АНУ ОХУ-д цөмийн гэрээг биелүүлэх 60 хоногийн хугацаа өглөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

ОХУ дунд болон ойрын тусгалтай цөмийн пуужин устгах тухай гэрээг биелүүлэхгүй тохиолдолд АНУ тус гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсооно гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Брюссель хотноо болсон НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

60 хоногийн хугацаатай тулган шаардах бичгийг ОХУ-д хүргүүлсэн байна. Энэ хугацаанд АНУ дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужин үйлдвэрлэх, байрлуулах алхам хийхгүй гэж тэрбээр онцолжээ.

Түүний хэлснээр, Москва SSC8 пуужинтай хэд хэдэн дивиз байгуулсан нь тус гэрээг зөрчиж байна гэж Вашингтон үзэж байгаа юм.

НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар тус гэрээний талаар мэдэгдэл мөн гаргажээ. АНУ тус гэрээг бүрэн хэрэгжүүлж байгаа гэж тэд үзсэн бөгөөд ОХУ-ын талаас энэхүү гэрээний заалтуудыг зөрчиж байна гэж онцолжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова М.Помпеогийн мэдэгдлийн хариуд “ОХУ тэрхүү гэрээний зүйл заалт бүрийг бүрэн биелүүлж байгаа. Үүнийг АНУ ч мэдэж байгаа”, гэж мэдэгдэв.

2018 оны аравдугаар сарын 21-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ тус гэрээнээс гарах тухай мэдэгдсэн билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гансүх(150.129.142.223) 2018 оны 12 сарын 05

АНУ энэ болон бусад гэрээнээс өөрсдөө гарсан учраас ийм зүйл ярих эрх үүсэхгүй.

0  |  0
Top