СЭДЭВ: ЖДҮХС-г агентлаг болгоё

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн асуудлаар төрийн холбогдох албаныхан өнгөрсөн долоо хоногт (2018.12.06) хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт зээл авч чадаагүй бизнесийн төлөөллүүдээс эхлээд төрийн албаныхан болоод “хэргийн эзэн” ЖДҮХС-г төлөөлсөн албаны хүмүүс ч хүрэлцэн ирсэн юм. Саналд,  шүүмжлэл хэлж, алдаа, оноогоо  дүгнэсэн энэхүү цаг үеийн хамгийн сонирхолтой сэдвийн уулзалтад оролцогчдын дийлэнх нь “ЖДҮХС байх нь зөв. Гэхдээ зээл өгөх аргачлал нь буруу яваад байна. Зөвхөн салбарын сайдын мэдэлд, яаманд харьяалагддаг байгууллага биш Засгийн газрын бие даасан АГЕНТЛАГ хэлбэрээр зохион байгуулалтад оруулж, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй  болгох хэрэгтэй” гэсэн санал хэлж байлаа. Ийм тохиолдолд хэн нэгэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд зээлийн асуудалд нөлөөлж, өөрийн мэдлийн байгууллагадаа зээл аваад байх боломж хаагдана гэж үзэж байгаа ажээ. Энэ бас зөв ч байж болох. Ази тивийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ зэрэг оронд ЖДҮХС нь Агентлаг хэлбэрээр  ажилладаг юм байна.

ЖДҮ: 60 гаруй аж ахуйн нэгжийг шүүхэд ШИЛЖҮҮЛЖЭЭ

ЖДҮХС-гаас 2009 оноос хойш нийт 800 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг байгууллага, иргэдэд олгожээ.  Таван жилийн хугацаанд эргэн төлөгдөх ёстой зээл. Зээл төлөгдсөөр байгаа гэдэг ч өдгөө 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн асуудал яригдаж байгаа ажээ. Үүнээс тодорхой хувийг нь барьцаалсан хөрөнгөнөөс барагдуулах зэргээр шүүхэд хандсан байна. Энэ нь ойролцоогоор 60 орчим тэрбум төгрөг, нийтдээ 60 гаруй аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал гэнэ лээ.

“КАПИТАЛ”-ын зээл ЖИН ДАРСААР

2009  оноос хойш зээлээ эргэн төлж дуусаагүйтэй холбоотой 300 шахам тэрбум төгрөгийн асуудал яригддаг гэдэг ч шүүхийн шатанд маргаан дэгдээгээд яваад байгаа нь 60 гаруй тэрбум төгрөг болж таарлаа. Энэ бол ЖДҮХС-гийн хэлтсийн даргын хэлсэн тоо баримт.  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Энх-Амар “Эргэн төлөгдөхгүй байгаа ЖДҮХС-гийн 50 гаруй тэрбум төгрөгийн зээл бий. Түүний дотор Капитал банкны зээл жин дарж байгаа" гэдгийг хэлсэн. Харин хувь хүмүүсийн зээлийн эргэн төлөлт 95 хувьтай яваа аж. ЖДҮХС-гийн хэлтсийн даргын хэлсэн 60 гаруй аж ахуйн нэгжийн дотор Капитал банкны ЗЭЭЛ байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлэхээр...

 М.ЭНХ-АМАР: “КАПИТАЛ” банкны ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ өндөр байна

(ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон  гүйцэтгэгч)


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг  шууд салбарын сайдын мэдэлд нь шилжүүлсэн байгааг тайлбарлана уу?

-Сайдад  журам батлах эрх өгсөн тушаал гарсан байдаг. Журамд арилжааны банк болон ЖДҮХС-гаас зээл олгоно гэж заасан байдаг.

-Одоогоор сангийн зээлийн эргэн төлөлт ямар хэмжээнд байгаа вэ?

-Миний авсан мэдээллээр эргэн төлөлтийн 50 тэрбум гаруй төгрөг хийгдээгүй. Эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй байгаа.    

-ЖДҮХС-гийн чанаргүй зээлд ямар байгууллагын зээл голчлон нөлөөлж байгаа юм бол?

-“Капитал” банкны авсан зээлийн хугацаа хэтэрсэн байдал нь эрсдлийн өндөр үзүүлэлт болж байгаа. Хувь хүмүүсийн авсан зээлийн эргэн төлөлт 95 хувьтай гарсан гэсэн судалгаа бий.

-“Капитал” банк хэзээнээс эхэлж зээл авсан юм бэ?

-Тэр тухайд тодорхой мэдээлэл алга. Сүүлийн  хоёр сарын хугацаанд “Капитал” банк  хоёр тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэсэн.

-ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангаас хэдэн төгрөгийн зээл, тусламж  өгсөн байдаг вэ?

-Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих зэрэг сангаас иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид ургац хураалтын үеэр зээлээ эргэн төлдөг.  Авлага нэлээд бий.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.50) 2018 оны 12 сарын 10

ЖДҮС-ийг улс төрийн хяналтаас гаргаж мэргэжлийн удирдлагатай болгох тухай ярих ёстой байтал юун АГЕНТЛАГ ВЭ? Ямар ард түмэн байна, тийм төр байна гэж күэ мөн үнэн үг шүү! Наадуул чинь зориуд ийм мессэж явуулж байж төрийн данхар аппарат болгох нь л дээ. ЖДҮС-ийг банкинд ч өгч болохгүй, Агентлаг ч болгох хэрэггүй. Мэргэшсэн удирдлагатай л болго! Сангийн итгэмжэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх баг ажиллуул( хугацаатай). Эсхүл Хөгжлийн банк, Төрийн банкаараа дамжуулаад олго л доо. Зээлийн хүү бага, төсөл үр дүнтэй байх нь л чухал. Юмаа мэддэггүймуу, эсхүл идэж уух гэж зориуд будилуулдаг юм уу?

0  |  0
Top