Д.Одонгоо: Үйлчлүүлэгч хэрэв толины өмнө инээмсэглэхгүй бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй

“Оддын үсчин” гэх тодотголыг олон жилийн өмнөөс, тодорхой хэлбэл 20-иод жилийн турш эзэгнэж буй “Vidal” салоны захирал, хатагтай Д.Одонгоотой ярилцлаа. Мастер үсчин Д.Одонгоогоор үс засалт, дүр төрхөө тодорхойлуулж үзээгүй урлаг, соёл, улс төр, спортын алдартныг олоод ир гэвэл өдрийн цагаар тэнгэрээс од хайхтай адил гэж ярьдаг нь үнэнээс хол зөрөхгүй биз ээ. 27 жил үсчин, гоо сайхны салбарт бизнес эрхэлж байгаа “Оддын үсчин” бүсгүй “Одонгоо” салоныхоо 20 жилийн ойг тэмдэглэхээр завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Үсчин, гоо сайхан, гоо зүйн бизнесийг ийм амжилттай, ийм удаан хугацаанд эрхэлнэ гэдэг бол нэр төртэй амжилт. Тийм ч учраас салоны 20 жилийн баярт зориулж Монголын тэргүүлэх зэргийн үсчид нэг дор цуглан, Монголын рок попын одод нэгэн тайзнаа чуулж, бэлэг барихаар болжээ.


-Юуны өмнө танд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын бүх одод танд, танай гоо сайхны төвд хүндлэл үзүүлж, маш том, өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт зохион байгуулахаар нэгджээ. Энэ талаар таниас эхлээд сонирхоё?

-Баярлалаа. Бид тоглолтын бэлтгэл ажилдаа ороод тунчиг завгүй байна. Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тоглолт болно. Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн шоу үзүүлбэр болно. Рок, поп урлагийн маш олон уран бүтээлч ирж оролцохоо мэдэгдээд байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Би 1997 оноос эхэлж урлаг, соёлынхонтой хамтарч ажилласан. Тэд бол тайзан дээр, олны өмнө, үзэгчдийнхээ дунд маш сайхан харагдах эрхтэй, үүрэгтэй хүмүүс. Хорин жилийн өмнө би рок поп одод, дуучдын клип, тоглолтын ард ажиллаж, тэдний гадаад төрх, имижэд өөрчлөлт хийдэг байсан бол өнөөдөр үсчин, гоо сайханчид маань хэрхэн өсч дэвжсэнийг, ямар гайхамшигтай чадвартай болсныг харуулах гэж байна. Манай салоноос төрж гарсан үсчид, Монголдоо төдийгүй Ази, Европын шагналтай, нэр хүндтэй газарт ажиллаж байсан үсчид, дэлхий болон ази, европын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан монгол үсчид энэ шоуны гол баатрууд байх болно. Маш сонирхолтой, дуу алдуулсан үзүүлбэртэй энтертайнмент арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. “Одонгоо” салоны 20 жилийн ойд хүндэтгэлтэй хандаж байгаа бүх уран бүтээлчдэдээ баярлаж байгаа.

-Тоглолтын гэнэтийн бэлэг, магадгүй одоохондоо нууцалж байгаа хэсгийг багаханыг задалж болох уу?

-Сюрприз дүүрэн байна аа. Шоу тоглолтоос өмнө бид өөр нэг чухал ажил төлөвлөсөн байгаа. Түүнийгээ ярихгүй бол болохгүй. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 10:00-14:00 цагийн хооронд маш олон үсчид нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудын үсийг үнэ төлбөргүй засч өгнө. Орон даяар шүү. Бидний энэ санаачилгыг “Одонгоо” салон, “NINE” клуб болон Мэргэжлийн үсчин гоо засалчдын холбоонд харьяалагддаг 13 үсчний салбар, 21 аймаг, сумдын үсчид  дэмжиж оролцоно. Бусад үсчин, гоо сайханчдадаа ч мөн яг энэ өдрийн энэ цагт бусдыг баярлуулж, гоё сайхан харагдуулах гэгээлэг санаачилгад нэгдэхийг хүсч байна.  

-Саяхан Үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах улсын тэмцээн болж өндөрлөсөн. Танай салоныхон яаж оролцов?

-Манайхан эрэгтэй creative болон эмэгтэй үсний тайралт, хумс будалтын төрлөөр оролцсон. Монголын үсчин, гоо сайхан, хумс дизайн урлалын аварга шалгаруулах тэмцээнээс “Одонгоо” салоны үсчин Б.Уртнасан хоёр медаль хүртсэн. Ер нь жил бүр л манайхан маш амжилттай оролцдог.

-Таныг “Оддын үсчин” гэж нэрлэдгээс болоод жирийн иргэд үйлчлүүлэхэд хэцүү юм шиг ойлголт хүмүүст байдаг. Олдохгүй, маш завгүй гэдэг ч юм уу?

-Үсчин хүн өөрийг нь зорьж ирсэн ямар ч хүнд үйлчлэх үүрэгтэй. Би ажлынхаа байранд байж л байвал хүн бүрт нээлттэй үйлчилдэг. Үйлчлүүлэгч бол хаан. Над дээр Монголын улстөрчид, томоохон бизнес эрхлэгчид, маш олон олны танил хүмүүс ирж үйлчлүүлдэг. Цалингаа буухаар үйлчилгээний хөлсөө өгье гээд ирдэг үйлчлүүлэгчид нь байдаг. Миний “Оддын үсчин” гэдэг “овог” хүмүүс, хэвлэлийнхний өгсөн тодорхойлолт болохоос Д.Одонгоо энгийн хүмүүстэй харьцдаггүй гэсэн үг ерөөс биш шүү. Би бүх хүнд тэгш үйлчлэх үүрэгтэй. Тэгэх ч дуртай.


Үйлчлүүлэгч бидэнд тэргүүнд нь хүрэх эрх өгдөг учраас үсчин хүн алдах эрхгүй

 

-Таныг олны танил хүмүүс зорьж ирдэг болсноос хойш та бусдаас илүү ямар давуу тал байна гэж өөрийгөө үнэлж байсан бэ? Анх олонд танигдсан 20-иод жилийн өмнөх үеийг асууж байгаа юм.

-Бусдын нууцыг хадгалах, үйлчлүүлэгчээ хүндэтгэх үзэл намайг олонд таниулсан болов уу гэж боддог. Гол нууц нь ердөө л энэ. Оросын алдарт үсчин Долорст “Хүний үсний үзүүрт тухайн хүний сайн, муу бүх энерги шингэсэн байдаг. Тийм болохоор хүн үснийхээ үзүүрийг сар болгоны шинийн 15-наас өмнө авч байх ёстой” гэж хэлсэн байдаг юм билээ. Гэтэл манай бүсгүйчүүд хэдий хугацаанд үсээ тайруулах, өөрийгөө сэргээх ёстойгоо тэр бүр мэддэггүй. Энэ мэт зөвлөгөөг би үйлчлүүлэгч бүртээ мэдүүлэхийг хүсдэг. Би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хааяа яарч, сандарсан  үйлчлүүлэгч орж ирээд, “Хэлбэр, загвар нь хамаагүй ээ, ямар ч байсан яахав. Янзлаад л өг” гэж хүсдэг. Ийм үед би бүр ч их сэтгэл гаргаж ажиллах шаардлагатай болчихдог. Дутуу тайрчихсан мэт санагдаж, санаанд нь хүрсэн болов уу гэж бодогдоод, араас нь зовно оо.

Миний мэргэжил, ажил маш хүмүүсийн хувьд маш чухал юм. Үсчид үргэлж хүний тэргүүнд хүрдэг. Үйлчлүүлэгчид бидэнд энэ эрхийг өгдөг. Үсчний ур чадвар, ажлын үр дүн үйлчлүүлэгч нөмрөг нөмрөөд буцааж авах тэрхэн хугацааны дараа нүдний өмнө харагдаж байдаг.

Нэг талаар сайхан мэргэжил ч гэлээ нөгөө талаас нь харвал маш хариуцлагатай. Үйлчлүүлэгч хэрэв толины өмнө инээмсэглэхгүй, сэтгэл дундуур байвал өөрийгөө улам хөгжүүл. Өөртөө ингэж ханддаг. Алдаа гаргахгүй хүн ховор л доо. Хамгийн гол нь гаргасан алдаагаа давтаж болохгүй. Зарим хүн алдаа гаргачихаад биеэ өмөөрөөд байдаг. Битгий тэгээсэй л гэж боддог. Үйлчлүүлэгч хаан гэдэг үг зүгээр ч нэг нэг нэгнийхээ өмнө гарах гэсэн түрэмгийлэл, харилцаанаас үүссэн үг биш гэж би боддог.

Зарим үсчид үйлчлүүлэгч хэн байгаагаас шалтгаалж харилцаа хандлага, үйлчилгээгээ өөр өөрөөр үзүүлж байгаа харагддаг. Тэр нь бүр илт анзаарагдам. Би үүний эсрэг байдаг.

 

-Та олон үсчин бэлтгэсэн үү?

-Би энэ салбарт ажиллаад 27 жил болжээ. Ер нь бол хүнд заасан. Албан ёсоор ч сургасан, албан бусаар ч хэлж зөвлөсөн. Тэдний маань олонхи нь өөрсдийн бизнесийг эхлүүлж, үсчин, гоо сайхны үйлчилгээний салбарт маш амжилттай ажиллаж байгаа нь надад сайхан санагддаг. Ази, Европ, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд манай олон шавь нар өндөр амжилт гаргасан. Мэргэжлийн үүднээс энэ чинь бидний хувьд бахархал. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн н.Мөнхбаяр, Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Онон /“Oonoo” салон/ нарын мэргэжлийн, жинхэнэ шилдэг үсчдээрээ би үнэхээр онгирдог. Өөр олон хүн байгаа.

-Та бараг 30-аад жил үс засчээ. Энэ ажлаа өөрчлөх, өөр бизнес хийх, эсвэл шинэ мэргэжилтэй болох тухай бодол төрж байсан уу?

-За бараг үгүй дээ. Гэхдээ би өөр мэргэжил эзэмшиж, өөр ажил ч хийж үзсэн шүү дээ.

Арван жилийн сургуулиа төгсөөд, Багшийн дээд сургуульд шалгалт өгч байсан юм. 140 хүүхдээс тавд орлоо. Гэтэл яг миний өмнүүр улам шугам татаж, хуваарьгүй үлдэх болсон. Яг тэр үед ээж маань намайг 19-р хорооллын Үсчний газарт хөтөлж аваачаад, тэнд ажилд ор гэсэн. Гэтэл эхлээд зургаан сар цэвэрлэгч хийнэ л гэж байна. Дөнгөж сургуулиа төгсөөд, өчнөөн сайхан мөрөөдөлтэй явж байсан охин цэвэрлэгч хий гэхээр нь эхлээд гайхсан. Үйлчлэгч хийхгүй л гэж бодож байсан. Гэхдээ ээж хий гэсэн бол тэрийг хийх л ёстой.

Аав, ээж хоёр минь аливаад чин сэтгэлээсээ, хариуцлагатай ханддаг учраас биднийг ч мөн адил тэгж хүмүүжүүлсэн. Манай ээж паар, гэрлийн бүрхүүлэн дээрх тоосыг хүртэл хөвөн бариад шалгадаг байсан. Ингээд Үсчний газартаа ажилд орлоо. Ангийнхан наана цаагуур явж харагдвал хогийн шүүрээ хаячихаад зугтаадаг байсан. Гэхдээ ажлаа хэнийг ч хуурахгүй хийдэг байлаа. Ингэсний хүчинд би нэгхэн сар ажиллаад дагалдан үсчин болсон. Тэр үед үсчний дамжаа гэж байгаагүй тул өөрөө л сайн хичээх хэрэгтэй байлаа. Би алхам тутамдаа хичээж ажилладаг, үргэлж суралцдаг байсан. Тэр хандлага маань надад шагнал болж ирсэн гэж боддог. Намайг юу ч мэдэхгүйгээс эхлээд сургасан Монгол Улсын Мастер үсчин Я.Заман багшдаа үргэлж баярлаж явдаг.

Үсчин болсон хойноо Олон улсын харилцааны дээд сургуулийн Герман хэлний багш орчуулагч, дипломатч ангид сурч төгссөн. “Урлах эрдэм” дээд сургуульд таван жил багшилсан. Тэр үедээ “Smile” салонд давхар үсчингээрээ ажиллаж л байсан. Ер нь юм юмыг л амжуулж байлаа. Тухайн үед надад унтах ч зав гардаггүй байсан. Өглөө багшилна, орой нь үс засна. Бүр орой нь уран бүтээлчдийн клипний зураг авалт, тоглолтын ард ажиллана. Шөнө нь багшийнхаа хувиар маргаашийнхаа ажилд бэлтгэнэ.

Үсчний мэргэжил, ур чадварыг эзэмшиж, амжилтад хүрэхэд хөтөлсөн гол хүмүүс, гол үндэс суурь нь “Smile” салоны хамт олон юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

 

-Та бүхний 20 жилийн ойд амжилт хүсье. Гэхдээ таньтай нэгэнт уулзсаных бүсгүйчүүддээ таны зөвлөгөөг хүргэхгүй бол хайран санагдаж байна. Өвөл хүмүүс үсэндээ тэр бүр анхаарал хандуулдаггүй юм шиг санагддаг. Хүйтэнд бас тийм боломж нь ч бага байдаг. Гэхдээ бид өвөл үсээ яаж хамгаалж, арчлах ёстой вэ?

-Зөвхөн өвлийн улиралд ч биш үргэлж, бүр өдөр бүр үсэндээ анхаарал тавиарай. Хамгийн нэгдүгээрт, үсээ зөв угааж сурах хэрэгтэй. Адаглаад шампунь доторх минерал үйлчилгээг 5-10 минут хөөстэй чигээр нь байлгах ёстой байдаг. Дараа нь шампуниа маш сайн зайлж, бүрэн гүйцэд арилгах ёстой. Будаг, химитэй үстэй бол заавал ангижруулагч хэрэглэхгүй бол болохгүй. Учир нь, шампуниар хүний үсний хайлсан давхаргыг нээж, ангижруулагчаар хаадаг. Хүний үсний бүтэц өөрөө самрын хайрс шиг дэлгэгдэж, хаагдаж байдаг юм. Химийн үйлчилгээ авсан л бол ангижруулагчийг нэг номерт хэрэглэх ёстой байдаг. Ангижруулагч болон шампуниа дутуу арилгаснаас болж хаг үүсдэг. Хуйхандаа юу юугүй их тэжээлийн тос нялаад хаячихдаг. Энэ маш буруу үйлдэл. Хүний хуйханд хэзээ ч тэжээлийн тос түрхдэггүй. Хамрандаа тос хийвэл амьсгалахад хэцүү болдог биз дээ. Яг түүний адил хуйх амьсгалдаг учир хамар шиг хэцүү байдалд орно гэсэн үг. Өвлийн хүйтэнд хэзээ ч малгайгүй явж болохгүй. Болж өгвөл малгайг улирал улиралд нь зохицуулж өмсөж байх хэрэгтэй. Тэгвэл үсээ хугарахаас хамгаална.  

-Энэ жилийн трэнд үс засалтын талаар та төгсгөлд нь танилцуулахгүй юу?

-Өнгөний хувьд элсэн бор өнгө давамгайлж байна. Дээрээс нь үсний засалтын хувьд загвар, трэнд гэхээсээ илүү хүн өөрөө өөрийнхөө толгойны хэлбэр, арьсныхаа өнгөнд зохицуулж үсээ янзлах нь зүйтэй гэж хэлмээр санагддаг. Зарим хүмүүс саарал өнгө моодонд орсон юм байна гэж сонсоод зохисон зохиогүй хамаагүй шууд л саарал үстэй болохыг хүсдэг. Үс, нүд, арьсны өнгө хүнд маш чухал. Нэг сайхан үг байдаг юм. “Бурхан таныг дээрээс чинь харж байдаг учраас тэргүүнээ гоёж байгаарай” гэж. Тэргүүнээ эрдэм мэдлэг, эрхэмсэг гоо байхын аль алинаар нь чимэх хэрэгтэй. Ингэвэл хүн өдөр бүр өөдрөг сайхан байж чадна.

-Цаг гарган уулзсанд баярлалаа. “Одонгоо” салоны хамт олонд ойн мэндийг хүргэе.

 


"ОДОНГОО" салоны 20 жилийн ойн тоглолтын тасалбарыг UB palace КАСС, TICKET.MN сайтаас авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг:  9522 9135,  9522 9165,  8086 3626,

https://www.ticket.mn/event/603/

 

Д.Атарцэцэг

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page