ЧУУЛГАН: Ирц бүрдээгүй тул хуралдааныг маргааш хүртэл хойшлуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.13) нэгдсэн хуралдааны ирц хүрээгүй тул УИХ-ын дарга хойшлуулах шийдвэр гаргалаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч УИХ-ын зарим гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүлээв. УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ-аар тулгамдсан, цаг хугацаатай асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Засгийн газраас 2018.12.04-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх учиртай. Уг асуудлыг энэ сардаа багтаан хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргахгүй бол алт олборлогчдын хувьд эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын даргын захирамж гарсан. Одоо хоёр дахь долоо хоногтоо хүлээгдэж байна.

Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэх ёстой. Орон нутагт өвөлжилт хүндэрч, мал тооллого эхэлсэн энэ үед Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүйн улмаас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилж чадахгүй гурван долоо хонож байна. Түүнчлэн Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой. ЖДҮХС-ийн асуудалтай холбогдуулан түр хороо байгуулахаар УИХ-ын 9 гишүүн санал гаргасан. Байнгын хороо дэмжсэн, энэ асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага бий гэдгийг Та бүхэн ойлгож байгаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнээс өмнө Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой ТАЗ-ийн бүтэц, төрийн албаны ангилалын талаар гээд дөрвөн журмыг УИХ батлах ёстой. Хууль хэрэгжихтэй холбоотой чухал асуудлууд юм. Энэ долоо хоногт бид УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн. Энэ асуулгын хариуг сонсохоор дөрөв дэх долоо хоногтоо хүлээж байна. Ийм мэтээр цаг хугацаатай, нэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд танхимдаа хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаа эхлүүлж, шийдэх ёстой асуудлуудаа шийдмээр байна” гэв. 

Ийнхүү өнөөдрийн чуулганы ирц бүрдээгүй тул УИХ-ын дарга М.Энхболд маргааш 10.00 цагт нэгдсэн хуралдааны ирцээ бүрдүүлж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын дэд дарга нар, УИХ дахь намын бүлгийн дарга нар ажиллахыг үүрэг болгосон юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top