Инфляци үүнээс илүү буурахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

"Өнгөрсөн дөрөвдүгээр сард жилийн инфляци Улаанбаатар хотод 4.2 хувь, улсын хэмжээнд 5.5 хувь гарсан нь их эерэг үр дүн. Үүнээс цааш инфляци буурах магадлалгүй" хэмээн Монгол банкны дэд захирал Н.Золжаргал сэтгүүлчидтэй уулзахдаа өчигдөр мэдэгдлээ.

Махны үнэ өсдөг онцлогтой энэ саруудад махны үнэ өсөөгүй, харин ч буурсан нь инфляцийг "хазаарлаж" чадсан нэг шалтгаан болжээ. Махны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар буурсан эерэг дүнтэй байна. "Энэ нь нөөцийн махыг сайн бэлтгэсэнтэй холбоотой. Урьд өмнө нь манай улс алдаг оног махны нөөцөө бэлддэг байсан бол, харин энэ жил сайн бэлдэж чадлаа" гэж тэрбээр хэлэв. Хэдийгээр ерөнхий индекс буурсан боловч бараа, үйлчилгээний үнийн түвшин өндөр хэвээр байгаа аж. Хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ өсч байгаа нь тэдгээрийн инфляцид үзүүлэх нөлөөг улам нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувь, согтууруулах ундаа, тамхиных 12.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 9.2 хувь, боловсролын үйлчилгээнийх 20.4 хувиар тус тус өссөн гэж Монгол банк дүгнэжээ.

Улирлын хэлбэлзэл ихтэй, түр зуурын нөлөөлөлд автан хэт их хэлбэлздэг бараа, бүтээгдэхүүнийг хэрэглээний сагснаас хасч "суурь инфляци"-ийг тооцоход суурь инфляци өмнөх сараас 1.3 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн байна. 2010 оны нэгдүгээр сараас хойш ерөнхий инфляциас илүү гарч байгаагүй суурь инфляци, сард ерөнхий инфляциас хоёр дахин өндөр гарсан байна. Үүнд хэрэглээний сагсны бүх бүлгүүдийн үнийн тогтвортой өсөлт жигд байдлаар нөлөөлсөн бөгөөд тэр дундаас хүнсний бүлэг, боловсролын үйчилгээ, хувцас, бөс бараа, гутлын бүлэг болон орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлт нь харьцангуй хүчтэй нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

Төгрөгийн ханш чангарсан хэвээр байгааг Монгол банк мөн тэмдэглэлээ. Өнгөрсөн жил 11 хувиар чангарсан төгрөгийн ханш энэ жил 2.5 хувь чангарсан гэнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top