ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ЖДҮХС 56 тэрбум төгрөгийн НАЙДВАРГҮЙ зээлтэй

Нийгэмд талцал, хардлага, сэрдлэг үүсгэсэн төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн дуулиан дарагдах болоогүй байна.  Хууль хяналтынхан ЖДҮ-чдийг шалгаж, үүнтэй зэрэгцэн хаа сайгүй маргаан, мэтгэлцээн үргэлжилсээр...

Сангийн яам, ХХААХҮЯ, МҮХАҮТ, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага, төр ба хувийн хэвшлийн төлөөллүүд өнөөдөр (2018.12.06)  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг цаашид хэрхэн эрх зүйн хувьд чадамжтай, боловсронгуй болгож сайжруулах талаар санал солилцож байна.

“ЖДҮХС: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэгт салбар, салбараас төлөөлөл оролцож, санаа оноогоо хэлж байна. Тус сангаас 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгожээ. Үүнд төрийн түшээдийн нэр хүртэл холбогдсон нь өндрөө авахад хүргэснийг уншигчид мэдэж буй. Үйлдвэрлэгч эрхлэгчдэд тулгардаг хүндрэл бэрхшээл, гадаад оронд ЖДҮХС-г хөгжүүлсэн туршлага, төрийн бодлогын хэрэгжилтэд ямар асуудал тулгарсан зэрэг олон зүйлийг хөндөж ярилцаж буй хэлэлцүүлгийн үеэр зарим төлөөллийн саналыг сонссон юм.

*  *  *

Ж.ЭРХЭМБААТАР: 86 ХАРИУЦАГЧИЙН 70 ОРЧМЫНХ НЬ ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ

(Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч)


-Та хэзээнээс ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн баримт бичиг дээр ажиллаж эхлэв?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл иргэдийн амьдралд нөлөөлдөг, амьдралыг нь дээшлүүлэхэд тус нэмэртэй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хуульч хүний хувьд ЖДҮХС-гийн зээлийн эрсдэл, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулж ирсэн. Манай хуульчид 1997, 1998 онд  олгосон зээлүүдийн эргэн төлөлт дээр ажиллаж байсан л даа.

-Ингэж ажиллах явцад засч залруулмаар ямар зүйл ажиглагдав?

-Зээл олголт удаашрах тусам эргэн төлөгдөх нөхцөл нь өндөр эрсдэлтэй болдог. Шалтгаан нь бүтцийн өөрчлөлтүүд хийгддэгтэй холбоотой. Олон удаа дарга, удирдлагууд нь солигдоно. Өөр байгууллагад шилжин ажиллана.  Дарга нар солигдохоор бичиг баримтууд дутдаг, устдаг. Ийм эрсдэл бодитой тохиолдож байсан. Эргэн төлөгдөх зээлийн хугацааны хөөн хэлэлцэх хугацаа дуусах жишээтэй.

-Та бүхэн хэдэн хэрэг дээр ажилласан бэ?  

-Тухайн үед 86 хариуцагчтай холбоотой авлага барагдуулах ажлыг хийх явцад 70 орчим хувийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан, эзэн холбогдогч нь нас барсан, байгууллага нь татан буугдсан, үл хөдлөх хөрөнгө нь алдагдсан гэх зэргээр хэргийг  хэрэгсэхгүй болгосон байсан. Авсан зээл эргэн төлөгдөөгүй гэсэн үг.

-Цаашид юун дээр анхаарах  ёстой вэ?

-ЖДҮХС 860 тэрбум төгрөгийн зээл олгосон. 56 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй гэж дурдагдаж байна. Энэ нөгөө шүүмжлээд байгаа өндөр албан тушаалтнуудын ЖДҮХС-гаас авсан зээлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Ийм эрсдэл үүсчихжээ. Тиймээс одоо зээлийн удирдлага, эрсдэлийн удирдлага дээр анхаарах шаардлагатай.

-Зээлийн эргэн төлөгдөх хугацаа ямар байдаг вэ?

-1990, 1991 онд авсан зээлийг 2010, 2012 онд эргэн төлүүлэхээр хөөцөлдөж байсан түүхтэй. Одоо эрсдэл үүссэн эдгээр зээлийг бүтцийн өөрчлөлтөөр хугацаа алдаад дахиад 10 жил болгохыг үгүйсгэхгүй. Тэгвэл аюултай. Уг нь энэ санд зээл, хүүтэйгээ эргэн төлөгдөөд, дараагийн шинэ үйлдвэрлэгчид очиж, шинэ ажлын байр бий болгоод явах учиртай. Үүнд л анхаарлаа хандуулахыг хүсч байгаа юм.

*  *  *

 М.ЭНХ-АМАР: “КАПИТАЛ” банкны ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ өндөр байна

(ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон  гүйцэтгэгч)


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг  шууд салбарын сайдын мэдэлд нь шилжүүлсэн байгааг тайлбарлана уу?

-Сайдад  журам батлах эрх өгсөн тушаал гарсан байдаг. Журамд арилжааны банк болон ЖДҮХС-гаас зээл олгоно гэж заасан байдаг.

-Одоогоор сангийн зээлийн эргэн төлөлт ямар хэмжээнд байгаа вэ?

-Миний авсан мэдээллээр эргэн төлөлтийн 50 тэрбум гаруй төгрөг хийгдээгүй. Эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй байгаа.    

-ЖДҮХС-гийн чанаргүй зээлд ямар байгууллагын зээл голчлон нөлөөлж байгаа юм бол?

-“Капитал” банкны авсан зээлийн хугацаа хэтэрсэн байдал нь эрсдлийн өндөр үзүүлэлт болж байгаа. Хувь хүмүүсийн авсан зээлийн эргэн төлөлт 95 хувьтай гарсан гэсэн судалгаа бий.

-“Капитал” банк хэзээнээс эхэлж зээл авсан юм бэ?

-Тэр тухайд тодорхой мэдээлэл алга. Сүүлийн  хоёр сарын хугацаанд “Капитал” банк  хоёр тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэсэн.

-ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангаас хэдэн төгрөгийн зээл, тусламж  өгсөн байдаг вэ?

-Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих зэрэг сангаас иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид ургац хураалтын үеэр зээлээ эргэн төлдөг.  Авлага нэлээд бий.

*  *  *

Т.Баярхүү: Зээлд хамрагдаагүй 800 ТӨСӨЛД дүн шинжилгээ ХИЙЖ БАЙНА

(Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга)


 -ЖДҮХС-гийн зээлийн шалгалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?

-Авлигатай тэмцэх газар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэл нээсэн хэргүүд тусдаа бий.

-Төсөлд шалгараагүй 800 аж ахуйн нэгжийг та бүхэн судалж байгаа юу?

-Шалгалтын нэг хэсэг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч чадаагүй 800 аж ахуйн нэгж, байгууллагын  санал, хүсэлтэд дүн шинжилгээ хийж байна. Үнэхээр шаардлага хангаагүй юм уу, баримт бичиг нь дутуу байв уу, шаардлага хангаагүй гэсэн хариулт нь үнэн байсан уу гэх мэт зүйлсийг тодруулж байна. 2-3 төрлөөр харьцуулж, дүн шинжилгээ хийж байгаа.

-Шалгуурт тэнцээд зээл авчихсан 222 төслийн тухайд харьцуулалт хийх үү?

-Зээл авсан 222 төсөл, шалгуурт тэнцээгүй 800 төслийг хооронд нь харьцуулж байгаа. Төслийг ямар хүмүүс ирүүлдэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр хэдэн хүн төсөл ирүүлсэн зэргийг тодруулж байна. Ерөнхийдөө бүх талын судалгаа хийгдэж байгаа.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

zochin [ 202.126.89.89 ]      |     Баасан, 08:23 минутанд

Буцааж өгөхгүй,төлөхгүй гээд байгаам уу хэ хэ авах ёстой хүмүүс нь авч эх орноо хөгжүүлэгдээ айн сонин увайгүй хүмүшс байхымаа.

Зочин [ 202.9.43.220 ]      |     Баасан, 01:11 минутанд

Зээлээ иргэд төлөх хэрэггү юм байна капитал баярск констракшнаар мөнгө угаадаг шалгах ххэрэгтэй капитал банк хамгиин муу менежменттэй банк заавал төлүүл иргэд зээл талөх хэрэггшй юм байна

тт [ 150.129.141.120 ]      |     Пүрэв, 16:49 минутанд

Наад дарга нарынхаа идсэн уусан,орд газар авч дамласан том хэргуудээ шалгаачээ.

бб [ 150.129.141.120 ]      |     Пүрэв, 16:48 минутанд

холион бантан боллоо доо.Одоо ядарсан ААН уудээ дарамтлаад сэлэм эргуулээд эхэллээ

Go to top of page