Бид СААРАЛ ЖАГСААЛТ-ын гадаа ҮЛДЭХ ёстой!

2018 оны 12 сарын 11

Манай улс СААРАЛ ЖАГСААЛТ-д орохгүйн тулд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжүүдийг хөрсөн дээр буулгах шаардлага байгааг өнөөдөр болсон “Санхүүгийн салбарын комплаенс 2018” форумд оролцогчид тодотгож байлаа. Комплаенс бол санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зах зээлд төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөтэй. Үүний дотор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох тогтолцоог үр дүнтэй бүрдүүлэхэд чухал шаардлагатай үйл явц болохыг Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/-ны дарга С.Даваасүрэн онцолж байна. Санхүүгийн салбарын аж ахуй нэгжүүд комплаенсыг нэвтрүүлээгүй, аль эсвэл холбогдох ажилтан томилоогүйгээс шалтгаалан байгууллагын төдийгүй зах зээлийн нэр хүндийг унагах сөрөг үр дагавар авчирч болзошгүй нь, зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй санхүүгийн системийн тогтвортой байдалд муу нөлөө үзүүлэх, олон талын уршигтайг тэрбээр хэлж байсан.


Манай улс  ФАТФ-ын Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-ийн гишүүнээр 2004 оны долдугаар сард элссэнээр улс, үндэстэн дамнан үйлдэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх үүргийг хүлээх болсон байдаг.

ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, дэлхийн санхүүгийн системийг хамгаалах бодлого, чиглэлийг тодорхойлох, гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд тодорхой хугацааны давтамжтайгаар хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгч, рейтинг тогтоох чиг үүрэг бүхий байгууллага юм. Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр 9 бүс нутгийн байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл манай улс Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага (APG) болон Мөнгө угаахтай тэмцэх Евро Азийн бүсийн байгууллага (EAG)-ын ажиглагч гишүүнээр элссэн байдаг. 

35 улс, хоёр бүс нутгийн холбоо бүхий нийт 37 бүрэн эрхт гишүүн, 31 ажиглагч байгууллагаас бүрдэн үйл ажиллагаа явуулж буй ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж, түүний хэрэгжилтэд Харилцан үнэлгээ хийдэг.

Харилцан үнэлгээ нь: Техникийн хэрэгжилт буюу хууль, эрх зүйн тогтолцоо болон үйл ажиллагааны зохистой хэм хэмжээний үнэлгээ, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Үр дүнтэй байдлын үнэлгээ гэсэн 2 хэсгээс бүрддэг.

  • Манай улс анхны үнэлгээг 2007 онд хийлгэсэн байна. Тухайн үед ФАТФ-ын мөрдөгдөж байсан 49 зөвлөмжөөс 21-ийг биелүүлээгүй, 15-ыг хэсэгчлэн биелүүлсэн тухай дүгнэлт гарч, “муу” үнэлгээ авч байсан. 2011 онд Олон Улсын хамтын ажиллагааг хянах бүлэг (ICRG) –ээс Монгол Улсыг олон улсын хяналтад оруулах шийдвэр гарч, 2013 онд ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж байсан түүхтэй.

Чухам яагаад “Саарал жагсаалт”-д орсныг тодруулахад дараах хүчин зүйлсийг нэрлэж байна.

-Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах жагсаалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байсан зэргийг Сангийн яамны зүгээс мэдэгдсэн.

Харин  “Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс ямар алхмууд хийсэн бэ? гэдэг асуулт тавигдана. Тэдгээрийг дурдвал:

2013.5.31 - Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батласан.

2013.10.12 - “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг батласан.

2014.1.16 - Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан.

2014.6 сар - Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас хасчээ. Биднийг ФАТФ “Саарал жагсаалт”-аас гаргасан тэр үед нөхцөл байдал ямар байсныг эргэн саная.

Монгол Улсын эдийн засаг 2012-2013 онуудад өндөр өсөлттэй, хөрөнгө оруулалтын орчин эерэг, улсын зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учирсан бодит хохирол харьцангуй бага байсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх бодлогын түвшний хууль эрх зүй, урьдчилан сэргийлэх, удирдлага зохион байгуулалтын үе шаттай хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

  • Тэгвэл 2017 онд манай улс ХОЁР ДАХЬ ҮНЭЛГЭЭ-г хийлгэх үед  ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй-5, хэсэгчлэн биелсэн-15, ихэнхийг биелүүлсэн-15, биелүүлсэн-5 байв. Улмаар манай улсыг  “эрчимтэй хяналт”-д оруулсан юм.

Нөлөөлсөн хүчин зүйлс нь:

-2015 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”

“Саарал” болон “Хар жагсаалт”-д орох онцгой нөхцөл байдал анх үүссэнтэй холбоотой гэж Сангийн яамны мэргэжилтэн хэлсэн.

Эрчимтэй хяналтад орсон тул бид арга хэмжээнүүд авах ёстой. Тэгвэл дараах арга хэмжээнүүдийг  нэрлэж байна.

2017.04.20 - Ерөнхий сайдын 70 дугаар захирамжийн дагуу МУТСТ Үндэсний Зөвлөл байгуулагдсан.

2017.05.17 -Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батласан.

2017.12.06 -АНДББ-ээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батласан зэргийг онцолж байгаа юм.

Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага (APG) манай улсын ФАТФ-ын “эрчимтэй хяналт”-д байх хугацааг 12 сараар сунгасан шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд Харилцан үнэлгээний хэрэгжилтийн дараагийн тайланг 2019 оны  нэгдүгээр сарын 30-ны дотор АНДББ-д тайлагнахаар болсон юм.


Тайлан тавих хугацаа дөхөж буй энэ үед бодит нөхцөл байдал ямар байгааг СЗХ-ны дарга С.Даваасүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Энэ хүрээнд бүх ажлууд хийгдэж байна. Бид хийсэн ажлуудаа бататгаж ярина. Ойрын хугацаанд хийж чадахаар зүйлсүүдээ гаргаж тавина. Амласныхаа дагуу хэрэгжүүлж ажиллахдаа анхаарч байна. Манай улс  саарал жагсаалтад орж болохгүй. Өнөөдрийн форумын үндсэн  чиглэл, бидний хичээж, мэрийж буй зорилго бол саарал жагсаалтад орохгүй байхын тулд Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагаас тавьж буй шаардлагыг хэрхэн  богино хугацаанд хангаж, биелүүлж, ажиллах ёстой вэ гэдгийг чухалчилж байна. Үүний тулд бид ямар мэдээлэлтэй байх вэ. Ямар ажлууд хийсэн байх шаардлагатай вэ. Тэр хүрээнд ажиллагаагаа эрчимжүүлээд явж байна. Саарал жагсаалтад орчихвол яах бол гэдэг  асуудлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Саарал жагсаалт ч гэлтгүй, цаашид бид аль болох эрсдэлтэй нөхцөл байдлаас хол байж, санхүүгийн салбараа, үйл ажиллагааг нь  илүү тогтвортой, нээлттэй байлгаж, олон улсын түвшинд харилцаж буй  түншүүдээ алдахгүй  явах хэрэгтэй. Энэ бидний маш чухал эрмэлзэл” гэлээ.


Мөн Монгол Улсын санхүүгийн салбарын  хөгжил, ирэх оны эдийн засгийн төлвийн талаар Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэрээс тодрууллаа. Тэрбээр “Монголын санхүүгийн зах зээлд одоогоор банкны сектор давамгайлж байна. Банкнаас бусад хөрөнгийн зах зээл,  даатгал,  ББСБ зэргийг хөгжүүлэхийн тулд өнөөдрийн яригдаж буй  комплаенсыг байгууллагууд дотооддоо хэрэгжүүлэх нь маш чухал.  Макро эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд энд нөлөөлнө. Гэхдээ зохицуулагч байгууллагын зүгээс хяналт шалгалтаа сайжруулаад комплаенсыг байгууллагуудад  нэвтрүүлэхийг уриалах хэрэгтэй.

2019 онд ямар эрсдэлүүд байж болох вэ гэдэг дээр нэн тэргүүнд Монгол Улсын зүгээс баримтлах бодлого  тогтвортой байх хэрэгтэй. Хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд УИХ, Засгийн газрын зүгээс баримтлах бодлого нь тогтвортой байх ёстой. Мөн банкны секторыг улам илүү чадавхжуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкны зээлийн хүү өндөр гэж харагдаж байна. Гэхдээ энэ нь нөгөө талаасаа хэрэглэгчид илүү их хэрэглэж буйг, эдийн засагт эерэг дүр зураг байна гэдгийг харуулж байгаа” гэж байна.

 “Саарал жагсаалт”-ыг дагаж ямар эрсдэлүүд үүсч болзошгүй байдгийг тодотгон хүргэе.

  • Гадаадын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улстай корреспондент банкны харилцаагаа таслах.

  • Монгол Улсын банкуудын гадаад дахь төлбөр тооцооны дансдыг хаах, улмаар гадаад гүйлгээ хийх зардал огцом өсөх, гүйлгээний саатлууд үүсэх.

  • Иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад гүйлгээ олон дамжуулагч банкаар дамжих ба гүйлгээний хугацаа удаашрах.

  • Ам.долларын картын төлбөр тооцоо зогсох.

  • Хөрөнгө оруулагчид, түншүүдийн итгэл буурах.

  • Гадаад худалдааны санхүүжилт зогсох, гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалт эрс буурах.

  • Улсын зээлжих зэрэглэл буурах зэрэг эрсдэл үүсч болзошгүй бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг үр дагавруудыг бий болгох эрсдэлтэй юм.


Форумд оролцсон Цагдаагийн Ерөнхий Газрын төлөөлөл илтгэлдээ “Мөнгө угаах гэмт хэрэг нь Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдалд аюул, заналхийлэл учруулах бөгөөд гэмт этгээд, гэмт бүлэг, зохион байгуулалттай бүлэглэлүүд гэмт хэргээс олсон орлого, хөрөнгөөр дамжуулан санхүүгийн системд өөрийн нөлөөг тогтоох, гэмт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засагт хор уршигтай үйл ажиллагаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудыг чадавхжуулах нь олон улсын түвшинд төдийгүй Монгол Улсын хувьд ч тулгамдсан асуудал хэвээр байгаа. Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд бүлэг, зохион байгуулалтад орж үйлдлийн арга, хэлбэр улам боловсронгуй болж техник, технологийн дэвшлийг ашиглах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг улс, орон дамжуулж шилжүүлэх хандлага ажиглагдаж байна” гэж байлаа.

Мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлагын тухайд Цахим орчныг ашиглах, Криптовалют /цахим мөнгө/ ашиглах, Улс, орон дамжуулан мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах,  Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой орлогыг угаах,  Хөрөнгийн зах, зээлд хөрөнгө оруулах, Банкнаас бусад санхүүгийн салбарууд нь мөнгө угаах гэмт хэргийн гол суваг болохыг анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэмт хэргүүд дээр гэмт этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон орлогоо банкнаас бусад санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдон шалгагдаж байна.  Банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн Алба руу мэдээлэхдээ цаг алдаж хуульд заасан хугацаанд нь явуулаагүй зэрэг нь энэ төрлийг гэмт хэрэгтэй холбогдож яригдах ёстой асуудал гэлээ.

Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөнгө угаах гэмт хэргийн тоо олон боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй залилах, хөрөнгө завших, авлига, байгаль орчны эсрэг, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл, ангиар ял оногдуулах практик тогтох хандлага бий болжээ.

Э.БОЛОРХАЖИД

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top