БАЯН-ӨЛГИЙ: Үерт өртсөн хүүхдүүдэд гамшгийн нөхөн сэргээх тусламж үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

    Японы Хүүхдийг Ивээх Сан, Япон Платформ Сан хамтран “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төсөл энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарыг дуустал Баян-Өлгий, Ховд аймгуудад хэрэгжиж эхэллээ.
Төслийн зорилго нь өнгөрсөн долдугаар сард Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт тохиолдсон үер усны аюулд өртсөн айл өрхүүдийн хүүхдүүдэд гамшгийн нөхөн сэргээх тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.
Энэхүү төслийг орон нутагт сурталчлах, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, санамж бичиг байгуулах, төслийн орон нутгийн хяналтын зөвлөл байгуулах, үерт өртсөн хүн амд нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтнууд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, А.Камелият, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ТЗУХ-ийн дарга Д.Ербол, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяр, БСУГ-ын Арга зүй нэгжийн дарга А.Еркегүл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ерген болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтнууд оролцов.
Уулзалтын хүрээнд төслийн зорилго, зорилтот бүлэг, үйл ажиллагаа, орон нутгийн байгууллагуудын үүрэг оролцоо, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төсөл хэрэгжих хугацаанд үерт өртсөн хүүхдүүдийн тоог тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу нарийвчлан гаргах ажлыг зохион байгуулах бөгөөд зорилтот бүлгийн хүүхдийн боловсролыг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Мөн төслийн хүрээнд олон нийтэд түшиглэсэн үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр бэхжүүлэх үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top