Жижиг хэрүүлээс томчууд СУГАРЧ болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл бол жижиг улстөрчдийн тоглоом байсан. Жижиг улстөрчдийн орооцолдсон хэргийг зүгээр орхиж хэрхэвч болохгүй. Хариуцлага тооцон, авсан мөнгийг нь эргүүлэн төлүүлж, эргэн төлөгдсөн мөнгийг байнд нь тусгах ёстой. Гэхдээ ЖДҮ гэх жижиг пайзаар хэн нэгнийг харлуулж, таалагдаагүй нэгнээ намнадаг байж таарахгүй. Мөн жижиг, дундын хэргээр том хулгайчид зүгээр өнгөрч болохгүй.

Концесс иддэг, төрийн мөнгөнөөс хумсалдаг, бизнесийн бүлэглэлээр дамжуулан төрийн дээр зайдалсан эрхмүүд ЖДҮ гэх жижиг пайзаар бамбай хийж, сугарч үлдэх вий гэсэн айдас нийгэмд байна.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудал дээрээ үлдэхдээ энэ бүгдтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. 30 гэр бүлийн төлөөлөл болгож Н.Номтойбаярыг “Цагаан суварга”-ын ордоо ард түмэнд эргүүлэн өгөхийг ч хатуу хэлж байлаа. Өмнө нь УИХ-ын танхимд хэн нэгэн Ерөнхий сайд хатуу үнэнийг нүүр улайтал нь ингэж хэлж байгаагүй. Одоо хэлсэн шигээ хийх хэрэгтэй болоод байна.

“АРДЫН НАМ ардын нам байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нам намын толгойд гарч, хууль бус зүйл хийж байна. Монголын улс төрд МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой” гэж өнөөдөр /2018.12.19/ болж буй МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьжээ.

Тийм ээ. Эрх баригч Ардын намын хувьд гарч ирсэн томоохон сорил нь гэвэл энэ. Нам дотроо бүлэглэл үүсгэн, бүлэглэлээр эрх мэдлээ хэтрүүлэн, өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлдэг хэлтгий тогтолцоог У.Хүрэлсүх тасалж чадвал сүүлийн 30-аад жилийн хугацаанд байгуулсан том гавьяа байх болно. Үүнийг хэрэгжүүлэх хэцүү. Төрийн дээр зайдалсан томчууд лав дуртай байхгүй. Дуртай байхгүй нь өнгөрсөн хугацаанд гаргаж буй хариу үйлдлүүдээс тодорхой харагдаж байна.

Жижиг, дундын зээлийг жижиг улстөрчид авч байх хооронд төрийн албыг мөнгөөр үнэлсэн том бүлэглэл хүчтэй хэвээр байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй МАНАН бүлэглэл одоо ч хүчтэй, хүчээ алдахыг хүсэхгүй байна. Монгол төрийг мөнгөөр үнэлсэн 60 тэрбумын схемийг, автортай нь зогсоож чадвал эрх баригч намд үүссэн талцал хагарал шийдэгдэх сэжим ч байж мэднэ.

Гэхдээ нөгөө талаас энэ тэмцэл нийгмийн хүлээлт байсан гэдгийг харж болохоор байгаа юм. ЖДҮ-гийн дуулиан, эрх баригч намын тогтворгүй байдал Ерөнхий сайдын үйл ажиллагааны үзүүлэлтийг бууруулсангүй. Харин улс төрийн намыг дэмжих иргэдийн тоог улам бууруулж орхив. Эрх баригч намыг ЖДҮ-ийн дуулиан үүсэхээс өмнө нийт иргэдийн 16 хувь нь дэмжиж байсан бол энэ сард 12 хувь болж буурчээ. Сөрөг хүчин Ардчилсан нам 2018 он гарснаас хойш дэмжигчдийн хувиараа байнга эрх баригчдаас илүү гарч байсан.

Хариуцлага, шударга ёсыг гол чиг баримжаагаа болгоно гэж амлан гарч ирснээсээ хойш У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн том сорилттойгоо нүүр тулаад байна. Иргэд засаг тогтвортой байж, амлалтаа биелүүлэн, ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцохыг хүсч байна.

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuul(202.179.25.75) 2018 оны 12 сарын 20

Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.

0  |  0
Irgen(66.181.176.52) 2018 оны 12 сарын 20

JDV BOL ZEEL. HVVTEI NI BUCAAGAAD AVCH BOLNO. TOM HULGAICHID JDV- EER UURSDIIGUU HAACAILAAD GARAH GEED BAINA. JARAAHAITAI NI BISH TULUUDIIG BARIVCHILAH HEREGTEI. EBI M. ENHBOLDOD ERRNHIILEGCHIIN SONGUULIIN UMNU 5 SHIRHEG LAND 200- G JOLOOCHTOI NI UGSUNIIG HAIANHIARVAA TAILBARLANA.

0  |  0
зочин(103.242.47.58) 2018 оны 12 сарын 19

жижиг хулайчдын дуулианыг дэврээж ард нь том хулгайчид сугарч үлдэх гэсэн уйваагүй үйлдэл өрнөж байгааг олон түмэн харж ойлгож байгаа шүү. том хулгайчдын эсрэг тэмцэгчид нэгдэн нийлж Монгол улсаа авран авч үлдэх цаг мөч иржээ.

0  |  0
зочин(103.242.47.58) 2018 оны 12 сарын 19

жижиг хулайчдын дуулианыг дэврээж ард нь том хулгайчид сугарч үлдэх гэсэн уйваагүй үйлдэл өрнөж байгааг олон түмэн харж ойлгож байгаа шүү. том хулгайчдын эсрэг тэмцэгчид нэгдэн нийлж Монгол улсаа авран авч үлдэх цаг мөч иржээ.

0  |  0
ЖДҮ(202.9.43.39) 2018 оны 12 сарын 19

Тиймээ

0  |  0
Top