Хотын парламент нийслэлчүүдэд ЯМАР ТӨСӨВ АМЛАВ!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

 

Нийслэлийн орлого 150 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит XX хуралдаан өчигдөр /2018.12.05/ болж, бидний амьдарч буй нийслэл хотын ТӨСВИЙГ хэлэлцлээ. Угтаа бол энэ хэлэлцүүлэг Улаанбаатарын хүн бүрт хамаатай юм.

Хуралдааны эхний хэлэлцүүлгээр “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцсэн.

Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоолол хийсэн байв. 

Ер нь, НИТХ-д УИХ-ын багасгасан хувилбар аятай улстөржилт өрнөдөг тийм жаягтай ч гэхүү  дээ. Хотын парламентад НИТХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн байр, сууриа хамгаалж, янз бүрийн  мэдэгдэл хийдэг. Тийм маргаанууд дундаас анхаарал татсан нэг зүйл нь дахин төлөвлөлт. Энэ асуудалд хамгийн их бухимдсан хүн нь хотын өмнөх дарга, өдгөө НИТХ-ын гишүүн Э.Бат-Үүл байв. Аргагүй ээ. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлт түүний нэр дээр хаяглагдаж ирсэн учраас бухимдахаас ч яахав. Нийслэлийн орлого жилд 150 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг зарим төлөөлөгч хэлсэн. Тэр хэрээр төсөв, зарлага ч өсөх байх. 2016 онд 460 тэрбум төгрөг бүтээн байгуулалтад зарцуулж байсан бол эл зардал 2019 онд 796 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөв гэхэд л 2019 онд 422.9 сая төгрөг байгааг НИТХ дахь АН-ын бүлгийнхэн ихэд шүүмжилж байлаа.

Дахин төлөвлөлтөд тусгасан 40 тэрбумыг ЦУЦАЛЖЭЭ

Хотын экс дарга Э.Бат-Үүл нэлээд бухимдалтай байв. Мэдээж, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор тэр бухимдсан.

Э.Бат-Үүл "Төсвийн хөрөнгийг буруу төлөвлөсөн. Гэр  хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө хуваарилаагүй байна. Удаа дараа би хэлж байсан. Улстөржилт хэтэрсэн учраас 400-500 орчим айл, өрх өнөөдөр орох оронгүй болчихсон байгаа. Тэд охирсон. 2016 оны сонгуулиар Ардын нам олонхи болж, Улаанбаатар хотын Засаг даргыг томилсон. Ингээд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дуусгахаар тусгасан байсан 40 тэрбум төгрөгийг хүчингүй болгочихсон. Онд багтаж дуусах байсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дутуу орхигдож, газраа чөлөөлж өгсөн 500 орчим хүн хохирч үлдсэн. Энэ бүхэн зүгээр л улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл гэдэг нь тодорхой. НИТХ Ардчилсан намын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд тусгасан байсан мөнгийг 2019 оны төсөвт буцаан суулга гэсэн шаардлагыг тавьж байна" гэсэн юм. 

Үүний хариуд Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү "2019 оны хотын төсвийн төсөлд нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтүүдийг байх ёстой байршлууддаа байна гэж тусгасан. 2019 онд төлөвлөсөн ажлуудаа л гүйцэтгэнэ. 20 гаруй байршилд дахин төлөвлөлт хийгдэж, зарим гүйцэтгэгч компани ажлаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадамжгүй болсны улмаас шалгаруулалтыг цуцалж, дахин явуулсан. Дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхээр зохих хэмжээний төсвийг бид суулгасан. Ингэхдээ агаарын бохирдлыг давхар шийдсэн байдлаар явна” гэж мэдэгдэнэ лээ.  


Хүний эрх ЗӨРЧСӨН дахин ТӨЛӨВЛӨЛТ

Хотын хэмжээнд 24 байршилд нийт 75 блогт 1500 гаруй га газрыг хамарсан бүтээн байгуулалт хийж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд голдуу дэд бүтцийн ажлыг шуурхайлсан гэж ойлгогдов. Хот тэрхүү 24 байршлынхаа 16-гийнх нь дэд бүтцийн асуудлыг шийдчихсэн гэдгийг одоогоос гурван жилийн өмнө НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга хэлж байсан юм. Ийм шуурхай явж байсан ажил яагаад зогсов.

Энэ хооронд зарим компани иргэдээс газрыг нь авч, байшингийнхаа суурийг цутгаад 2-3 жилийн  нүүр үзсэн. Газраа чөлөөлж, богино хугацаанд орон сууцанд орно гэсэн иргэд үүгээр, түүгээр тэнүүчилж амьдарсан. Энд төрийн алдаа ч бий. Түр амьдрах Түрээсийн орон сууц, байраар иргэдээ хангаагүй. Уг нь нийслэлийн зүгээс дахин төлөвлөлт хийгдэх байршлуудад дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөхөөр анхнаасаа тусгасан юм билээ. Гэвч ажил үхэр тэрэгний хурдаар сажилсаар өнөөдрийг хүрчээ. Эцэс сүүлдээ Хүний эрхийн үндэсний комиссын анхааралд өртөх хүртлээ асуудал хүндэрч байгаа.

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д Монгол хүний эрх,  эрх чөлөөний асуудлаарх 17 дахь жилийнхээ илтгэлийг танилцуулсан. Үүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тогтоолоор Засгийн газарт илтгэлийг хэрэгжүүлэх тухай үүрэг, чиглэл өгдөг. Энэ удаагийн илтгэлд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэдийн асуудал хөндөгдсөн нь ноцтой зүйл юм.

Нэгэнт эхлүүлсэн ажлынхаа араас санаа зовинож хөөцөлдөх нь зүйн хэрэг. Харин хэтэрхий их улстөржүүллээ гээд үр дүнд хүрэх нь юу л бол... Э.Бат-Үүл дарга хүний эрх, эрх чөлөөг хамгийн их ярьдаг. Хамгаална гэдэг. Харин одоо 200-300-гаар тоологдох хүн орон оронгүй болж, эрхээ зөрчүүлж байгаа нь нийслэлчүүдийн хувьд хамгийн ЭМГЭНЭЛТЭЙ сэдвийн нэг болоод байгаа шүү.


НИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлгийн өчигдрийн /2018.12.05/ хуралдаанаар төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлж хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн. Тухайлбал,  хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хэрэгжүүлэхээр тусгасныг хурал дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож, бууруулах санал гаргасныг дэмжив. Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг дөрөв болгон бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм.

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн санал  дэмжигдлээ. Харин “Уншлагын дэмжих 2021” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах  саналыг төлөөлөгчид дэмжээгүй. Ингээд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан.

2019 ОНД

  • Хотын шуудын нийт орлого 796.1 тэрбум, Үүнээс
  • Татварын орлого 628.4 тэрбум,
  • Татварын бус орлого 144.5 тэрбум,
  • Тусламжийн орлого 23.1 тэрбум байх аж.

Харин Хотын шуудын 2019 оны төсвийн жилд зарцуулах зарлага 609.3 тэрбум төгрөг байна. Мөн нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөв шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгажээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.247) 2018 оны 12 сарын 06

АН төсвийн талаар иргэдэд худлаа мэдээлэл өгч хорлоно шүү, аливаа ажлыг харлуулж сүйтгэж л байвал ханадаг нам

0  |  0
Top