Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бол өргөн хүрээг хамарсан том салбар. Үүнд жижиг, дунд үйлдвэр, хоршоо, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээ зэрэг салбарыг багтааж байна. Үйлчилгээний салбар гэхэд л маш өргөн бөгөөд энд ахуйн үйлчилгээний салбарыг нэрлэж болно. Ахуйн үйлчилгээний салбар нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ахуйн үйлчилгээний салбар нь улсын хэмжээнд ахуйн үйлчилгээний зориулалтын 200 ажлын байртай, аймаг бүрт ахуйн үйлчилгээний комбинат 14, төрөлжсөн үйлдвэр 4, сум, суурин газарт ахуйн үйлчилгээний төв 181, нийтдээ 2100 гаруй цэг салбарт 31600 ажиллагсад ажиллаж байсан юм. 2017 оны Үндэсний статистикийн газрын мэдээнээс үзэхэд салбарын хэмжээнд нийт 14 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ төрлийн үйлчилгээнд үсчин, гоо сайхан, хумс засах, оёдол, гутал засвар, цаг, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар зэрэг 20 гаруй нэр төрлийн үйлчилгээ хамаарна. 

Тэр дундаа улсын хэмжээнд үсчин, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй цэг салбар бий гэсэн тоо бий. Энэхүү салбарыг дэмжих үүднээс төрөөс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлчилгээний салбарыг хамруулахаар тусгаад байна. Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг төслийг боловсруулан 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж аж, ахуйн нэгж иргэдийн саналыг тусган хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна. 

Мөн "Үс засах үйлчилгээний MNS 5160:2002" стандартыг шинэчлэх, "Хумс заслын үйлчигээний стандарт"-ыг шинээр боловсруулах хүрээнд салбарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн салбарын ажиллагсдын мэдлэг, ур чадвар, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр “Мэргэжилтэн ажилтан хөтөлбөр”-ийг боловсруулж байгаагаа ч дурдах нь зүйтэй.


Ийнхүү ахуйн үйлчилгээний салбарын томоохон төлөөллийн нэг болсон үсчин, гоо засалч, хумс урлаачдын ур чадварыг сорих, шударга өрсөлдөөн бий болгох, тэдний хичээл зүтгэлийг урамшуулах замаар уг дэд салбарыг хөгжүүлэх зорилготой, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 24 дүгээр их наадам" энэ долоо хоногийн Мягмар гарагт (2018.12.04) Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 16 аймаг, 9 дүүргээс төлөөлөл болсон 200 гаруй үсчин, гоо засалч, хумс урлаачид 29 төрлөөр оролцож байгаа нь урьд өмнөх жилээс өргөн хүрээтэй, ширүүн өрсөлдөөнтэй болж байна. 

Наадмын үйл ажиллагааны нээлтэд, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангаяа нар оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм. 

Мэргэжлийн ур чадвар, хийсвэр болон бодит сэтгэлгээ шаардсан, орчин үеийн донж маягийг илэрхийлсэн, гоо сайхан мэдрэмж төрүүлсэн "Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам"-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо засалч, чадварлаг хумс урлаачид багтсан. Наадам үзэгчдэд нээлттэй явагддаг учраас шүүлт ч маш шударга явагддаг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Оролцогчдын зассан үс, хумс, нүүр будалтаас орчин үеийн шинэлэг өнгө төрх, залуусын сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварын ахисан байдлыг харж болохоор байв.

Ингээд 29 төрлөөр шилдэг үсчин, гоо засалч, хумс урлаачдыг шалгаруулснаас Эмэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг "S салон"-ы н.Сундуйжав, Эрэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг Ө.Цацралтуяа, гоо сайхны төрөлд Гранпри шагналыг "Evergood салон"-ы И.Буджав, шилдэг аймгийн үсчний холбоогоор Сэлэнгэ аймаг, шилдэг сургалтын байгууллагаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж тус тус шалгарч, алтан цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнууллаа. "Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам"-д оролцсон нийт оролцогч, шилдгээр шалгарсан хүмүүст баяр хүргэж, амжилт хүсье.


Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top