Тяньжин дахь 10 га газрыг ашиглах монголчуудын боломж ТАВАН жилээр хорогдлоо

2018 оны 12 сарын 10

Газар зүйн байршлын хувьд гуравдагч хөршөөс алслагдмал, хоёр том гүрний дунд байрладаг манай улсад тулгамдсан асуудал олон бий. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, экспортын төрөлжилттэй зэрэгцэн яригддаг  сэдэв бол далайд  гарах гарцыг хэрхэн ойртуулах вэ гэдэг асуудал байдаг. Манай тухайд энэ чиглэлээр ярьж, хийгдсэн судалгаанууд бий. Гэхдээ ажил хэрэг болгохын тулд хөрш орнуудаасаа хамаарахаас гадна улс төрийн түвшинд тохиролцлоо гэхэд дараа нь гэрийн даалгавраа хийх ёстой гэдгийг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр хэлж байсан юм. Тодруулбал, оролцогч байгууллагууд болох төр, хувийн хэвшлийн  компаниудтай,  ложистик, экспортлогч, МҮХАҮТ-тай хамтраад хийх ажлууд юу байна вэ гэдгээ нарийн тодорхой харах ёстой гэж байгаа юм.

Тэгвэл улс төрийн хүрээнд тохиролцсон, цаашид урагшлах ёстой нэг асуудал бол Монгол Улс Тяньжин дахь 10 га газрыг үр өгөөжтэй ашиглах явдал юм. 

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн Төв Азийн далайд гарцгүй орнуудыг хариуцсан мэргэжилтэн С.Сансар хэлэхдээ “БНХАУ-ын Тяньжинд Монгол Улс 10 га газар авсан гэдэг ч одоо хүртэл ашиглагдаагүй. Тэгэхэд Казахстаны тал БНХАУ-д нэгээр тогтохгүй нэлээн хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж байна. Казахстаны туршлагаас бид суралцах хэрэгтэй. Бас өөр орнуудын туршлагаас ч суралцах хэрэгтэй” гэж байсан. Тэгвэл тэрхүү 10 га газрыг хэрхэн яаж ашиглах хүлээлт бидэнд байгаа вэ гэдгийг тодруулан хүргэе.

  • Тус газарт тээвэр ложистикийн төв барих төсөл яригдаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд  10 га газрын зөвшөөрөл  шийдэгдчихсэн. 10 га газрыг 2017-2067 он хүртэл 50 жилийн хугацаанд ашиглах эрх манай улсад бий.

Монгол Улсын экспорт, импортын ачаа эргэлтийн 80 орчим хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгддэг. Далайн боомтод түшиглэсэн тээвэр, ложистикийн төв байгуулснаар ачаа эргэлтийн хугацаа, зардлыг бууруулах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй орчинд үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэн гуравдагч оронд экспортлох боломжтой болно гэж тооцож буй. Тээвэр ложистикийн төв нь Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнийг агуулах, задгай талбайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэх, уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний зарим бүтээгдэхүүнийг хөргөх, талбай түрээслэх зэрэг тээвэр зууч ложистикийн үйлчилгээг үзүүлэх аж.

Тээвэр ложистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 2017 оны зургадугаар сараас эхлэсэн байх ёстой.  124,362 сая ам.доллар шаардлагатай уг төслийг  “Монголын төмөр зам" ТӨХК, “Тяньжин порт” групп, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран хэрэгжүүлэх ёстой юм. Гэвч төлөвлөгөөний дагуу хийгдэх ёстой ажлууд одоогоор ахицгүй байна.

Тухайлбал, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “МТЗ” ТӨХК-аас оруулах хөрөнгийг шийдүүлэх ажил 2017 оны зургадугаар сар гэхэд шийдэгдсэн байх ёстой.  Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хувийн хэвшлийг сонгон шалгаруулах хугацаа 2017 оны гуравдугаар сард шийдэгдсэн байх ёстой. Харин шалгарсан хувийн хэвшил, “Монголын төмөр зам” ТӨХК нь Засгийн газрын тогтоолоор Төслийн зориулалттай компани байгуулах ажил 2017 оны тавдугаар сарын 19-н гэхэд шийдэгдсэн байх ёстой байв.

 Мөн төслийн зориулалттай компани нь БНХАУ-ын “Тяньжин порт групп эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” ХХК-тай “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах ажил 2017 оны зургадугаар сарын 9-н гэхэд шийдэгдсэн байх ёстой байсан. Улмаар өнгөрсөн жилийн зургадугаар сарын 23-н гэхэд Тээвэр ложистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой байсан аж.

Энэ оны зургадугаар сард буюу төсөл хэрэгжиж эхлэсэн байх ёстой хугацаанаас хойш яг нэг жилийн дараа  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл БНХАУ-ын “Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Тэд Тяньжины тээвэр ложистикийн төв төслийн  асуудлаар ярилцсан байна лээ.

Дараа нь энэ аравдугаар сард Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж,  Төрийн ордонд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, ложистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг хоёр тал баталгаажуулсан.

Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр 2013 онд гарсан. Тэгэхээр өнөөдрийн тухайд  50 жилийн эрх 5 жилээр хорогдоод буй бөгөөд 2019 он гарсаар дахин нэг жилээр нэмж хорогдох нь ээ.

Э.БОЛОР

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.23.248.17) 2018 оны 12 сарын 10

Aimgiin tovoo saizruulz chadahgui baizeez bas boomt gez shugeldeed yahnev dee tegeed bas mungu toloodl heden aryn haalgyn amisgaanuudyg tezeegeed l

0  |  0
zochin(150.129.141.92) 2018 оны 12 сарын 10

ORDUUDAA UNDSEN TZ-DAA HOLBOH N ZUV UCHIR N AMUR MURUND OROS HYATDIIG HOLBOSON GUUR ASHIGLALTAD ORCHIHVOL TRANZIT TEEVER MONGOLIIG TOIROOD GARCHIHNA MANJUUR ULS BAIGUULAGDAH 2050 ONOOS NAASHGUI

0  |  0
Top