ТОЙМ 2018| Хууль эрх зүй, эрэн сурвалжлах салбарын ОНЦЛОХ НАЙМ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30
  • 2018 онд өрнөсөн онцлох үйл явдлын ТОЙМ-ыг Zindaa.mn багцлан хүргэж байгаа билээ. “2018 ОНЫ ОНЦЛОХ НАЙМ” тоймыг Хууль эрх зүйн салбарт өрнөсөн онцлох найман үйл явдлаар үргэлжлүүлж байна.

1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ТӨР авлаа

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас УИХ-д мэдэгдэхгүй шилжүүлэн авсан нь илэрсэн. Ер нь, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “чимээгүй” шийдвэр гаргадгаараа алдаршсан. Арабын нэгдсэн Эмират улсад “чимээгүй” нисэж очоод “Дубайн гэрээ”-г байгуулсан. Хэрэг нэгэнт илрэх нь тодорхой болсон тул Чингис хаан олон улсын нисэх буудалд буунгуутаа сүртэй мэдэгдэл хийсэн зальжин Ерөнхий сайд байв. “Эрдэнэт”-ийн маргаан хоёр жил үргэлжилсэн юм. МАН 2016 онд олонхийн суудал авч Засгийн газраа байгуулаад эл асуудлыг анхаарлаасаа гаргаагүй. Залруулах талаар ажилласан. Эцэстээ УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг Засгийн газарт 23 дугаар тогтоолоор чиглэл болгосон.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая доллараар  худалдаж авсан үйл явцад Худалдаа хөгжлийн банк, “сахал” Д.Эрдэнэбилэг нарын бүлэглэл оролцсон гэдэг. Ямар  боловч 27 настай залуу гэнэт тодорч компани байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаад авчихсан байсан нь олон улстөрчийг гайхшруулж, энгийн иргэдийг ч бухимдуулсан. Үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр ч хавчуулагдсан бөгөөд эл эрхэм “Эрдэнэт”-ийн 49 хувийг “бизнесийнхэн авсан нь буруу зүйл биш” гэсэн байр суурийг илэрхийлдэг. УИХ дээр энэ тухайгаа мэдэгдсэн. Гадаадын улс орнуудад төрийн тэргүүн нь улсынхаа татварын ихэнхийг бүрдүүлдэг үйлдвэрийнхээ 49 хувийг авахад оролцсон гэвэл яах бол. Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн ч  жингийн цуваа нэгэнт хөдөлсөн байсан юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд болсон.  Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. Энэ ард түмнээ бодсон, тэдний талд гаргасан шийдвэр. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая америк доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгдэж байв. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагад даалгаж байлаа.  Нэгэн сонирхолтой үйл явц өрнөснийг дурдахгүй өнгөрч болохгүй. "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан тал Улсын дээд шүүхэд хандахад  тэдний талд шийдвэр гарсан. Харин Үндсэн хуулийн цэц "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах нь хууль зөрчөөгүй гэлээ. Энэ бүхний нөгөө талд саалийн үйлдвэр  “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкид барьцаалсан хэрэг гарсан.

Үүнд “Жаст”-ын Ш.Батхүү нэр холбогддог. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар нэр холбогдсон. Саалийн ганц үнээгээ 51 хувийг нь гадаадын банкинд 51 сая долларын зээлийн барьцаанд өгч хүүтэйгээ 102 сая долларын  өрөнд орсон. Олон улсын шүүхээр заргалдаад амжилтад хүрээгүй дүр төрхтэй л байна. “Эрдэнэт” үйлдвэр татвар төлөлтөөрөө улсдаа байнга тэргүүлсээр ирсэн. 2018 оныг иймэрхүү дуулиантайгаар үдэж байх шиг.

2. Авлигатай тэмцэх газрынхан  “ТУЛ” баривчлав

Авлигатай тэмцэгчид 2018 онд түүхэнд байгаагүй том баривчилгаанууд хийсэн юм. Өмнө нь загас, жараахайтай хөөцөлддөг гэж шүүмжлүүлж байсан эл байгууллага “тул” барих нь барьсан. Энэ нь амжилт гэх үү. УИХ-ын байнгын хорооны хурал дээр ээжтэйгээ амьдардаг төрийн албан хаагч эмэгтэйг авлигын хэргээр  бүлтэлзүүлж байцаалгаж суулгасан удаатай. Сумын хурлын төлөөлөгч, төрийн албан хаагч нарын “жараахай”-г авлигын хэрэгт буруутгадаг байснаа гэнэт өөрчилж 2018 онд томоохон улстөрчдийг баривчлах болсон нь цаагуураа улстөрийн нөлөө орсонтой холбоотой гэж тайлбарлах нь бий. БНХАУ авлигагүй орон болсноо зарлалаа. Тэд авлигачдаа ялаа, үнэг, бар, луу гэж ангилсан юм. Хайр найргүй тэмцсэн. Гадаадаас ч баривчилсан. Бүр Интерполын даргыг  баривчилж орхисон. Авлигатай тэмцдэг сайн жишиг ойр байх шиг.

Манай АТГ “тул” баривчилсан гэж дээр хэлсэн. Ард түмний дунд загатнасан газар маажна гэдэг үг бий. Уг нь тийм явдал бараг болсон ч тэд батлан даалтаар суллагдсан. Шүүх, прокурорт очоод хэрэг замхардаг гэсэн шүүмжлэл ч бий. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг  2018 оны дөрөвдүгээр сарын  10-нд баривчилсан нь нийгэмд багагүй дуулиан тарьж байлаа. С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дубайн буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байлаа.

Тэднийг Шүүхийн  гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан  хорих 461 дүгээр ангид саатуулсан.  Ерөнхий сайд асан С.Баяр Умард Ирланд Их  Британийн Нэгдсэн Вант улсад  Элчин сайдаар сууж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд эх орондоо ирсэн. Авлигатай тэмцэх газар С.Баяраас 10 гаруй цаг байцаалт авч  байсан юм.

Бүр хожим АТГ-ын дарга Х.Энхжаргалын  өрөөнд дайлуулсан бичлэг  цацагдаж гайхшруулсан. Хоёр Ерөнхий сайд асныг баривчилснаас  хойш 43 хоног болсон. Өндөр албан тушаалтнууд шоронгоос буруугүй гэж захидал бичдэг, өвчин тусдаг тэр бүхнийг Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар тойроогүй, дайрсан. Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж тулай өвчин нь хүндрэн хөл дээрээ гишгэж чадахгүй болсон. Сүүлдээ Сайд нарын буюу хоёрдугаар  төв эмнэлэгт шилжүүлсэн. Өөрөө эмнэлэгт хэвтэх, хүнтэй уулзахаас татгалзсан түүнийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан эргэжээ гэлцээд. АТГ-ыг авлигатай тэмцэх эсэх хянах ёстой зөвлөлийн дарга нь авлига авсан гэгдэг С.Баярыг эргэсэн тухай мэдээлэл  хачирхалтай үйл явдал. Тэрбээр, “ Хоригдож байгаа нь үнэн эсэхийг бичиг баримтыг нь үзэж нягталсан болж таарсан” юм. Ч.Сайханбилэгийн хувьд 461 дүгээр хорих ангиас ил захидал илгээж бие болоод сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байгаагаа дурьдсан. С.Баяр , Ч.Сайханбилэг нарыг шүүх 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр суллах шийдвэр гаргаснаа өдөртөө өөрчилж олон хүнийг гайхшруулж байв. Энэ нь олны шүүмжлэлээс айсантай холбоотой байж мэдэх.

Бас нэгэн “тул” баригдсан нь Сангийн сайд асан С.Баярцогт. Түүнтэй хамт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсанг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулж байлаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс С.Баярцогтын 9.2 сая америк доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцар улсын Холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байлаа.

Одоо  чимээгүй. С.Баярцогт Оюутолгойн гэрээ ашигтай, сая долларыг мартсан гээд мэлзсээр. АТГ-аас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг холбогдсон хэргийг гадаадын байгууллагын дэмжлэг, туслалцаатайгаар шалгаж байгаа гэж хуулийн байгууллагаас мэдэгдлээ. Тэгэхээс ч аргагүй байх. Эндээс өнгөц дүгнэхэд манай улсад авлига улс, гүрэн дамжсан ямар айхавтар сүлжээ болсон нь харагдана. Хэдийгээр “тул” баривчилсан боловч үр дүн хамгийн чухал. Сүүлийн үед хууль, хяналтынхныг дамжсан “шударга бусын хонгил нураагүй” гэсэн үг чанга сонсогдох боллоо. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний нэгээр ажиллаж байсан хүн ингэж хэлээд байгаа нь тун сонирхолтой. Тэр бол төрийн нууцыг мэддэг хүн. Манай улс сүүлийн хоёр жилийн дотор авлигын индексээр 31 байраар ухарч 103 дугаарт эрэмблэгдсэн нь нэгийг хэлж хоёрыг бодогдуулна.  Зөвхөн баривчилгаа хийснээр авлигатай 2018 онд өрнөсөн үйл явц харуулсаар. Улстөрчдийн эрх баригч намуудын захиалгаар дуулиан тарьсан баривчилгаа хийгээд, суллаад байвал хэр үр дүн гарах бол.

3. Зөрчилтэй, ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ мөрдөгдөж эхлэв

УИХ-аар  Зөрчлийн тухай хуулийг  баталж, 2018 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Монголчууд хүндээр тусч байна, амьдралд хэмээн шүүмжилж байгаа. Монголын хууль гурван өдөр гэдэг боловч Зөрчлийн хууль эл байдлыг өөрчилсөн. Гол агуулга нь иргэдийг баривчлахаас илүүтэй “торгодог” болчихсон юм. Халаастай нь ярьдаг болсон гэсэн үг. Иргэнд Захиргааны тухай хууль болон салбарын 240 орчим хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсныг ийнхүү өөрчилсөн. УИХ дээр хэлэлцүүлгийн явцад маргаан өрнүүлсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ нь хэтэрхий замбараагүй болчихсон байсан. Үүнийг л цэгцэлсэн хэрэг. Үйлийн лайтайгаараа би л энэ хуулийг гардаж хийсэн гэж Х.Нямбаатар хэлсэн. Энэ хуулийг хэвлэлийнхний амыг барих зорилготой ч гэдэг. Үүний нэг нотолгоо нь Зөрчлийн хуулиар торгуулагчдын 90 хувь нь сэтгүүлчид гэсэн нь судалгаанаас харагдана. Тэднийг 90 сая гаруй төгрөгөөр торгосон. Аливаа судалгаа худлаа байдаггүй.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд  “Зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа хүмүүсийн 80-90 орчим хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд байгаа гэх судалгаа гарсан байна. 2018 оны эхний улирлын байдлаар 100 гаруй сэтгүүлч энэ төрлийн зүйл заалтаар шийтгүүлсэн байна” гэсэн. Хуульч хүн худлаа хэлэхгүй болов уу.

Аж ахуйн нэгж  дээр 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөг торгууль, хувь хүнийг 10,000-20 сая хүртэл төгрөгөөр торгохоор заасан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая, сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгоход ямархуу хүнд  тусахыг тооцоолсон байх магадлалтай. Иргэдэд ч хүндхэн тусах болсон нь үнэн. Ажилгүй иргэн зөрчил гаргаад 100 мянган төгрөгөөр торгуульна гэдэг хүнд.   Жижиг зөрчил гаргасан иргэн, хүнд ноцтой гэмт хэрэгтнүүдтэй хамт хоригдох нөхцөл бүрдсэн байсныг өөрчлөхөөр 2015 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн баталсан гэдэг тайлбар дагалддаг юм.

4. С.Зоригийг хөнөөсөн ХЭРЭГТНҮҮД олдсон ч, ЗАХИАЛАГЧ илэрсэнгүй

Өнгөрч буй 2018 онд С.Зоригийг хөнөөсөн хэргийн дуулиан дахиад үргэлжиллээ. Төр, нийгмийн зүтгэлтэн  С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг 18 жил эрж хайсан. Улстөрийн намуудын сонгуулийн шоу болж байсан нь ч гарцаагүй үнэн. Илрүүлнэ, яг илрэх гэж байна хэмээгээд. 1998 оны 10 дугаар сарын 2-ны гунигт өдрөөс хойш 20 жилийн дараа гурван иргэнийг Орхон аймгаас илрүүлж баривчлалаа. Мөрдөн шалгалт хоёр жил шахам нууцаар үргэлжилсэн байсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг буруутгаж 23-24 жилийн хорих ял оногдуулж хаалттай хорих ангид ялыг нь эдлүүлэх болсон юм.

Хэргийн илрүүлэлт бас л иргэдийн дунд эргэлзээ, улстөрчдийн дунд талцал, маргаан үүсгэсэн. Хэргийг зохиомлоор гэхээс эхлээд янз бүрийн тайлбар гарч байлаа. Гарахаас ч аргагүй. Хэтэрхий их нууцалж нуухаар элдвээр харддаг, сэрддэг, үл итгэдэг тал бий. Нууцын зэрэглэлтэй учраас газар авахгүй. Уг нь, Олон улсын анхааралд ч өртсөн. Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн хэргийн илрүүлэлтийн талаар арай л өөр утгатай зүйл ирүүлсэн байдаг. Захиалгат аллага гэсэн ч захиалагчийн хэргийг тусгаарласан юм. 

Олны эргэлзээг бага боловч тайлах үүднээс Засгийн газрын хуралдаанаар уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, 74 материалыг нууцын зэрэглэлд үлдээсэн. Энэ нь Засгийн газар хэрэгт оролцсон гэсэн үг биш. Тийм боломж ч байхгүй.  С.Зориг агсны эхнэр Б.Булган Тагнуулын ерөнхий газарт 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр очиж мэдүүлэг өгсөн нь олны анхаарлыг  татлаа. Б.Булган хэвлэлийнхэнд байтугай, хэргийг мөрдөгчдөд тодорхой зүйл хэлдэггүй бололтой байдаг. Түүний өмгөөлөгч Ц.Гүенбат "Мөрдөн байцаалтын нууцын  баталгаан дээр гарын үсэг зуруулсан. Мэдүүлгээсээ эргэж буцсан зүйл байхгүй. Анхны өгсөн мэдүүлэг, аман зураг хэвээрээ" гэж мэдэгдэж байлаа.  Б.Булган цор ганц амьд гэрч гэдгээрээ хамгийн их сэрдэгддэг. Энэ ч гарцаагүй байх. Төв аймгийн хориход эрүүдэн шүүлээ гэсэн хардлага гарсан. Энэ бүхний эцэст дахиад суллагдсан. Малыш Б.Энхтүвшин “С.Зоригийн хэргийн эзнийг хамгийн ойрын хүрээний хүмүүсээс хайх ёстой” хэмээн хэлээд байдаг. Б.Булганыг хэд хэдэн удаа баривчилсан. Иргэн хүн хардах эрхээ эдэлсэн гэж цагаатгаж болох ч үүнийгээ С.Зоригийн хөшөөнд 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр цэцэг өргөхөд ч  давтсан.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат  2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэг үйлдсэн гэдэг нь бусад баримтаар тогтоогдсон байхад Б.Булган энэ хүмүүс биш гэж мэдүүлсэн. Тийм учраас энэ хэрэгт Б.Булганыг яллагдагчаар татан шалгасан. Шалгах явцад хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж байлаа. Г.Эрдэнэбат С.Зоригийг хөнөөх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан учраас бас л сэрдэгдэх болсон.  Одоо хэргийн захиалагч тодрох эсэх бүрхэг. Дахиад 20 жил хүлээх үү.

5.Онц ноцтой ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГҮҮДИЙГ шийдвэрлэв


-Ой найман сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноов-

Харгис хэрцгий хүчирхийлэгчдийн золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн тоо жил ирэх бүрт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч 2017 оны байдлаар хүчингийн 213 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 205 нь бага насны хүүхэд хохирсон гэж бүртгэгдсэн ба  хохирогчдын 6 нь эрэгтэй хүүхэд байсан юм.

Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү Х-г хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Сэжигтэн  этгээд Ц-д холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Дорноговь аймгийн сум дундын шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Улмаар яллагдагч Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон юм.

-13 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдийг бүх насаар нь хорино-

Өнгөрч буй 2018 онд олныг сэрдхийлгэсэн аймшигт хэргүүдийн нэг бол “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэг байв.

Охиныг зочид буудлын өрөөнд бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг 2017 оны наймдугаар сард гарсан ч хэргийн мөрдөн байцаалт жил гаруй хугацаанд үргэлжилж, энэ оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн юм. Энэ хэрэгт  Д.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж яллагдагчаар татаад байсан. Улмаар шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр болсон юм.

Шүүх хурлын дараа хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Шүүхийн дүгнэлтэд аманд үзэгдэх шүд байхгүй гэх өгүүлбэр бий. Түүнчлэн охины анус урагдалттай, хамар мурийсан зэрэг  гэмтэл авсан байдаг. Гэвч эдгээрийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд оруулаагүй байсан. Талийгаач охины биеэс цэвэр метилийн спиртээр тооцвол 250 граммтай тэнцэх хэмжээний спирт илэрсэн. Гэвч үүнийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч 30 минутын дотор ууж чадахгүй” гэх мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн хэрэг гарсан “Очир” төвийг охиныг амины аминд хүрэх  нөхцөл байдлаар хангаж өгсөн гэж хохирогчийн талаас үзэж байгаа ба сэтгэл санааны хохиролд зуун сая төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлээгүй юм.

Харин шүүгдэгч нарыг өмгөөлөгч С.Оюунцэцэг “13 настай охиныг олон цагаар хайр гамгүй, харгис хэрцгийгээр зодож, амандаа шүдгүй, хамар нь мурийсан, олон гэмтэл учирч хүнд байдалтай тарчлааж хөнөөсөн мэтээр ярьж, мэдээлж байгаа. Энэ хэрэгтэй уншиж танилцсан өмгөөлөгчийн хувьд хэлэхэд талийгаач охины бие дээр чимхчихэж дээ гэхээр ул мөр байхгүй. Гадны нөлөөгүй нас барсан гэдгийг ШШҮХ-ийн шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогддог. Талийгаачийн биед цэгэн харвалт үүссэн. Энэ нь өөд болохдоо доошоо харсан байдлаас болоод мөн архины хордлогод орсны улмаас цэгэн цус харвалтууд байгаа. Мөн талийгаач охин М.Амарболдод хайртай байсан болохоор нэг уулзсан дээрээ дагаад явахгүй гээд байсан болов уу гэсэн байдал бичлэгээс ажиглагддаг. Би өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрхзүйн байдлыг дээрдүүлэхийг хичээж ажиллана” хэмээсэн байдаг.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шүүгдэгч нарын зүгээс анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийлээд байгаа юм.  

-Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн бага насны охины ЖИРЭМСЛЭЛТИЙГ ТАСЛАХ шийдвэр гаргажээ-

Хүчирхийллийн гэмт хэргийн улмаас бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 12 хүүхэд жирэмсэлсэн, есөн хүүхэд "Гэмтлийн дараах дарамтат эмгэг”, "Хүчирхийллийн дараах сэтгэл гутрал”, "Сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг” зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсон гэх судалгаа бий. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо. Түүний цаана хичнээн хүүхэд бие, сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа харамсалтай нь байхгүй. 

Тухайлбал, өнгөрч буй 2018 онд хүчирхийллийн улмаас бага насны хүүхэд бие давхар болсон ноцтой хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, өнгөрөгч аравдугаар сард  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух 13 настай охиныг түүний хойд эцэг 41 настай Х гэгч хүчирхийлж бие давхар болгосон жигшүүрт хэрэг үйлдсэн. Шалгалтын явцад хүчирхийлэгч Х нь охиныг ганцаараа хүчирхийлдэггүй байсан нь тогтоогдсон ба тус хаяганд түр оршин суудаг байсан 28 настай Б-тэй хамсан охиныг нэг жилийн турш хүчирхийлсэн байдаг.

Энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа өнөөг хэр үргэлжилж байгаа ба хэргийг илрүүлэх үед хохирогч охины тээж буй ураг таван сар хүрсэн байсан юм. Харин хуулийн байгууллагаас охины ар гэрийнхэнтэй зөвшилцсөний эцэст жирэмслэлтийн явцыг таслан зогсоосон байна.

6. Учир битүүлгээр АМИА АЛДСАН ХЭРГҮҮДИЙН шалгалтын ажиллагаа үргэлжилж байна


-Загвар өмсөгч эмэгтэй өндрөөс унаж амиа алдав-

Өнгөрч буй 2018 онд олны анхаарлыг татсан хэргүүдийн тоонд загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн өндрөөс унаж амь насаа алдсан гэх хэрэг багтаж байна.

Талийгаач 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр өөрийн амьдардаг байсан орон сууцны 11 давхраас унаж нас барсан байдаг ба уг хэргийн мөрдөн шалгалт үргэлжлэн явагдаж байна.

Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр, талийгаачийг өндрөөс унахад гадны нөлөө байгаагүй гэх боловч түүний ар гэрийнхэн өнөөг хэр нь дээрх дүгнэлтийг эсэргүүцэж байгаа юм.

Энэ талаар талийгаачийн ах гэгдэх Ч.Гэрэлхүү өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Талийгаачийн найз залуу Б.Нэмэхбаяр, “MNTM” шоуны оролцогч Э.Одонтунгалаг нарыг уг хэрэгт холбоотой хэмээн олон нийтэд зарласан билээ. Түүнчлэн талийгаачийн байрны цахилгаан шатны бичлэгийг дэлгэж, тус камерт бичигдсэн хоёр иргэнийг алуурчдын хамсаатан гэв.

Харин эдгээр иргэн өөрсдийгөө энэ хэрэгт холбогдолгүй хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байгаа юм.

-АНУ-ын тагнуулын ажилтан гадны нөлөөтэй амиа алдсан уу

Хэдхэн хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын өрөөнд байрлаж байсан АНУ-ын тагнуулын ажилтан өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан гэх хэрэг гарсан нь олны анхаарлыг ихээхэн татаж буй.

Талийгаач нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт /эрэгтэй/ гэгч байсан бөгөөд  АНУ-ын цэргийн ангийн тусгай албаны ажилтан байсан юм. Түүнийг манай улсад тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэх сэжиг таамаг гараад байгаа ч үүнийг батлах баримт одоогоор байхгүй байгаа юм.

Харин Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамнаас нас барсан иргэнийг гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний үхэл гадны нөлөөтэй эсэхийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж эхлээд байгаа юм. Ямартай ч уг хэрэгт олон талын сэжүүр таамаг байгаа ба талийгаач эр манай улсад тагнуулын үйл ажиллагаа явуулах хугацаандаа бусдад хорлогдсон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх мэдээлэл бий.

7. Зам тээврийн хөгжлийн яаманд ХҮН АМИНЫ ОНЦ НОЦТОЙ хэрэг гарав

Одоогоос дөрвөн сарын өмнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэрэгт Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Мөн мэргэжилтэн Т.Лхагвасүрэн нарын хоёр иргэнийг уг хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол дээрх хоёр иргэний хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон юм. Харин яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг хянаж, харьяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ийнхүү уг хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч Б.Махбалын яллах зүйл ангийг өөрчилж хөнгөвчилсөн байдаг.

Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлэхдээ “Энэ хэрэг анхнаасаа нууц далд байдлаар үйлдэгдсэн юм байхгүй. Хэргийг шалгаж байгаа хүмүүс зөв шийдэх юм бол ээдрээ байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Энэ хэргийг дүүрэг болон Нийслэлийн прокурор давхар шалгасан. Прокурорын байгууллага үүрэгтээ хайнга хандаж байна гэдэг асуудал хөндөж байна. Ер нь бид нар энэ хэргийг ажил албан тушаалтай нь холбоотой хүнийг санаатай алсан байж болзошгүй хэмээн үзсэн байр суурьтай хэвээр байгаа юм.

Ингэхдээ хэргийг их богино хугацаанд хянаж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлсэн. Прокурор төрийн өмнөөс ялтныг яллах үүрэгтэй ч нөгөө талаас хохирогчийн эрхийг хамгаалах, сэргээх үүрэгтэй. Гэвч энэ шийдвэрээрээ хохирогчийн эрхийг дахин зөрчиж байна гэж үзэж байна. Б.Махбалыг Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 буюу Хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар хүндрүүлэх нөхцөлгүйгээр шалгаж байгаа.  Гэтэл энэ бол зүгээр нэг хүн амины хэрэг бус албан тушаалтай холбоотой хэрэг гэж үзэж байгаа” хэмээсэн юм.

Талийгаачийг амьд ахуйд нь, Төрийн албаны зөвлөлөөс Т.Гомбосүрэнгийн хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад, Сэвжидийн Дорждагва гэх хүнийг санал болгосон албан бичиг баримт болон үлдсэн байдаг. Тиймээс ч энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь албан тушаалын томилгоотой холбоотой гэдгийг ар гэрийнхэн нь хэлдэг.

Энэ хэрэгт нэр дурдагдаж буй С.Дорждагва гэгчийг сэжигтэн Б.Махбал 2012 онд ахлах мэргэжилтнээр ажилд авч байсан бөгөөд С.Дорждагвыг газрын дарга болгох амлалт өгсөн гэдэг. Улмаар талийгаачийн хашиж байсан албан тушаалд томилохоор удаа дараагийн оролдлого хийж байсан нь батлагддаг боловч уг хэрэгт С.Дорждагвыг хамааралгүй гэж хуулийн байгууллагаас үзсэн. Тиймээс хохирогчийн өмгөөлөгч нар С.Дорждагвыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн боловч өнөө хэр хариу өгөөгүй байгаа юм.

8.Олон тооны хохирогчтой ч ХҮЛЭЭХ ЭЗЭНГҮЙ хавтаст хэргүүд

Монгол Улсын Эрүүгийн хуулийг олон тооны цоорхой, нөхөөстэй гэдгийг мэргэжлийн салбарынхан дуу нэгтэйгээр хэлдэг. Аливаа хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд хууль хяналтын байгууллагын ажилтнууд хуулийг өөрийн итгэл үнэмшлийн дагуу хэрэглэж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэвч хуулийг хэрэглэж буй энэ жишиг, процедур маш буруу гэдгийг өнгөрөгч онд гарсан олон тооны хохирогчтой ч буруутангүй хэргүүдээс харж болохоор юм.

Хавтаст хэрэг №1: Гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгов

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол болж, гэр бүлийн долоон хүн амиа алдсан хэрэг гарч байв.

“Приус” маркийн автомашинтай явж байсан гэр бүлийн долоон иргэнийг “Ланд крузер” 100 маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж, осолдсоны дараа хурд хэтрүүлсэн машин дахин мөргөж дээрх иргэд автомашинтайгаа шатаж нас барсан байдаг.

Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн боловч, энэ оны наймдугаар сард уг хэргийг Төв аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Харин нас барсан иргэдийн ар гэрийнхэн прокурорын шийдвэрийг эсэргүүцэж байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үнэн зөв явагдаагүй гэж үзэж байгаа.

Учир нь, талийгаачдын ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй танилцахад, ослын гол гэрчүүдээс мэдүүлэг аваагүй байсан ба машиныг эсрэг урсгал руу шахаж оруулсан гэх автомашины жолоочоос мэдүүлэг авч түүний “Би буруугүй” гэсэн үгэнд үндэслэн хэргийн хариуцагч тодорхойгүй гэх шалтгаанаар хаасан байдаг. Харин долоон хүнээ бусдын буруутай үйлдлээс үүдэн алдсан эх өнөөдөр хэнд хаана хандахаа мэдэхгүй явна.

Хавтаст хэрэг №2: Нэг айлын таван хүн гэртэйгээ шатаж нас барав

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт залуу гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч аравдугаар сарын 24-ны өдөр гарч байв.

Талийгаач эхнэр нөхөр хоёр бага насны хоёр хүүхэд болон өндөр настай аавынхаа хамтаар гэртэйгээ шатаж амь насаа алдсан байдаг. Хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлж байгаагаар гал гэрийн үүдэн хэсгээх гарсан бөгөөд гэр дотор байсан хүмүүс бүгд сэрүүн байсан ч гэрээс гарч чадалгүй байсаар амьдаараа шатаж нас барсан гэдгийг хэлдэг.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгасан байдаг. Галын дүгнэлтээр, ахуйн хүрээнд санамсар болгоомжгүйгээс гал гарсан хэмээн хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм. Ийнхүү бүхэл бүтэн нэг гэр бүл харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт манай улсын хууль хэн нэгнийг буруутгаагүй юм.

Гэвч хэрэг гарах үед галын машин цаг алдалгүй очсон бол хохирогч нарын амийг аврах боломж байсан. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу маш хурдан ирсэн ч харамсалтай нь, галын голомтод хүрэх зам гарц байгаагүйн улмаас багагүй цаг хугацаа алдаж, ийнхүү таван алтан амь тусламж авч чадалгүй эрсэдсэн.

Гэтэл манай улсад хууль, стандарт, дүрэм журам мөрдөгддөг бол, төрийн анхан шатны нэгжээс эхлээд хууль хэрэгжүүлэгч бүхий л байгууллага үүргээ хангалттай биелүүлдэг байсан бол энэ мэт эрсдэлтэй бид нүүр тулахгүй байлаа.

Хавтаст хэрэг №3: Нүүрс тээврийн жолооч МАШИНДАА шатаж нас барав

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн том оврын автомашины бүхээгт гал гарсны улмаас жолооч Д түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сард гарсан. Талийгаачийн ард 1-3 насны гурван хүүтэй эмэгтэй бэлэвсэрч үлдсэн юм.

Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба одоогоор энэ хэрэгт хариуцагчаар хэн нэгнийг татан шалгаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс ажил олгогч компани хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүйгээс үүдэн ийнхүү амь насаа алдсан хэмээн үзэж байгаа юм.

Энэ талаар талийгаачийн эхнэр Ж.Туул “Хань минь өөд болчихлоо. Өнөөдөр би гурван нялх хүүхэдтэйгээ хоцорч байна. Ямар ч байсан хөвгүүдээ эх орондоо хэрэгтэй, боловсролтой сайн хүн болгож өсгөнө. Тиймээс хүүхдүүдийнхээ ирээдүйн баталгааг “Омогт цагаан шонхор транс” компаниас нэхэмжилнэ. Тэр байгууллагын зүгээс ямар ч хариуцлага хүлээхгүй гэх утгатай зүйл ярьж байгаа. Гэвч хүний амь нас хохирсон асуудлыг ингэж хайхрамжгүй орхиж болохгүй. Бараг өөрийн буруугаас гал алдаж, шатсан гэх утгатай зүйл ярьсан байна лээ. Тиймээс энэ хэргийг хууль, цагдаагийн байгууллага үнэн зөвөөр нь шалгаж, тогтоож өгөөсэй гэдгийг л хүсч байна” хэмээсэн юм.

Хохирогчтой боловч хариуцагчгүй хэргүүд энэ мэтээр цааш олон тоогоор хөвөрнө. Гуравхан хэргийг энд дурдахад нийт 13 хүн амь насаа алдсан байна. Хамгийн харамсалтай нь Монгол Улсын хуулийн дагуу эдгээр талийгаачийн үхэлд “хэн ч буруугүй”...

БЭЛТГЭСЭН: Д.ДАМДИНДОРЖ, Б.ГАНТУЯА

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.115.151) 2018 оны 12 сарын 27

Zamiin uudiinhen chin buzar bulai ni duursen ulsuud u ugui yu. Huuhed hohirson hoino ni bish uridchilan sergiilj l ajillamaar bgaa yum da. Bagsh horoo niigmiin ajiltnuud huuhduudteigee ail orhtoigoo tulj ajillamaar yum zugeer l 1 burtgel hotolson uls. Etseg ehchuud oorsdoo tumen buruutai. Yamar ch muuhai niigemd ur huuhduudee amidruulaad bna da medehgui?!

0  |  0
урнаа(66.181.185.90) 2018 оны 12 сарын 20

болноо болж байна.тэр хэрэгтэн байхгүй хэрэгүүд аймааар юм даа

0  |  0
р(112.72.2.206) 2018 оны 12 сарын 20

аан

0  |  0
Уншигч(64.119.25.135) 2018 оны 12 сарын 20

Тойм гэж ийм байх ёстой байхгүй юу. Үнэхээр мэдээлэл сайтай тойм болжээ. Амжилт сэтгүүлчид ээ!

0  |  0
Top