Соёл урлагийн зүтгэлтнүүдийг ”Хангарди” одонгоор шагналаа

2018 оны 12 сарын 13

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэл хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнах арга хэмжээ /2018.12.12/ боллоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар одон гардуулах үйл ажиллагаанд оролцож, шагналыг гардуулан өглөө.

Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт  олон жил санаачлага үр бүтээлтэй ажиллаж  нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Монголын холбооны Нарийн бичгийн дарга, Ардын жүжигчин Б.Зангад, Монгол улсын Гавьяат жүжигчин, Соёлын төв өргөөний дэргэдэх эртний сайхан чуулгын  гоцлол дуучин А.Долгор, Аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр /дижей Амай/  нарыг Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагналаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан  шагнал гардуулж хэлсэн үгэндээ "Улс орны хөгжил дэвшил,  нийгэм эдийн засаг, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан урлаг соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд, эх орноо гадаад дотоодод сурталчлан таниулсан эрхэм хүндтэй хүмүүсийн төлөөлөл болсон та бүхэндээ  Нийслэлийн иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхийн ялдамд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонг гардуулж өгсөндөө баяртай байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олон, байгууллага, салбартаа тэргүүлэн ажиллаж, итгэл сэтгэл, зүтгэлээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн бол Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртсэн Соёл урлагийн зүтгэлтнүүддээ Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ирэх жил Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой болно. Энэ том ойн баярын  өмнөө түүчээ болж, өөрсдийн урлаг соёлын бүтээлээрээ нийслэлүүдийг соён гэгээрүүлэх үйлсэд өндөр амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе" гэлээ.

Хангарди одон хүртсэн Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа”  гэв.

Эх сурвалж: Нийслэлийн НИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн Дулмаа(64.119.20.159) 2018 оны 12 сарын 13

Говийн домог киноны аяар нь төрийн соёрхолт өгьё. Кино нь Мандухайгаас илүү хийсэн байна. Маш үнэн дэмжиж байна

0  |  0
зочин(64.119.20.159) 2018 оны 12 сарын 13

Балхжав хөгжмийн зохиолч монголын ард түмнийг өөрийнхөө зохиосон энэ олон зуун хөгжмөөрөө монголын ард түмнийг олон жил гэгээрүүлж явна. Энэ хүнд төрийн соёрхолт өгдөг дарга гэж байна уу.

0  |  0
Зочин(103.26.193.10) 2018 оны 12 сарын 13

Б. Зангад гуай МУ-ын хөдөлмөрийн баатар, дуучин А.Долгор Ардын жүжигчин шүү. Зөв бичээч ээ

0  |  0
Зочин(66.181.189.217) 2018 оны 12 сарын 13

Дуучид Улаанбаатарын хөгжил дэвшилд хэн нь юу юу бүтээж ямар хувь нэмэр оруулж орхисон юм бэ? Нэрлээд хэлээд өгөх хүн байна уу?

0  |  0
Top