ЭМЯ: Салбарын мэдээлэл алдагдаж, нууц задруулсан зүйл байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж байна” гэсэн утга бүхий мэдээлэл өчигдөр (2018.12.18 )  гарсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр (2018.12.19) ЭМЯ-наас албан ёсны байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “ЭМЯ 2012 оноос эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна.  Уг гарсан мэдээлэл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд  төсөлтэй холбоотойгоор бичигджээ. “Цахим эрүүл мэнд” төсөл нь Техник хангамж болон Програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн ажил одоо үргэлжлээд, дуусах шатандаа байгаа.
 
Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэндийн нууц, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын асуудлыг онцгой анхаарч, эрүүл мэндийн яамны бүтцэд Цахим эрүүл мэндийн хэлтсийг 2018 оноос бий болгосон. Эрүүл мэндийн яам хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих цахим системүүдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг сайжруулах хүрээнд холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон, цаашид хэрэгжих системүүдийг үе шаттайгаар нэгдсэн системд холбох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг 2018 онд эхлүүлсэн.  Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй болно” гэжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top