Улаанбаатар хот улсын наадамдаа 3 тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ХХ хуралдаанаар өчигдөр /2018.12.05/ 2019 оны төсвийн II хэлэлцүүлгийн хийх үеэр зарим төлөөлөгч "Төсвийн зардлыг үр дүнгүй байна" гэж шүүмжилсэн юм. Тухайлбал, нийслэлийн "Шинэ төв" рүү нүүх тэрбум төгрөгийн зардлыг танаж, 500 сая болгох,  хоёрт  “Сервес центр” байгуулах 20 тэрбум төгрөгийг 10 тэрбум болгож бууруулан, хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд тусгах зэрэг санал гаргаж байлаа. Нийслэлийн төсвийн талаар нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Хотын шинэ төв барих зардлаас зохих хэмжээнд танах ёстой гэж зарим төлөөлөгч үзэж байна. Яг хэдэн төгрөг тусгагдсан юм бэ?

-Хотын 2020 оны төлөвлөлтөд Яармагийн дэнжид "Шинэ төв" байгуулахаар тусгасан. Үүний дагуу хөрөнгө мөнгө нь шийдэгдэж байгаа юм. Нийтдээ 59.8 тэрбум төгрөг тусгасан.

-Барилгын ажил нь эхэлсэн юм уу?

-Байршилд нь барилгын ажил эхэлсэн. 2019 онд барилгын эхний ээлжийг бүрэн ашиглалтад оруулна. Хотын мэдлийн зарим барилгыг дуудлагаар худалдах байдлаар зардлыг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

-Нүүлгэлтийн зардлыг нэг тэрбум төгрөг байна гэж үзсэн юм уу?

-Барилгад шаардлагатай дулааны тоног төхөөрөмж суурилуулах, зөөвөрлөх, барилга байгууламжийн нүүлгэлтэд зориулж тэрбум төгрөг төсөвлөсөн. Зөвхөн төрийн албан хаагчдын компьютер, ширээ, сандал зөөх зардал биш л дээ.

-Үндэсний их баяр наадамд зориулж хотын төсвөөс гурван тэрбум төгрөг гаргахаар тусгасны шалтгааныг тайлбарлана уу?

-Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө санхүүг шийдэж, нөөц хөрөнгөнөөс гурван тэрбум төгрөг тусгадаг байсан. Энэ жил УИХ Монгол Улсын төсвийг батлахдаа нийслэлийн төсвийн хөрөнгө дээр гурван тэрбум төгрөгийг тусгаж баталсан. Түүнийг л наадамд зориулж байгаа юм. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор баяр наадмын үеэр явуулах соёл, урлагийн арга хэмжээ буюу наадмын нээлт, хаалт зохион байгуулах байгууллага, компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж эхэлнэ. Сонгон шалгаруулалтын цаг, хугацааг урт байлгах шаардлагатай гэж үзсэн.


Дашрамд тодотгоход, НИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлгийн өчигдрийн /2018.12.05/ үдээс хойшхи хуралдаанаар төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлж хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн. Тухайлбал, хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хэрэгжүүлэхээр тусгасныг хурал дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож, бууруулах санал гаргасныг дэмжив. Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг дөрөв болгон бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм.

Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн санал дэмжигдлээ. Харин “Уншлагын дэмжих 2021” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах саналыг төлөөлөгчид дэмжээгүй. Ингээд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан.

2019 онд

Хотын шуудын нийт орлого 796.1 тэрбум, Үүнээс

Татварын орлого 628.4 тэрбум,

Татварын бус орлого 144.5 тэрбум,

Тусламжийн орлого 23.1 тэрбум байх аж.

Харин Хотын шуудын 2019 оны төсвийн жилд зарцуулах зарлага 609.3 тэрбум төгрөг байна. Мөн нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөв шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгажээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top