Н.Тэгшбаяр: АН лидерүүдээ хөөлөө гэх юм, хэнийг явуулсан юм бэ?

 

Жавар тачигнасан өвлийн өдрүүдэд ч Монголын улс төрийн “халуурал” намжихгүй гэдгийг батлах үйл явдлууд хөвөрсөөр байна. МАН-ын хагаралаас эхэлсэн “Засаг унагах төлөвлөгөө” биелэлээ олоогүй нэг долоо хоног өнгөрсөн. Тэгвэл энэ үйл явдлаас улбаалж сөрөг хүчин дэх хагарал сэдэрлээ. Засгийн газрыг огцруулах намынхаа нэгдсэн байр сууринаас татгалзсан сөрөг хүчний гурван гишүүн шийтгэл хүлээж, нэг нь намаасаа хөөгдлөө. Нэг гишүүн нь намаас өөрийн хүсэлтээр гараад. Нам гэдэг нэгдэл төрийн дээр гарсны тод жишээг Ардчилсан нам энэ удаад нотлон харууллаа. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн оногдуулсан сахилгын шийтгэл  намыг нь Их хуралд бүлэггүй нөхцөлд хөтлөв. Намынхаа Их хурлын өмнө хийсэн түүний энэ нүүдэл зөв, буруу эсэхэд намын гишүүд нь дор бүртээ дүгнэлт хийж байга энэ цаг үед  Шинэчлэлийн Засгийн газарт Цөмийн энергийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Норовын Тэгшбаяртай ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газраас Шийдлийн Засгийн газарт шилжих мөчлөгт Цөмийн энергийн газар татан буугдаж, та ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд та юу хийж байв. Хувийн болоод хувьсгалын амжуулсан ажлыг тань сонирхмоор байна?  

-Цөмийн энергийн газар татан буугдаж, Ерөнхий сайдын хажууд ажилладаг комисс болсон. Ажил нь сайн яваа байлгүй гэж бодож байна. Миний хувьд энэ жил Монгол орны ундны усны уран, түүний физик химийн асуудал сэдвээр докторын зэрэг хамгаалж байна. Саяхан бүх зүйлээ цэгцэлж боогоод, урьдчилсан хамгаалалтад ороод дэмжигдсэн.

-Баяр хүргэе  

-Баярлалаа. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр анзаараад байхад гадны томоохон төслүүдийн нэг хэсгийг Монголд оруулж ирээд, түүнийгээ хамгаалаад байна. Яахав, энэ бол муу зүйл биш.  Гэхдээ бид өөрсдийн судалгаатай байх ёстой гэж үзсэн. Монгол Улсад үндэсний хэмжээнд бүх сумдаас ундны усны дээж авч, ураны байдлыг тодорхойлсон. Аль ус нь цэвэр, хаанахын ус цэвэр биш байна вэ гэдгийг тодорхойлж чадлаа.

-Сонирхолтой судалгаа хийсэн байна. Улаанбаатарын усыг судлахад ямар дүн гарах юм?  

-Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийн үндсэн гурван том цэгээс гарч байгаа ус Дэлхийн стандартад нийцсэн ус гэж ойлгох хэрэгтэй. Энийг ус судалж байгаа хүний хувьд хэлэхийг хүсч байна. Харин тэндээс гараад танай гэрт очихдоо ямар ус болоод очиж байгаа вэ гэдгийг хэлж таашгүй. 

-Таны хувийн ажлын тухайд докторын зэрэг хамгаалах гээд завгүй байгаа юм байна. Тэгвэл хувьсгалын ажил юу болж байна. Ардчилсан намынхаа шинэчлэлд гар бие  оролцож байна уу. Ямар албан тушаал хашиж байгаа вэ?  

-Намд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

Үргэлжлэл: Намын шинэчлэлийн тухайд сайн дүрэмтэй болсон гэж хэлнэ.  Шууд хэлье, хуучин бол Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн гэх хэдэн нөхдүүд дээгүүр сэвдэг товаришууд байдаг байж. Аймаг дээр очоод намын хорооны нөхөртэй хэдэн өдөр гайхамшигтай сайхан харилцаа үүсгэж байгаад л сонгогддог байсан. Одоо бол тийм биш. Намын бүх гишүүдээс сонгогдоно. Тэнд газар дээрээ хэр зэрэг ажиллаж байгаа вэ, яг юу болж, болохгүй байгаа вэ гэдгийг сонсдог, ойлгодог болсон. Энэ бол зөв алхам гэж бодож байгаа.  Өөр нэг чухал зүйл бол Засгийн газрыг бүтцийг дагуулаад зөвлөлүүд байгуулсан. Миний хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын зөвлөлд ажиллаж байна. 


ГИШҮҮН БИШ УЧРААС МИНИЙ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭЭГҮЙ

-Сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа үйл явдлуудтай холбоотойгоор сэтгүүлчид нэг асуултыг уулзсан улстөрч болгоноосоо асууж байна. Та ЖДҮХС-аас зээл авсан уу. Магадгүй,  танай Засгийн газрын үед хэрэгжиж байсан хөнгөлөлттэй зээлүүдээс та авч байсан уу?  

-ЖДҮХС-аас авсан хөнгөлөлттэй зээл байхгүй.  Өмнө нь өөрийн нам Засаглаж байхад 888 төсөл шалгаруулах зээлд хамрагдах гээд материал өгч байсан. Миний өгсөн төсөл шалгараагүй лдээ.

-Ямар төсөл өгсөн юм?  

-Монголчууд зэсийн концентрацийг тэр чигт нь буюу түүхийгээр нь ямар ч боловсруулалт хийлгүй, нэмүү өртөг шингээхгүйгээр экспортолж байна шүү дээ. Миний өгсөн төсөл цэвэр зэс гаргаж, бүтээгдэхүүн болгон экспортлох төсөл байсан юм. Энэ бол ion Exchange технологи дээр үндэслэсэн, маш ирээдүйтэй төсөл байсан. Үнэндээ Монгол Улс оюунлаг толгойнууд болох технократуутынхаа нөөцийг бүрэн шавхаж ашиглах байдлаар хөгжиж чадахгүй байна. Энэ миний харамсаж явдаг зүйл.

-Үнэхээр сайн төсөл байсан юм бол яагаад шалгараагүй гэж та бодож байна.  Танай нам  засаглаж байсан үе гэхээр сонин сонсогдож байна?

/Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

-ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл авсан улстөрчид уучлалт гуйгаад, авсан зээлээ төлчихөөд асуудал цэгцэрнэ гэж ойлгоод байх шиг байна. Үнэхээр уучлалт гуйгаад өнгөрчих асуудал гээд ойлгочих юм уу. Ёс зүйн алдаа юм уу? 

-Гурван хувийн зээл авчихаад 30 хувиар хүүлээд байвал ёс зүйн алдаа болно. Хадгаламж зээлийн хоршоотой байгаад түүгээр төрийн мөнгийг дамжуулан хүүлж байгаа бол гарцаагүй ёс зүйн алдаа. Харин миний хэлдгээр нэг ам.долларын бүтээгдэхүүнийг боловсруулж, 100 ам.доллар болгодог төсөл байвал яая гэхэв дээ. Тийм биз дээ.  Бүх төслүүдийг шалгаж, ус, тосыг нь сайтар ялгаад, нэг талд нь гаргах хэрэгтэй. Үнэхээр зээлийн шаардлага хангасан компани мөн үү, биш үү гэдгийг шалгаж, зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоох ёстой. Өрнөж буй үйл явдлуудыг хараад байхад нэг зүйлийг гайхаад байгаа юм. Тэр хүмүүс уг нь үйлдвэр байгуулах хэрэгтэй гээд зээл авсан биз дээ. Гэтэл Ерөнхий сайдыг "Та нар төлөөрэй" гэж хэлэнгүүт нь л маргааш нь гүйж очоод төлчихөж байна гэдэг чинь үйлдвэр байгуулахын тулд зээл аваагүй гэж ойлгогдоод байгаа юм. Үйлдвэр байгуулах гэж зээл авсан бол аль хэдийнэ зээлийн мөнгө тоног төхөөрөмж, ажилчдын цалин болчихсон байх ёстой биш үү. Яагаад тэр мөнгө бэлнээрээ тухайн улстөрчийн түрийвчинд байж байдаг билээ. Тэгэхээр энэ бол логикийн алдаа.

ХӨГШИН, ЗАЛУУ ХОЁР "МАНАН"


-ЖДҮХС-аас эхэлсэн үйл явдлууд МАН-ыг хагаралдуулж, Засгийн газраа ганхуулж амжлаа. Эрх баригчдын энэ хагарал сөрөг хүчнийг ч хагаралдуулж байна.  Гурван гишүүндээ сахилгын шийтгэл оногдуулаад, нэгийг нь хөөчихлөө. Шийтгэл хүлээсэн гишүүн нь намаасаа гарах хүсэлтээ өгчихлөө. Эдгээр үйл явдлыг хараад байхад эрх баригч, сөрөг хүчин хоёул төрийн дээр нам байдаг гэдгийг баталчихлаа гэж дүгнэх хүн олон байна?  

-Энэ асуултыг ийм шийдвэр гаргасан хүмүүсээс асуух хэрэгтэй. Ардчилсан намд дүрэм сахиулдаг газар гэж бий. С.Эрдэнэ ганцаараа гаргасан шийдвэр биш. Ер нь бол нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Улс улс шиг байхын тулд, нам нам шиг байхын тулд нам нь дүрмээ баримталж, улсыг удирдаж байгаа хүмүүс нь хуулиа л дагах ёстой юм.  

-Түмнийг төлөөлөх үүргээ биелүүлснийхээ төлөө, намаасаа шийтгэл хүлээгээд байж болохгүй биз дээ. Намынхаа эрх ашгийг биш, сонгогчдын эрх ашгийг дээдэлнэ гэж сонгогдсон хүмүүс Их хуралд сууж байгаа гэж ойлгодог?  

-Таны хэлдэг зөв. Хоёр үзүүртэй зүү гэж ойлгох хэрэгтэй. Тухайн гишүүний үндсэн үүрэг бий гэдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ тэр хүнийг хэн дэвшүүлж, Их хуралд суулгасан бэ гэдгийг орхиж болохгүй л гэж хэлэх гээд байна. Нөгөөтэйгүүр, үзэл бодлоороо нэгдээд явж байгаа бол намынхаа дүрмийг дагах л ёстой.

-Дүрмийнхээ шинэчлэлийг дагаж мөрдөхийг та дэмждэг болсон байна. Хоёр жилийн өмнө бол та  ийм зүйл ярьдаггүй байсан.

/Үргэлжлэлийг видео хэсгээс үзнэ үү!/

-Намын дүрмээ дагаж байна гээд намынхаа лидерүүдээс салаад байгаа нь хэр зөв алхам бэ. Эсхүл намаас чинь гараад байгаа улстөрчдийг лидер биш гэж үзээд байна уу?  

-Яг лидерүүд гэж хэнийг явуулаад байгаа юм бэ. Ж.Батзандан 180 мянган хүний нэг л байх.

-Л.Болд гишүүний тухайд?  

-Л.Болд гишүүнийг чинь Ардчилсан намаас хасаагүй шүү дээ.

-Бүлгээсээ гарна гэснийхээ дараа намаасаа гарах шийдвэр гаргачихлаа шүү дээ? 

-Л.Болд гишүүнийг намаас гаргах шийдвэрийг АН гаргаагүй биз дээ. Үнэхээр буруу гэж үзэж байгаа бол түүнийгээ тайлбарлаж болно. Хүсэлтээ өгөөд хэлэлцүүлэх гарц нь нээлттэй байгаа. Ер нь бол зарчмын зөрүү манай намд хэзээд ч байсан. Цаашид,  ирээдүйд ч байсаар байх болно. Агуулгаараа ардчилал, хүний эрхийн төлөө явж байгаа хүмүүсийн нэгдэл гэж хардаг.  Гэхдээ болж өгвөл, хэрэлдээд байлгүй уулзаж суугаад учраа олдог байгаасай гэж боддог юм.

-Намаасаа хөөгдсөн болоод шийтгэл хүлээсэн хоёр гишүүн чинь МАНАН-тай эвлэрэхгүй гэж хэлээд, Засгийн газрыг огцруулахгүй гэж шийдсэн гэж байр сууриа илэрхийлсэн. Ер нь МАНАН гэж байна уу?  

-Ахмадууд нийлэхээрээ том МАНАН. Залуучууд нийлэхээрээ жижиг МАНАН үүсчихээд байдаг юм уу даа. Хоёр намд байгаа хэрнээ нэгдчихээд улсыг цөлмөөд байгаа нь яав ч сайн зүйл биш. Жишээлбэл, төрийн мөнгөөр хайгуул хийгдсэн "Эрдэнэт" үйлдвэрээс том Цагаан суваргын ордыг нэг гэр бүл авсан байна. Энэ ордын 20-30 хувийг нь ард түмэнд өгөх хэрэгтэй. Улс энэ гэр бүлд өргүй. Харин энэ гэр бүл улсад өртэй гэдэг нь үнэн. Хуулийн дагуу шударга бизнес хийж байгаа хүнийг ардчилсан нийгэм дэмжих ёстой. Үндсэн хууль зөрчиж, газрын дор байгаа баялаг ард түмний өмч гээд заачихсан байхад ганц гэр бүл аваад байна гэдэг нь шударга бус гэдэгтэй бол би санал нийлнэ.

-Цагаан суваргын ордыг нэг гэр бүлийн эзэмшилд өгсөн шийдвэрийг танай нам засаглаж байхад гаргасан шүү дээ?  

/Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/


 М.Батхишиг

Д.Даяндалай

WWW.ZINDAA.MN

Go to top of page