БНКУ-ын Элчин сайдын яамнаас хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Тусгаар тогтнолын өдрийг угтан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Арга хэмжээнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, казах үндэстний төлөөлөл, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов.

Хүндэт зочноор оролцсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстан улс тусгаар тогтносон орны хувьд дэлхийн хөгжингүй орнуудын тоонд багтахаар шийдэмгий алхмууд хийж байгааг онцлон, Казахстаны ололтуудыг өндрөөр үнэлэв. Түүнчлэн хоёр улс хоорондын түүхэн харилцаа холбоог цаашид улам хөгжүүлэх хэрэгтэйг дурдав.

Түүнчлэн Шадар сайд Ө.Энхтүвшин энэ зун Монгол Улсад болсон үерийн гамшигтай холбогдуулан Казахстаны Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Элчин сайд К.Кобландин хүлээн авалтанд хэлсэн үгэндээ Казахстаны тусгаар тогтнолын он жилүүдэд бүтээсэн ололт, амжилтууд түүний дотор Төрийн тэргүүний «Казахстан-2050», «Нурлы жол (Саруул зам)», Үндэсний хөтөлбөр болох «100 тодорхой алхам» болон Үндэсний эх оронч санаачилга «Мангилик Ел» хөтөлбөрүүдийн хүрээнд стратеги, улс төр, эдийн засаг болон нийгмийн салбаруудын шинэчлэлүүдийн тухай мэдээлэв. Түүнчлэн, хүрэлцэн ирсэн зочидод Казахстаны 2017-2018 онуудад НҮБ Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнчлэлийн тухай мөн бусад олон улсын тавцан дахь гол амжилтуудын талаар дурдлаа.

Энэ дашрамд 2018 онд Казахстан болон Монгол Улсын хооронд байгуулагдсан Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ой, хоёр улсын харилцаа холбоо бүх чиглэлд ялангуяа улс төр, эдийн засаг болон соёл, хүмүүнлэгийн салбаруудад эрчимтэй хөгжиж байгааг онцоллоо. Арга хэмжээний явцад түүхэн болон архитектурын хөшөө дурсгалууд, казахын ард түмний соёл, ёс заншил, Нийслэл Астана хотын архитектурын онцлогуудыг харуулсан видео-танилцуулга болон ард түмний уламжлалт соёлыг хамруулсан үзэсгэлэн гаргаж,  Монгол Улсын Үндэсний консерваторийн цохиур хөгжмийн чуулга болон «Алаш хамтлаг»-ийн домборчид хамтран урлагийн тоглолт үзүүллээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top