Йемений дайн: Ходейдах хотод гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Йемений сөргөлдөгч талууд тус улсын хүн амын 60 хувьд үхэл амьдралыг шийдэх Ходейдах хотод гал зогсоох тохиролцоонд хүрчээ. НҮБ-ийн ивээл дор Швед улсад арванхоёрдугаар сарын 6-нд эхэлж, арав орчим хоног үргэлжилсэн яриа хэлэлцээний хамгийн том амжилт нь энэ байлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш онцоллоо. Тэрбээр Ходейдах хотод гал зогсоох тухай тохиролцоо дөрвөн жилийн турш үргэлжилсэн Йемений дайныг төгсгөх эхлэлийг тавина гэж найдаж буйгаа илэрхийллээ.

Босогчдын хяналтад буй Ходейдах боомт хот нь импортын бараа бүтээгдэхүүн, хүмүүнлэгийн тусламжийг тус улсад нэвтрүүлдэг гол боомт юм.

Сөргөлдөгч талууд болох хүсит босогчид болон Йемений засгийн газрын эвслийн хүчнийхэн Ходейдах хотоос ойрын өдрүүдэд гарч, НҮБ боомт хотыг хяналтдаа авч, хүмүүнлэгийн тусламжийг түгээх ажлыг зохион байгуулах гэнэ.

Үүнээс гадна яриа хэлэлцээний үеэр талууд тус улсын Тайз хотын тал дээр харилцан ойлголцолд хүрчээ. Хүситүүдийн хяналтад буй нийслэл Сана  хот болон Йемений бусад хэсэгт гал зогсоох тохиролцоонд хүрч чадаагүй ч, ойрын өдрүүдэд Сана хотын нисэх онгоцны буудлыг дахин нээнэ гэдэгт найдаж буйгаа Антонио Гутерреш илэрхийллээ.

Түүний хэлснээр, бусад асуудлаарх дараагийн шатны яриа хэлэлцээ ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр төлөвлөгдөөд байна.

Стокгольм хотноо Ираны дэмжлэгтэй хүсит босогчид, Саудын Арабын дэмжлэгтэй эвслийн хооронд болсон яриа хэлэлцээ нь сүүлийн хоёр жилд болж буй анхны хэлэлцээ юм.

НҮБ-ын мэдээллээс үзвэл, Йемений дайнд нийт 6660 гаруй энгийн иргэд амь үрэгдэж, 10560 хүн шархдаж, олон мянган хүүхэд, энгийн иргэд хоол хүнсний дутагдал, халдварт өвчний улмаас нас баржээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.45.152) 2018 оны 12 сарын 14

Ходейдах биш Хургада гэдэг юм.

0  |  0
Top