Страсбургийн халдлагын сэжигтэн буудуулж, нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Францын Страсбург хотын Зул сарын баярын зах дээр халдлага үйлдсэн этгээд Францын цагдаа нарт буудуулж, нас баржээ. Сэжигтэн Страсбург хотын гудамжинд цагдаа нартай нүүр тулсан бөгөөд түүнийг зогсоох гэхэд цагдаа нар руу эхэлж гар нээсэн тул хүчнийхэн хариу арга хэмжээ авчээ.

Энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд болсон уг халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, арав гаруй хүн шархадсан билээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Афган гаралтай, лалын шашинтай Камал Нагчбанд гэх 45 настай, гурван хүүхдийн эцэг байжээ.

Сэжигтэн болох 29 настай Шериф Чекатт хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж, Франц, Герман улсад хоригдож байжээ.

Чекаттыг эрэн сурвалжлах ажиллагаанд хэдэн зуун хүчнийхэн дайчлагдсан бөгөөд халдлагатай холбогдуулан Чекаттын хоёр ах болон аав, ээжийг нь баривчилсан байна.

Страсбург хотод төрсөн Чекатт үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хүмүүсийн жагсаалтад орж, аюулгүй байдлын албаныхны хараанд өртсөн нэгэн байжээ. Тэрээр 27 гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө нэлээдгүй хугацааг торны цаана өнгөрүүлсэн байна.

Хэрэг гарсан өглөө цагдаа нар түүнийг өөр хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж, гэрт нь очиход, тэр эзгүй байсан гэнэ. Гэрт нь нэгжлэг хийхэд гранат, буу, хоёр ангийн хутга зэрэг байсан гэв.

“Исламын улс” бүлэглэлийн мэдээллийн Амак агентлаг “Чекатт нь Исламын улсын цэрэг байсан бөгөөд Сири, Иракт Исламын улсын эсрэг байлдаж буй эвсэлд нэгдсэн улс орнуудын иргэдийн эсрэг ажиллагаа явуулж байсан” гэж бичжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top