Алдартнуудтай тааралдсан жирийн хүмүүсийн дурсамжууд...

2018 оны 12 сарын 10

Алдартнуудыг оддын өвчин тусч, жирийн хүмүүстэй ердийн харилцаж чаддаггүй гэж боддог  хүмүүс  бий биз. Тэгвэл алдартнуудын дотор бидэн шиг энгийн хүмүүстэй  ердийн байдлаар харилцдаг нь цөөнгүй ажээ.  Reddit.com-ийн MellowStellow хэмээх нэртэй нэгэн хэрэглэгч  алдартнуудтай таарсан жирийн хүмүүсийг дурсамжаасаа хуваалцахыг хүсэхэд дараах  сэтгэгдлүүдийг бичсэн байна.

Cyberrico: 1988 онд би Сан-Францискод гүйж явлаа. Тэгтэл Робин Уильямс харагдсан. Тэр машиныхаа хажууханд сууж байсан юм. Би хажуугаар нь зөрөхдөө “Ноён Уильямс, таны ажил сайн уу?” гэж асуусан. Тэгсэн чинь “Сайн сайн, харин чи цагдаа нараас зугтаж яваа юм уу?” гэж билээ. Би инээгээд, бид хоёр хэдэн минут ярьж зогссон. Үнэхээр сайхан хүн байсан. Миний хувьд энэ их үнэтэй дурсамж. Түүнийг амиа хорлосныг дуулаад их уйлсан.


Granadafan: Машины бензин дуусчихаад байтал намайг Жим Керри шатахуун түгээх станц руу  дөхүүлж өгч билээ. Замдаа би түүнд “Эйс Вентура надад таалагддаг дүр. Бүр яаж инээдгийг нь үзүүлж чадна шүү” гээд бид хоёр машинаас толгойгоо цухуйлган баахан инээсэн. Дараа нь тэр надад бензин худалдан авч өгөөд буцаан машин дээр минь аваачсан. Миний амьдралын хамгийн гоё мөчийн нэг юм даа.


Amandeezie: Best Buy дэлгүүрт би Том Хэнкстэй таарсан юм. Тэр сагсанд зөндөө юм авчихсан зогсож байлаа. Харин би ганцхан сав цэвэр ус авсан байв. Би түүнд “Форест Гамп” миний дуртай кино” гэж хэлэхэд “Кино зураг авалтын үеэр сайхан байсан шүү. Чамд таалагдсанд баяртай байна” гэж хариулсан. Кассанд дугаарлаж зогсохдоо бид хоёр киноны тухай нэлээн ярьж амжсан.


“Би таны усны үнийг төлөхийг зөвшөөрнө шүү?” гэж тэр хэлээд дэлгүүрээс гараад хоёр тийш явахынхаа өмнө “Та их эелдэг сайхан бүсгүй юм. Амьдрал гэдэг яг л хайрцагтай чихэр шиг яг ямар чихэр таарах нь мэдэгддэггүй гэдгийг санаж яваарай” гэж хэлсэн. Тэгэхдээ бүр яг Форест Гампын хоолойгоор хэлсэн гээч. Миний амьдралд тохиолдсон хамгийн содон уулзалт энэ.


MrMandu: Хүүхэд байхдаа би Нью-Йоркоор хэсүүчилж яваад Киану Ривзтэй таарч билээ. Би түүнийг хармагцаа л “Хөөе, Нео!” гээд хашгирчихсан. Дараа нь “Матрикс” киноны сумнаас бултдаг хэсгийн хөдөлгөөнийг дуурайж үзүүлсэн юм. Тэр над руу харснаа инээмсэглэн мөн яг тэр хөдөлгөөнийг давтсан юм даа. Үнэхээр гайхалтай дурсамж шүү. Танихгүй жаахан хүү тоглоом хийгээд байхад хүмүүс уурлана биз дээ. Тэгтэл тэр тэгээгүй, харин ч надтай хамт хөгжилдсөн. Тийм л сайн залуу юм билээ. Тэр явдлыг би хэзээ ч мартахгүй.


Cardboardkittens: Брюс Уиллис намайг “Та хүн-аалзын муугүй чадвартай юм аа” гэж хэлсэн удаатай юм шүү. Би тэгэхэд Walmart-ийн дээгүүр тавиураас ямар нэгэн юм авах гэж авирсан юм. 1.50 метрийн л өндөртэй жаахан охин байсан болохоор авирах үсрэх шаардлага гарсан хэрэг.  Арай чүү гэж хэрэгтэй бараагаа дээд тавиураас аваад хартал хажууд нэг эр ирчихсэн тэр үгийг хэлсэн нь Брюс Уиллис байж билээ.


Sexapotamus: Нэг удаа би Рене Зеллвегерийн ширээнд үйлчилж таарсан. Тэр йогийн өмдтэй, биеийн тамирын цамцтай байсан. Мөн гурван хүүхэд дагуулчихсан. Гаднаас нь харахад од гээд хэлээд байхаар юм огт харагдаагүй болохоор эхэндээ анзаараагүй. Би хоёр ч удаа буруу захиалга аваачиж өгсөн ч “Өө, зүгээр дээ, миний захисныг л аваад ир” гэж билээ. Тэр өдөр миний толгой тархи нэг л болж өгөхгүй байсан юм. Гарахдаа картаар тооцоогоо хийхэд нь л би анзаарч,  таньсан. Хүүхдүүд нь талархсанаа илэрхийлээд, харин Рене намайг тэврээд цайны мөнгө харамгүй өгчихөөд гарч билээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.242.227) 2018 оны 12 сарын 15

Манай одууд ч алж өгөх биз дээ.

0  |  0
Зочин(66.181.161.18) 2018 оны 12 сарын 10

Бурханд итгэдэг хүмүүс арай өөр байдаг юм билээ.

0  |  0
Top