АТГ: Хөгжлийн банкны гэх асуудлыг 30 гаруй хэрэг болгож ЗАДАЛСАН

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07
  • АТГ-аас  өнөөдөр (2018.12.07) Хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцсон бөгөөд  сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Хөгжлийн банкнаас мөнгө завшсан хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн гэсэн үнэн үү?

-Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийн хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Хөгжлийн банкны гэх хэрэг дотроо “Чингис” бонд, “Самурай” бонд гэх хэргүүд хамт багтаад явсан. Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос байгуулагдсан ажлын хэсгийнхэн шуурхай ажиллаж, 30 гаруй хэрэг болгож задалсан. Ажлын хэсгийнхэн хэргийг шүүхэд шилжүүлж эхэлсэн.

-ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан улстөрчдийг шалгаж байгаа юу?   

-ЖДҮХС-гаас 222 компанид зээл олгосон асуудлыг шалгаж байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр албан тушаалтнаас мэдүүлэг аваагүй.

-УИХ-ын  нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн байгууллагаас гаргах сураг байна?

-УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өргөн барих хуультай. Прокурорын байгууллага ажиллаж байгаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан бүх компанийг шалгаж байна уу?  

-ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход өндөр албан тушаалтан нөлөөлсөн үү, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байна. Гэхдээ зээл авсан компаниуд бүгд хууль зөрчсөн гэсэн үг биш.

-Улаанбаатар хотыг удирдаж байсан хүмүүстэй холбоотой хэрэг шүүхэд шилжсэн үү?

-Нийслэлийн удирдлагууд, зарим өндөр албан тушаалтай байсан нийт 10 гаруй хүний холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-АСЕМ-тай холбоотой хэргийг шалгасан уу?   

-Аудитын байгууллагын дүгнэлт байдаг.  АСЕМ-тай холбоотой 10 гаруй хэргийн дугаар, бүртгэл гарсан.

-ЖДҮХС-гаас зээл авсан 10 гаруй гишүүний хэрэг баримтаар нотлогдсон гэж үнэн үү?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх ёстой. Зээл авсан компаниудыг нарийвчлан шалгаж байгаа.

-Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн талаар шинэ мэдээлэл бий юу?

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Хэрэг өөрөө өргөн цар хүрээг хамарсан учраас богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт банкинд барьцаалсан  хэргийг шалгаж дууссан уу?

-“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. “Жаст” компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг ойрын хугацаанд шалгаж дуусгана.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байгаа гэж үнэн үү?

-Н.Золжаргалыг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбогдуулан тусгаарлан шалгаж байгаа.

АТГ-аас хийсэн ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ-ын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү!

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.125) 2018 оны 12 сарын 07

60 ,тэрбумын хэрэг, Ми.Энхболдын , сэлбийн ,ногоон ,байгууламж устгуулсан ,зарим хүүхдийн ,тодотголтой ,газар бусдад зарсан Урлан ,бүтээх,төв ,гэх ,мэт, шалгадаггүй. УБ банк,Бадамжунайн ,хэрэг ,гээд ,баймаар ,юм.

0  |  0
Top