ЧУУЛГАН: Хүлээлт үргэлжилсээр!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй шалтгаанаар гурван долоо хоногийн турш хуралдаж чадахгүй, төрийн ажил гацаад байгаа билээ. УИХ-ын даргын зүгээс өнөөдөр /2018.12.14/-ийн 10:00 цаг гэхэд гишүүдийн ирцийг бүрдүүлж, чуулган хуралдах боломж бүрдүүлэхийг УИХ-ын дэд дарга нар, УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын дарга нарт үүрэг болгоод байгаа.

Хэдийгээр УИХ-ын дарга ийнхүү гишүүдийг хуралдаа суухыг урьж байгаа ч нөгөө талд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, түүнийг ажлаа өгтөл чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь илэрхийлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид УИХ-ын даргыг 2018.11.22-нд ажлаа өгөхийг шаардсан. Үүнээс хойш бүтэн гурван долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдсангүй. Байнгын хороодын хуралдаан саатаж байна. УИХ-ын дарга М.Энхболд хуулиар УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүрэгтэй. Гэтэл УИХ-ын гишүүдийн олонх нь энэ хүнээр удирдуулахгүй гэж байна.  Сайд нар, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл чөлөөлөгдөж болдог хуультай. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд хуулийн заалтын ард нуугдаж байна. Монголын төрд шударга ёс юунаас ч илүү хэрэгтэй байна. Тиймээс ёс зүйн үүднээс албан тушаалаа өгөхийг УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байна. Бид УИХ-ын дарга М.Энхболдод хандаж, албан ёсоор УИХ-ын гишүүдийн олонх нь буюу 38 гишүүн гарын үсэг зурсан шаардлагыг өгч байна. Зарим гишүүд томилолттой байгаа учраас хараахан зурж амжсангүй. 40 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэсэн юм.

Эдгээр 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд үүнээс үүсч болох аливаа эрсдэл сөрөг үр дагаврыг албан тушаалтайгаа зууралдаж буй М.Энхболд хариуцах болно гэдгийг мэдэгдээд байгаа. Түүгээр ч зогсохгүй хэрэв “Огцрохгүй бол эсэргүүцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэх утга бүхий зүйлийг хэлж, гудамжинд гарч, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэх замаар УИХ-ын даргыг огцруулах болно гэдгээ хэлсэн юм.

Тэгэхээр өнөөдөр мөн чуулган хуралдахгүй байх магадлал өндөр байна. Юутай ч өнөөдрийн /2018.12.14/ чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үеийн нэн яаралтай 18 асуудал болон Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэх тов гараад байгаа юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
долир(103.111.68.3) 2018 оны 12 сарын 14

энэ долир нөхөр албан тушаалаасаа буугаад өгөөсөө

0  |  0
зориг(150.129.142.45) 2018 оны 12 сарын 14

Ард олноо болон төр засгаа бодоод огцроод өгөөсэй. Ганцхан өөрөөсөө болоод улсын ажил гацаад байгаа гэдгийг харсаар байж суугаад байдаг. Тэнэг юм уу хаашаа ч юм.

0  |  0
Зочин(66.181.166.10) 2018 оны 12 сарын 14

alban tushaaltaigaa uhen hatan zuuraldaj bnaa

0  |  0
Top