“Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сургалтад оролцогчид загвар сонсгол хийж үзүүллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл хамтран өнөөдөр /2018.12.13/ “Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн болон бусад төрийн байгууллагын ажилтнууд, улс төрийн нам, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч зэрэг 100 гаруй хүнийг хамруулан сургалт зохион байгуулж байна.

Үдээс өмнөх сургалтаар нийтийн сонсголыг хэрхэн зохион байгуулах талаар ойлголт, мэдээллийг өгсөн бол үдээс хойших сургалтаар сургалтад оролцогчид загвар нийтийн сонсгол хийж үзүүлэв.

Нийтийн сонсголд оролцох бүх талын төлөөллийн дүрд оролцогчид “тоглож” зохион байгуулсан загвар нийтийн сонсголоор Авто машины дугаарын хязгаарлалт хувиараа такси эрхлэгчдийн нэг өдрийн орлогыг алдагдуулж байна уу гэсэн асуудлыг хэлэлцлээ.

Таксины жолооч /иргэн/, тайлбар мэдэээлэл өгч, асуултад хариулах үүрэгтэй тухайн асуудлыг хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, Байнгын хорооны дарга, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дүрд “тоглосон” сургалтад оролцогчдыг зохион байгуулагчид чиглүүлж, амжилттай өндөрлөв.

Загвар нийтийн сонсголын дараа Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн сургагч багш, Конгрессын гишүүний Ажлын албаны дарга асан Брэд Смитт “Оролцогчид загвар сонсголыг хийж үзүүлэхдээ өндөр түвшинд ажиллаж байгаа нь харагдлаа. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын чадамж өндөр юм байна. Ардчиллын үйл явцыг хөгжүүлэхдээ үнэ цэнийг нь авч явахад өөрсдийгөө зориулж байгаа хүсэл эрмэлзлэл нь тодорхой анзаарагдсан. Оролцогчид маш сайн бэлтгэгдсэн байна. Ингэж ажилласнаар нийтийн сонсголыг амжилттай зохион байгуулахад оруулах өөрсдийнх нь хувь нэмэр маш их гэдгийг ойлгож авснаараа ач холбогдолтой болсон болов уу” хэмээн ярив.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top