHAI-гаас улаан өнгөтэй ноолууран цамц сонгосон байдаг.

Ж.Мандхайгийн бага нас аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан үйлдвэр дээр өнгөрчээ. Тиймээс багаасаа оёх техник, технологид суралцжээ. Түүний хувьд аавынх нь "Буян" үйлдвэр тоглоомын талбай нь байсан гэхэд болно. Vogue сэтгүүлд тэр ярихдаа “Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй. Учир нь би ноолууран дунд амьдардаг эмэгтэй шүү дээ. Үнэхээр азтай байгаа биз. Ноолуур бол хамгийн шилдэг даавуу” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.


*            *            *

 

MANDKHAI ӨМССӨН ОДУУД

 
1. MANDKHAI ороолт. InStyle сэтгүүлийн фэйшн директор Арабелла Гринхилл Миланы загварын долоо хоногт.


2. MANDKHAI урт ханцуйтай ноолууран цамц, юбка. Фэйшн блоггер Жулия Хагжу, Лондоны загварын долоо хоногт



3. MANDKHAI ноолууран цамц. Spice Girls хамтлагийн дуучин Жери Хорнер RED сэтгүүлийн 12 сарын дугаарт



4. MANDKHAI хослол. Жүжигчин Эмма Робертс



5. MANDKHAI кардиган. Фэйшн блоггер Таня Хергенханн

5. MANDKHAI Свитер, супер модель Белла Хадид

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top