ТОЙМ 2018| Монголын Эдийн засаг, Уул уурхайн салбарын ОНЦЛОХ НАЙМ

2018 оны 12 сарын 30
  • 2018 онд өрнөсөн онцлох үйл явдлын ТОЙМ-ыг Zindaa.mn багцлан хүргэж байна. "2018 ОНЫ ОНЦЛОХ НАЙМ" тоймыг Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын үйл явдлаар үргэлжлүүлж байгааг хүлээн авна уу! 

1. БАНКНЫ САЛБАР 30 ИХ НАЯД ДАВЖ,

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 200 ХУВЬ ӨСӨВ

Банк, даатгал, хөрөнгийн зах гэсэн үндсэн гурван тулгуур Санхүүгийн зах зээлд бий. Тэгвэл манай улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 28 жилийн хугацаанд банкны секторын хөгжил нөгөө хоёроосоо илүү байж ирсэн. Зүй нь хамтдаа урагшилж байж салбар эрүүл байх боломжтой тул Хөрөнгийн зах зээл, Даатгалын салбараас таатай мэдээлэл бидэнд ирэх ёстой байдаг. Тиймээс  санхүүгийн гурван салбарын онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.  

БАНК: Монголын банкны салбарын нийт хөрөнгө энэ оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давсан нь онцлон харах үзүүлэлт яах аргагүй мөн юм. Санхүүгийн зах дахь хөрөнгийн урсгалын 90 гаруй хувийг хамаарах банкны салбарын хөрөнгө өссөний сацуу хөрөнгийн ДУТАГДАЛ-ын тухай сэдэв мөн анхааралд байлаа. Чехийн PWC компани Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд зарим банкны дутагдсан хөрөнгийн хэмжээ 513 тэрбум төгрөг байна гэсэн дүн гарсан. Төв банкны Ерөнхийлөгчийн зүгээс банкуудад өөрийн хөрөнгөө энэ арванхоёрдугаар сард багтан нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл оны эхний есөн сарын байдлаар системийн хэмжээнд таван банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмчихээд буйг Төв банкны зүгээс мэдэгдлээ. Тэгэхээр  арилжааны банкуудын дутагдсан хөрөнгийн хэмжээ одоо 373 тэрбум төгрөгөөр тооцогдож байгаа гэсэн үг. Хэрэв 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөрт багтаан банкууд өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг НӨХӨЖ амжихгүй бол Төв банкнаас арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ системд нөлөө бүхий банкуудад дэмжлэг үзүүлнэ гэдгээ Н.Баяртсайхан Ерөнхийлөгч мэдэгдсэн. Нөлөө бүхий банкууд нь Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Хас банк юм.  Сүүлийн нэг жилийн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд дотроос Хаан банкны актив хамгийн тогтвортой буюу улиралд дунджаар 3 орчим хувиар өсч байгаа бөгөөд түрүүлж 8  их наяд төгрөгийн босгыг давлаа.


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: Энэ он дотоодын  хөрөнгийн зах зээлийн хувьд хамгийн олон IPO хийгдсэн жил болж байна. Хамгийн чухал хэсэг болох үнэт цаас, хөрөнгийн зах зээлээ хойш тавиад, ХЗХ, ББСБ-тай илүү зууралдсан алдаа өнгөрсөн жилүүдэд СЗХ-нд бийг С.Даваасүрэн дарга хэлнэ лээ. С.Батболдын удирдаж асан Засгийн газрын үед “Хөгжлийн хөшүүрэг” гэгдэн нэрлэгдэж үзсэн Хөрөнгийн зах зээлийг ахисан шатанд гаргах суурь чанартай ажлууд энэ жил хийгдсэн гэж хэлж болох байх. Эдийн засаг 17 хувиар өсч асан тэр үед 2 их наядаар  хэмжигдэж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ уруудсаар  2015 он гэхэд  1.2 их наяд төгрөг болж байв. Тэгвэл энэ онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд 398 тэрбум төгрөгийг даваад байна. Хөгжих шаардлагатай тухай нь хоёр арван дамжин ярьж буй энэ салбар сүүлийн 3 жилд 200 хувиар өсөөд байна. Монголын хөрөнгийн бирж дээр компанийн хоёр бонд гарч,   долоон IPO хийгдээд буй юм. 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеээс 10.5 хувиар өсөөд байна.

ДААТГАЛ: Энэ жил даатгалын салбарын хоёр компани IPO гаргасныг онцлох хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо “Мандал даатгал” болон “Ард даатгал” компаниудад  хөрөнгийн зах зээлд IPO гаргах зөвшөөрөл өгсөн юм. Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсч, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.3 хувиар өссөн үзүүлэлт байна.

2. НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИВ

Нефть боловсруулах үйлдвэр монголд баригдсанаас хойш 69 жил, нефть боловсруулах орчин үеийн үйлдвэр барина гэсэн 20 гаруй жилийн амлалтын дараа 2018 оны зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумандд нефть боловсруулах үйлдвэр шаваа тавилаа. Энэтхэгийн Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүүнээс эхний таван жил чөлөөлөгдөж, таван жилийн дараагаас эхлэн 1.75 хувийн хүүг төлөх юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэр дотоодын  хэрэгцээний 30 гаруй хувийг дангаар хангах зорилготой байгаа юм. Нийтдээ 150 гаруй га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтан дуусна.


 

3. ЖДҮ 27 САНГ ШАЛГАХ ШАЛТГААН БОЛОВ

Төрийнх нэртэй ч түмэнд очих ёстой хөрөнгө мөнгийг эрх мэдэлтнүүд  хэрхэн яаж системчилж хувааж “иддэг” болохын тод жишээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдох баримтуудаар баталгаажсан билээ. УИХ-ын 14 гишүүн, Засгийн газрын хоёр сайд, Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий Аудитор, өч төчнөөн охин компанитай топ группийн тэргүүн гэхчлэн жижиг, дундын ангилалд багтаж  орохооргүй олон этгээдүүдийн холбоо хамаарал бүхий компаниуд энэ сангийн мөнгийг ижил тэгш байдлаар хуваарилж авсан нь ил болов. 950 сая төгрөгийн тэгшитгэсэн тоотой зээл эрх мэдэлтнүүдийн халаас руу орж байсны цаана  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үүдээр орсон төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг тухай ярих хэрэгтэй болсон юм.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын тусгай сан. Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан гэнэ гэж хуульчилсан байдаг.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 26 мянга 454 төсөлд, 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл  ирүүлжээ. Үүнээс 18 хувь буюу 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд 18 мянга  918 төсөл ЖДҮ-ийн зээлийн шалгуурыг хангаж чадаагүй бүдэрчээ. Бүдэрсэн төслүүд үнэхээр шаардлага хангаагүй юу. Хэдэн хувь нь  эрх мэдэл, танил тал гэсэн давуу талгүй тул зээлд хамрагдаж чадаагүй вэ гэсэн асуулт зайлшгүй даган тавигдаж буй. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн цаана байгаа бусад 26 тусгай санд төвлөрдөг мөнгөний хуваарилалт, зарцуулалтыг бодитойгоор ил болгох шаардлага тулгарсан юм.

4. РИО ТИНТО “ОЮУТОЛГОЙ”-Н ЦАХИЛГААН СТАНЦЫГ ШИЙДНЭ ГЭЖ ЗАРЛАВ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компанитай цахилгаан станцын асуудлаар олон удаа хэлэлцсэний эцэст шинэ оны зааг дээр барьж болох юм гэх хариуг Рио Тинто компаниас сонсов. Дээрх мэдэгдлийг гаргахаас хоёр долоо хоногийн өмнө Рио Тинто компани дотоодын улс төрийн маргаанаас шалтгаалсан эрсдэлтэй гэж дүгнэснээс хойш ийнхүү удалгүй Засгийн газартай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ ийнхүү мэдэгдсэн юм.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арно Суарат, “Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман нартай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөн ярилцсан юм. Уулзалтын үеэр “Тавантолгойн цахилгаан станц барих талаар Монголын Засгийн газартай нэн тэргүүнд ойлголцох асуудал их бий. Хэрэв талууд ойлголцолд хүрч чадвал ойрын хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурж, ажлыг эхлүүлэх боломжтой” гэж Арно Суарат ярьжээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны эхний хагаст багтаан дээрх хэлэлцээг хүчин төгөлдөр болгоно гэж мэдэгдсэн юм. 

5. ЭДИЙН ЗАСГИЙН ЗУРАГЛАЛ ИНГЭЖ ГАРАВ

Оны эхний гурван улиралд зөөлөн байсан Мөнгөний бодлого арваннэгдүгээр сарын сүүлчээр хатуурах төлөвт шилжив. 2017 оны дунд үеэс эхлэн хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт зургаа дахь шатны үнэлгээ хийсэн ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийн явц сайн байна гэж дүгнэсэн. Гэхдээ болзошгүй эрсдэлүүд бий тул угтаж арга хэмжээ авах хэрэгтэй, Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтлах шаардлага байна гэж зөвлөсөн юм. 2018 оны туршид хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, гадаад валютын нийт нөөц 3 тэрбум ам. долларыг давж, өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувь болж багассан. Төсвийн тэнцэл ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсныг “0” тэнцэл рүү дөхүүлж бууруулсан. Засгийн газрын гадаад бондын хүүгийн түвшин бараг хоёр дахин багассан болохыг ОУВС-гийн зүгээс онцолж буй. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын ээлжит хурал буюу энэ оны сүүлийн хурлаа 14-ний өдөр  хийж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан Бодлогын хүүг 1 хувь өсгөж, 11 хувьд хүргэсэн шийдвэрээ оны сүүлийн хурлаараа хэвээр үлдээв. Уг шийдвэрээ инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна гэж буй юм.


Бодлогын хүүг өнгөрсөн сард өсгөх болсон суурь нөхцлүүд нь ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшид дарамт учруулсантай холбоотой байв.

Есдүгээр сарын дунд үеэс эхлэн төгрөгийн эсрэг илтэд чангарах болсон ам.долларын ханш улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн нэмж чангарав. Өмнөд хөршийн зүгээс нүүрсний экспортод хязгаарлалт тавьсан зэрэг нэмэлт шалтгаанууд бий ч, угтаа бол тогтворгүй байдлаар далимдуулан “хүлээлт”-ийг өдөөж, ханшийг чангаруулсан байхыг бас үгүйсгэх аргагүй байгаа юм. Орж ирсэн валютаа олон хэрэглээгээ шийдэх гээд буцаагаад гаргадаг манай улсын тухайд ханшийн өсөлт эмзэг сэдэв. Ханшийн өсөлтийг дагаад бараа, үйлчилгээний үнэ өсөх тогтолцоотой. Жилийн инфляци арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьтай байгаа юм. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах, шатахуун, хатуу түлш зэрэг барааны үнэ өссөн нь инфляцид голлон нөлөөлсөн бөгөөд цалин болон  дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн  инфляцид  үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэхээр байгааг Төв банкнаас мэдэгдэв.

Мөн шатахууны үнийн өсөлт бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг.Тэгвэл энэ он гарсаар шатахууны үнэ таван удаа нэмэгдсэн. Харин сүүлд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шатахуун импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, арванхоёрдугаар сарын 7-н гэхэд 100 төгрөгөөр, оны сүүлийн өдөр гэхэд 200 төгрөгөөр түлшний үнийг бууруулах шаардлага тавьсан юм. Бууруулахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж мэдэгдсэн. Компаниудын хувьд нэмсэн үнээ буулгах дургүй байгаа ч, засгийн төмөр нударгаас болгоомжилсон хандлага нь мэдрэгдэж буй юм.

ОУВС-гийн хөтөлбөр хоёр он дамнаж, гурав дахь жилээ угтах гэж байна. Эдийн засгийн алгуур өсөлт ирэх онд хадгалагдахаар байна. Гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа ч, энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болно гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Ер нь бол 2018 онд эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлууд хийгээд тодорсон үзүүлэлт бүр олон өнгөт, төрөлжсөн бүтцийг нэхэж байсныг тодотгох хэрэгтэй.

Мөн эдийн засгийн салбарын анхаарал татсан гол сэдвийн нэг бол манай улс СААРАЛ ЖАГСААЛТ-д орохгүйн  тулд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөлөмжүүдийг хөрсөн дээр буулгах шаардлага юм. Саарал жагсаалтыг дагаж олон эрсдэлүүд ойртдог тул Монгол Улс “Саарал жагсаалт”-ын гадаа үлдэхийн тулд холбогдох байгууллагууд дорвитой алхмууд хийх хэрэгтэй юм.

Эдийн засгийн онцлох мэдээллүүдийн нэг бол Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бонд гаргасан явдал юм.

6. “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-ТОЙ ХОЛБООТОЙ САЙН МЭДЭЭ

УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, IPO хийх шийдвэр гарсан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр ажлын хэсэг байгуулжээ. Олон улсын зах зээлд гарахын тулд компанийн засаглалаа сайжруулах шаардлагатай байдаг тул “Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулахаар болсноо өнөөдөр зарлалаа. Монгол Улсын хувьд анх удаа бизнесийн байгууллага дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулсан нь энэ юм. Уг зөвлөл мэдээллийн ил тод байдлыг хангах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, компанид хяналт тавих үүрэг хүлээжээ. Олон нийтийн зөвлөл есөн гишүүнтэй байхаар болсон байна.

Түүнчлэн олон жил амь орохоо хүлээж буй 1072 хувьцааг ирэх 2019 оны сүүлээр амь оруулна гэдгээ есдүгээр сард зарлав. Ингэснээр иргэн бүрт  ноогдол ашиг тараахаар болжээ.

7. 34 ХУВИЙГ МОНГОЛЫН ТӨР ХЭРЭГССЭНГҮЙ!


Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж тодотгон, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг. Тэгвэл  жагсаалтад багтсан “Цагаан суварга”,  “Гацуурт” ордтой холбоотой асуудлуудыг  Zindaa.mn сайт цувралаар хөндсөнөө тодотгож байна.  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдлээс Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн мэдэлд шилжсэн “Гацуурт” төсөл Монголын төрд чухам яагаад хамаатай вэ гэдгийг бид цуврал нийтлэлүүдээрээ хүргэсэн. 34 хувь нь төрийн мэдлийнх гэдгийг УИХ-ын тогтоол баталгаажуулсаар атал, төр уг ордыг хэрэгсэхгүй байгаа нь анхаарал татаж буй.

Мөн Стратегийн орд гэх тодотголыг хуулиар хүлээсэн “Цагаан суварга” ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ “0” байх нь зохистой юу гэдэг асуудлыг хөндсөн билээ.

8. АЛТНЫ ШИНЭ НӨӨЦ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ жинст суманд орших Баян-Хөндий алтны бүлэг ордын геологийн нөөц захын агуулгаар 1.4г/т бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогджээ. Уг нөөцийг NI-43101 стандартаар тогтоосон байна. Тухайлбал тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоожээ. Харин өндөр агууламжтай хэсгээрээ 3.7 г/тн агуулгатай 642 000 унци, 5.2 г/тн агуулгатай алтны нөөц 357 000 унци гэдгийг тогтоогоод байна.

Хөндий төсөл нь Баян-Хөндийн алтны бүлэг орд, Алтан нар гэсэн хоёр ордоос бүтдэг юм. Хөндий алтны төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээ энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан гарахаар болжээ.


“Баян-Хөндийн бүлэг ордын геологийн нөөцийг судлахад ил уурхайн алтны нөөцөөрөө дэлхийн дунджаас дээгүүр болох нь тогтоогдлоо. Бид Хөндий алтны төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг оны эцэст боловсруулж дууссаны дараа 2019 оны эхээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлж дуусна. Бид үүнээс гадна алтны төслийн өөр олон газарт өрөмдлөг хийнэ, тэгэхээр илүү шинэ ордууд нээгдэнэ гэдэгт итгэж байна” гэж Эрдэнэ Ресурс ХК-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерлей ярьжээ.

Баян-Хөндийн алтны орд нь Төв Азийн орогеник хагарлын бүслүүрт байрладаг алт болон зэсийн өндөр агуулгатай бөгөөд БНХАУ-ын зарим нутагт энэ хагарал дайран өнгөрдөг. Мөн энэ хагарлын бүслүүрт Оюутолгойн ордын нөөц байрладаг билээ. Тус компани 2015 оны дөрөвдүгээр улирлаас 2018 оны хоёрдугаар улирлын хооронд нийт 255 удаагийн өрөмдлөгийг 42.6 мянган метрт хийжээ.  Эрдэнэ Ресурс компани 2016 онд “Алтан нар” ордын алтны нөөцийг 936,100 унци, таамаг нөөц нь 669,800 унци таамаг алтны нөөцтэй гэж тогтоож байсан билээ.

Бэлтгэсэн Э.БОЛОРХАЖИД, Б.АЗЗАЯА

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

DORNODIIN ATNII ORDIIN BUTEEN BOSGOLT

0  |  0
rufin(41.138.91.180) 2018 оны 12 сарын 21

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 12 сарын 17

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Top