Компаниуд иргэдийн ард нуугдаж буйд ХУУЛЬ буруутай юу?

2018 оны 12 сарын 07

Эдийн засаг дахь алтны салбарын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Ашигт малтмалын нөөц ашигласны татварын /АМНАТ/  2.5 хувь гэсэн хэмжээг дахин таван жилээр сунгаж, мөрдөх нь зөв гэсэн байр суурь Засгийн газар, Төв банкны түвшинд байгаа.  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өчигдөр чуулганы хуралдаанаар орсон ч, хэлэлцэгдэх байсан бүх асуудал хойшлогдсоны дунд “багтаж” хойшлов. Нөөц ашигласны татварын  хөнгөлөлтийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж буй бөгөөд 2024 он хүртэл таван жилээр сунгахаар хуулийн төсөлд тусган, хэлэлцэж байгаа юм.

Оны эцэс гэхэд 22 тонн алт худалдан авах хүлээлттэй байгаа Төв банк энэ сарын тавны өдрийн байдлаар   19.8 тонн алт худалдан аваад буй. Ирэх онуудад алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд нөөц ашигласны татварын хувь хэмжээ нөлөөлнө гэж үзээд байна.

Нөгөө талаас нөөц ашигласны татварыг нэмэх ёсгүй гэсэн байр сууриуд ч бас бий. Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нар Байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлыг гаргаж тавьж байсан. Манайх шиг алтнаас ийм бага татвар авч байгаа улс байхгүй, доод тал нь 6 хувийн роялти авч байгаа  гэж Х.Болорчулуун гишүүн хэлж байгаа юм. Харин салбарын яамны зүгээс алт олборлогчдын зардал өссөн гэх асуудлыг хэлж буй. Алтны компаниудын дизель түлшний хэрэглээний зардал нэмэгдсэнийг мэдээж анзаарахгүй байж болохгүй.

Гэхдээ алт олборлогчдын гараас авах алтны хэмжээг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр өөр зохицуулалтууд бас шаардагдаж буйг хэлэх хэрэгтэй. Төв банкинд тушаагдаж буй алтны дийлэнх нь аж ахуй нэгж биш хувь иргэний нэрээр бүртгэгддэг. Энэ бол зохицуулалт нэхдэг үзүүлэлт.  2017 онд Монголбанкны худалдан авсан алтны  63 хувийг иргэд, 37 хувийг компани бүрдүүлж байсан бол  2016 онд иргэд 60 хувь, компани 40 хувь гэсэн харьцаатай байсан.  2017 онд алт тушаасан иргэдийн хувь 2016 оныхоос гурван хувиар илүү байгаа юм.

Тэгвэл энэ 2018 онд энэ хувь хэмжээнд өөрчлөлт орох уу. Үүнд АМНАТ-ийн хөнгөлөлтийн хэмжээ үр нөлөөг бодитой дагуулж байгаа юу гэдэг асуудал яригдах ёстой. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд иргэд зуучлагч хэлбэрээр алт тушаалтад оролцож байгаа уг шалтгааныг эрхзүйн орчинтой нь холбож тайлбарлаж байсан. Алтны салбар дахь хуулийн зохицуулалт зах зээл, эдийн засгийн шаардлагад нийцэхгүй байна, жилийн орлого нь гурван  тэрбумаас дээш бол ААНОАТ-ыг 25 хувь, доош тохиолдолд 10 хувийн татвар авна гэж тогтоосон нь буруу, ер нь ААНОАТ-ыг тэглэснээр компаниудын зардал мөнгө ил болж, эдийн засагт оруулах өгөөж нь нэмэгдэнэ гэх зүйлийг тэрбээр хэлж байсан.

Монголбанкны байр суурийг хүргэхэд,  Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх  хэлэхдээ  “Төв банк алтны худалдан авалтаа  нэмэх гол зорилготой.Тиймээс 2.5 хувийн татварыг хэвээр үлдээе гэсэн. Хэрэв АМНАТ-ыг 5 хувь ч юм уу болгоод өшөө нэмчихвэл аж ахуйн нэгжийн, иргэдийн ч алт тушаалт багасчих вий гэж харж байна.  Хуулиа хэчнээн чангатгасан ч  аж ахуйн нэгжүүд гарц олоод, яаж ийж байгаад хуулийн цоорхой ашиглахыг үгүйсгэхгүй. Компаниуд бага л татвар төлөхийг бодно. Манай улсад алтны худалдан авалтад нөлөөлж байгаа зүйл бол хууль эрхзүйн орчин. 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль,  алтны олборлолтын хэмжээ зэрэг нь алтны тушаалтад нөлөөлж ирсэн.  Алтны ханшаас илүү хууль эрхзүйн орчин нөлөөлж байгаа. 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол  2010 онд 2.1 тонн болтлоо буурсан. Харин тэр үед алтны ханш өссөн байдаг. Алтны ханш өсөөд байхад Монголдоо тушаахгүй дандаа хууль бусаар гарчихсан л байгаа юм. Алтны үнэ богино хугацаанд, урт хугацаандаа хууль эрхзүйн орчин нөлөөлж байна” гэж байгаа юм.

Э.Болор

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top