ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотын агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

    Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод утаа, агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх онд онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөжээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон сууц барих, дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг дулааны шугаманд холбох, зам тавих, утаагүй түлш, шөнийн тарифаар халаах төхөөрөмжүүдийг судлаж нэвтрүүлэх, ногоон байгууламж, услалтын системийг нэмэх зэрэг ажлуудыг 2019 онд хийх юм байна.

    Энэ талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Аймгийн төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийт 51 айлын 3 орон сууцыг хувийн хэвшлийн оролцоотой дахин төлөвлөлт хийгдэж дуусна. Үр дүнд үйлчилгээтэй 9 давхар, 154 айлын 3 орон сууц баригдаж, 49 айл шинэ орон сууцтай болж, 105 айл шинээр орон сууцанд орох боломжтой.
Хувийн хэвшлийн оролцоотой орон сууцжуулах ажлын үр дүнд аймгийн төвд ашиглалтад орсон орон сууц 2017 онд 132, 2018 онд 109, 2019 онд  169 айлын орон сууц, дахин төлөвлөлтөөс шинээр 105 нийт 274 айлын шинэ орон сууц ашиглалтад орно.

2018 онд аймгийн төвийн хэсгийн 1,5 км дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлыг хэрэгжүүлснээр аймгийн төвд байрлах нийт 50 аж ахуйн нэгж байгууллагууд төвлөрсөн дулааны шугамд холбогдсон. 2019 онд Даланзадгад сумын төвийн дулааны шугамын өргөтгөлийн ажлыг 700 сая төгрөгөөр хийнэ. Үүнд Даланзадгадын 1, 7-р багийн төв, 8-р цэцэрлэг, 4-р сургууль, Жаал уулын 1, 2-р гудамж, Аргалант хороолол, ЦТП-7-ын өргөтгөл гэх мэт нэн шаардлагатай хэсгүүдээс эхлээд дулааны шугам сүлжээг өргөтгөнө” гэсэн мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

   Мөн гэр хорооллуудын шороон замыг авто зам, явган болон дугуйн зам болгож хучих, Даланзадгад сумын төв доторх ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, талбайн услалтын системийг иж бүрэн суурилуулах ажлыг нийт 50 га талбайд хэрэгжүүлэх аж.  

 

ZINDAA.MN

Т.Амараа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top