Нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчдаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран долоо хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ хийх ажээ. Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх юм. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байгаа гэнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ “Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно” гэдгийг онцоллоо.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top