Артист Сабрина эмэгтэйчүүдийн НҮҮР БУДАХДАА гаргадаг 5 алдааг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

 Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд охид, бүсгүйчүүдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа нүүр будалтын үйлчилгээний талаар make-up  артист Сабринатай ярилцлаа. Түүнийг Ч.Ганзул гэдэг ч сошиал орчинд Sabrina нэрээр алдартай, эрэлттэй.


 

нэ жил ямар будалт трэнд болж байгаа вэ гэсэн энгийн асуултаар ярилцлагаа эхлэе?  

-Өнгөрсөн жилүүдэд хүнд хүнхэр буюу хүмүүсийн дийлэнхийн мэддэгээр Smokey будалт онцгойрч байсан бол энэ жил харьцангуй энгийн болж, тухайн хүнийхээ онцлог дүр төрхийг тодотгосон Natura /байгалийн, энгийн/ будалтууд трэнд болж байна. Жишээлбэл, суурь тавилт хийхдээ арьсыг илүү эрүүл, гэрэлтсэн харагдуулсан Glass skin & Glowy будалтыг сонгож байна. Илүү нимгэн, энгийн, чамин харагддаг.

-Та яагаад өөрийгөө Сабрина гэж нэрлэх болсон бэ. Бас яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Sabrina гэдэг бол зургаан жилийн өмнө анх фэйсбүүк нээхдээ өгч байсан нэр юм л даа. Яг миний жинхэнэ нэр биш. Зургаан жилийн өмнө нүүр будалт хийж эхлэхдээ нэгэнт энэ нэрээр нээсэн учраас өөрчилье гэж огт бодоогүй. Харин ч хүмүүсийн нүдэнд тогтоцтой нэр байж таарсан. Эцэг, эхээс өгсөн нэрийг минь Г.Ганзул гэдэг. ШУТИС-ийн Мэдээлэл технологийн их сургуулийн IT инженерийн ангид суралцаж, 2016 онд төгссөн. Нэгдүгээр курсын оюутан болсон цагаасаа хичээлийнхээ хажуугаар make-up артистаар ажиллаж эхэлсэн. Анх сурагч байхаасаа л солонгос оддын зургийг хараад, тэднийг дуурайж их буддаг байсан. Тэр үед нүүр будалт одооных шиг хөгжөөгүй байсан болохоор бичлэг, зураг их үзнэ. Тэгсээр байгаад нүүр будалт, гоо сайхны үйлчилгээг их сонирхдог болсон. Би өөрөө нүүрээ будах маш дуртай. Намайг энэ мэргэжлийг сонирхож эхлэх үед нүүр будалтын ойлголт эерэг зөв болж ирсэн нь бас зөв зүйл болсон. Тухайн үед нүүр буддаг ганцхан артист байсан. Тэр хүн дээр зөвхөн өөрийгөө зөв будаж сурах сонирхолдоо хөтлөгдөн очтол  надад мэргэжлийн ангид суралцах санал тавьсан юм. Би оюутан байсан учраас хэрэгцээнийхээ мөнгийг олж болох юм байна гэж бодоод суралцаж эхэлсэн. Гэхдээ эхлээд аав, ээж маань намайг энэ салбарт ажиллахыг зөвшөөрдөггүй байсан. Гэрийнхэндээ хэсэг хугацаанд сургалтын төлбөртөө туслах зорилгоор сурч, ажиллаж байгаа гэж ойлгуулдаг байлаа. 

-Та тэр үедээ гоо сайхны чиглэлээр дагнаж ажиллах гэж боддог байсан уу?

-Их сургуулиа төгстлөө энэ салбарт удаан ажиллана гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байсан. Гэр бүлийнхэн маань эсэргүүцдэг байсан учраас. Арван жилдээ онц сурдаг хүүхдүүдийн эгнээнд бичигддэг байсан болохоор гэрийнхэн маань намайг эрдэм, номын мөр хөөсөн хүн л болно гэж боддог байсан байх. Гэнэт гоо сайхан, нүүр будалт сонирхоод ирсэн чинь ээж ялангуяа их гайхсан. Одоо бол ээжийн бодол өөрчлөгдсөн. Хүлээн зөвшөөрсөн. Бүх талаар дэмждэг.

  

-Хэзээнээс өрх тусгаарлаж, өөрийн хувийн бизнесийг эхлүүлэх болсон бэ?

-Хувиараа гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч болж байна. Уг нь би Их сургуулиа төгсөөд гадаадад сурах төлөвлөгөөтэй байсан ч жижиг асуудал гарсан учраас бүтэлгүйтсэн. Тэгээд зуны гурван сар сайхан амарч аваад, намар нь “Make up by Mongolian girls” группт санамсаргүй лайв хийсэн юм. Тухайн үед би нүүр будалтаар цаашдаа ажиллана гэсэн бодол байхгүй, зүгээр л үзэл бодлоо олон нийтийн цахим орчинд хуваалцахыг хүссэн юм. Гэтэл миний төсөөлөөгүй байсан эерэг зүйл намайг угтсан. Намайг дэмжсэн, урмын үг хэлсэн, энэ чиглэлд ажиллахыг санал болгож, зөвлөсөн хүмүүс маш их байсан. Тэндээс урам зориг авч, нүүр будалт хийхээр шийдсэн. Бэрхшээлтэй тал гэхээсээ илүү би дуртай зүйлээ хийж байгаа учраас түүнийг даван туулах эрч хүч дүүрэн байгаа.

-Sabrina студи одоо хэдэн хүн ажилладаг вэ? Шинэ жил болоод захиалга ихтэй байна уу?

-Одоогоор тавуулаа ажиллаж байгаа. Баярын өдрүүдэд үнэхээр завгүй болчихдог. Ялангуяа шинэ жилээр. Бараг охид, бүсгүйчүүд бүр шинэ жилээр баярын будалт хийлгэнэ гэж төлөвлөдөг. Манайд ч бас ойрын өдрүүдэд ачаалал их, захиалга ч өндөр байгаа.

-Sabrina студи бусдаас юугаараа илүү давуу талтай, онцлогтой гэж хардаг вэ?

-Надаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид дунд сэтгэл дундуур гарч байсан хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Би хүн бүрт зүгээр нэг будсан юм шиг харагдах будалт биш өөрт нь дахин давтагдахааргүй дүр төрх бий болгож өгөхийг хүсдэг. Өөрийг нь өөрт нь шинээр нээхийг хүсдэг. Эмэгтэй хүн өөртөө төгс итгэлтэй байх мэдрэмжийг өгөхийг хүсдэг.

-Хүний нүүр будахад юу нь танд сайхан санагддаг вэ? Магадгүй, та ийм нарийн мэдрэмжтэй юм чинь зураг зурах авьяастай юу?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, сэтгэл санаанд нь нийцтэл будаж, баяр талархлыг нүднээс нь унших хамгийн сайхан байдаг. Шинэ будалт гаргах юм уу, үйлчлүүлэгч маань сэтгэл ханамжтай гарах үед би маш сайхан мэдрэмж авдаг. Хүний нүүр зурах, цаасан дээр зурах хоёр маш их ялгаатай л даа. Гэхдээ би зураг зурж үзэж байсан. Бас ч гэж муугүй шүү.

 

-Нэг будалтад дунджаар ямар хугацаа зарцуулдаг вэ?

-Дунджаар 40-60 минут.

үүр будахад хамгийн хэцүү ажиллагаа нь юу байдаг вэ?

-Тухайн хүний сонирхлыг мэдрэх хамгийн хэцүү байдаг. Би мэргэжлийн хүний хувьд намайг зорьж ирсэн хүндээ ямар будалт тохирохыг хараад мэдэрдэг боловч тэр хүндээ таалагдах эсэхэд эргэлзэх үе байна. Хүний сонирхолд тааруулж будна гэдэг их ярвигтай.

-Цаг завгүй байдлаас шалтгаалаад бүсгүйчүүд дуудлагаар нүүр буддаг хүмүүст хандах үе гардаг. Гэхдээ ийм тохиолдолд ихэвчлэн ур чадвар муутай хүмүүс байдаг гэж ярих нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хаа сайгүй тийм хүмүүс байна. Монголд цензур алга. Сургалтад суулаа гээд шууд артист болно гэдэг өрөөсгөл ойлголт. Мэргэжлийн сургалт төгссөн бол багадаа зургаан сараас нэг жилийн хугацаанд дадлага хийж, өөртэйгөө  сайн ажиллах хэрэгтэй. Тийм хүн л хүний нүүрэнд хүрэх эрхтэй. Хоёроос гурван жил ажилласан хүн бусдад заах анхны боломж нээгдэнэ гэж би боддог.  Гурваас дээш жил ажилласан хүн мэргэжлийн артистуудыг бэлтгэх эрхтэй гэх мэт шат дамжлагатай байх шаардлагатай байх аа. Энэ тал дээр их учир дутагдалтай л байна гэж хардаг. Ер нь артистууд нэмэгдэж байгаа болохоор ямар нэгэн ур чадварын зэрэглэлтэй болмоор санагддаг.

-Танайх бүтээгдэхүүнүүдээ хаанаас авдаг вэ. Гадуур нийтлэг зарагддаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд “Make-up” хийхэд тохиромжтой юу?

-Худалдаа, лангуун дээр зарж байгаа бүтээгдэхүүнүүд дийлэнхи нь арьс арчилгааны болон хувь хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан нүүр будгийн хэрэгслүүд байгаа санагддаг. Дэлхийн томоохон артистууд бол өөрсдийн гэсэн брэндээр будаж байгаа харагддаг. Манай хувьд нүүр будалтын хэрэгслээ бүгдийг нь гаднаас захиалж авчирдаг. Бүтээгдэхүүний сонголт үргэлж шинэчлэгдэж байдаг. Дэлхийн артистууд сар бүр хамгийн сайн болон муу бүтээгдэхүүний жагсаалт гаргадаг учраас тэр сүлжээнд холбогдож, тухайн бүтээгдэхүүнээ судалж, мэдээлэл авсны үндсэн дээр захиалж ашигладаг. Хүн надад 100,000 төгрөг төлчихөөд, хоёрхон цаг барих муу бүтээгдэхүүнээр нүүрээ будуулахыг хүсэхгүй шүү дээ. Бид ч тийм үйлчилгээ үзүүлэхийг огт хүсдэггүй. Хэдэн цаг үргэлжилсэн арга хэмжээ байсан ч нүүрний будаг хэвийн харагдах нь үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байх наад захын шаардлага. Манай монголчуудын цалингийн хэмжээ бага болохоор нүүр будалтын үнэлгээ бусад оронтой харьцуулахад хамаагүй бага байдаг. Энэ үйлчилгээний үнэлгээний талаар манайхны ойлголт дутмаг.

  

-Эмэгтэйчүүдийн нүүр будалтандаа ихэвчлэн гаргадаг таван алдааг нэрлэж, энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Манай монгол охидууд нийтлэг зөв төрхтэй, будалт хийхэд сайхан байдаг. Одоо ихэнх бүсгүйчүүд нүүрээ сайхан будаж, гоо сайхандаа үргэлж анхаарал тавьдаг болсон байна. Гэхдээ өөрийн зүгээс чухал гэж үзсэн дараах зөвлөгөөг та бүхэнд санал болгоё. Хүлээн авна уу!

1. Нүүрээ будахаас өмнө ямар ч арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. 

2. Тос түрхэлгүйгээр base, primer гэдэг хоёр зүйлийг заавал хэрэглэж сурах хэрэгтэй. Тос нь арьс арчилгааны бүтээгдэхүүн учраас арьсны гүн рүү шингэдэг. Тиймээс нүүр будалт хийх үедээ тос хэрэглэх нь будагны хорыг арьсны гүн рүү шингээдэг гэсэн үг

3. Хөмсгөө будахдаа урд хэсгийг нь бүдэг байлгавал зүгээр. Дундаас урагшаагаа хойд талаасаа хоёр дахин илүү бүдэг байж хэвийн харагддаг. Хөмсөг нэлэнхүйдээ жигд өнгөтэй болчихвол их ширүүн харагддаг.

4. Уруулын будагны өнгийг тухайн үеийн хувцаслалт, үс засалтаасаа хамаарч сонгох хэрэгтэй. Өнгөө олж, тохируулж будвал гайхалтай мэдрэмж авах боломжтой.

5. Хацар өнгөлөгч дотроо тосон, хуурай гэж хоёр төрөл байдаг. Тосон өнгөлөгч илүү тохиромжтой байдаг. Хацрынхаа хэсгүүдийг зөв тодорхойлж, түрхэх юм бол нүүр бүхэлд нь сайхан харагдуулах боломжтой.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gigi(58.232.240.89) 2018 оны 12 сарын 21

xaxa yu ch gej zovlogoo ogood baidgiiin be hudlaashuu

0  |  0
mm(217.227.220.43) 2018 оны 12 сарын 14

3 zuwluguug chin ogt oilgosongui bas het huurai aristai hvn aris archilgaanii bvteegdehvvn hereglehgui tgd yahiinbe huurai aris budag awahgui shde

0  |  0
Зочин(103.57.92.226) 2018 оны 12 сарын 14

Дээрээсээ 2 дахь зурагны бүсгүй ёстой хөөрхөн болжээ

0  |  0
Top