МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал өчигдөр /2018.12.19/ олон нийтэд хаалттайгаар хуралдсан билээ. Тус хурлаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2018.12.20/ МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар албан ёсоор танилцууллаа.
МАН-ын Бага хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн бөгөөд 11:00 цагт 285 гишүүний буюу 77.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн Бага хурлыг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нар удирдан явуулсан байна.
Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх нийгэм, эдийн засаг болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийсэн ба МАН-ын 28 дугаар Их хурлаар байгуулагдсан Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/-ны илтгэлийг сонсч, намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Бага хурлын гишүүдийг нөхөн сонгох асуудлыг хэлэлцсэнээр шөнийн 04:00 цагт өндөрлөсөн байна.
Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн. Тэрбээр улс төрийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийсэн ба намын дарга мэдээллийнхээ төгсгөлд намын Бага хуралд УИХ-ын дарга М.Энхболдыг хуульд заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх саналыг оруулж, Бага хурлаар хэлэлцэж өгөхийг хүссэн байна. Уг хүсэлтийг МАН-ын Бага хурал бүтэн өдрийн турш хэлэлцэж, илэн далангүй ярилцан, 70 гаруй гишүүн асуулт асууж, санал хэлжээ. Мөн Удирдах зөвлөлийн гишүүд 20:00-22:00 цагийн хооронд хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Удирдах зөвлөлөөс тодорхой шийдэл гаргаагүй тул Бага хурлаар намын даргын саналыг дэмжих эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувь нь дэмжсэн байна.
Хяналтын ерөнхий хороо энэ удаагийн Бага хуралд үеэр намын дүрэм, сахилга бат, ёс зүйг сайжруулахад чиглэсэн ажлуудаа танилцуулсан байна. Өнгөрөгч 28 дугаар Их хурлаар байгуулагдсан ХЕХ-нд жилийн хугацаанд намын анхан шатны байгууллагаас олон тооны өргөдөл гомдол иржээ. Эдгээрийг үндэслэн Хяналтын ерөнхий хорооноос намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг танилцуулан, Бага хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж баталжээ.
Зохион байгуулалтын асуудлын хүрээнд Бага хурлын гишүүнээр 12 хүнийг нөхөн сонгосон байна. Мөн намын даргын зүгээс МАН-ын Удирдах зөвлөлөөс хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь хоёр хүнийг сонгох санал тавьснаар МАН-ын Удирдах зөвлөлөөс бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга асан С.Батболд нарыг чөлөөлж, оронд нь УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг 100 хувийн саналаар сонгосон байна.
ШУУД ҮЗЭХ
Б.Баярбаатар: МАН-ын дүрэмд намаас хөөх тухай нэг ч үг байдаггүй
Энэхүү мэдээллийн үеэр МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас сэтгүүлчид дараах асуултуудад хариулт авсан юм.
-УИХ-ын даргыг МАН-ын Бага хурлаас чөлөөлөх санал гаргах нь хуульд нийцэж байгаа юу?
-Энэ асуудалтай холбоотойгоор Бага хурлын 70 орчим гишүүн асуулт асуусан. Тэдгээр хүмүүс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг хүсэх нь хуульд нийцэж байгаа эсэхийг лавлаж байсан. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Олон талаас нь ярьж шийддэг. Намын дарга УИХ-ын даргыг өөрийнхөө хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн саналыг Бага хуралд хэлэлцүүлсэн. Намын даргын саналыг Бага хурлын гишүүд дэмжих эсэхээр санал хураалт явуулж, тогтоол гаргасан. УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий хуулийн заалтад манай нам халдаагүй.
-МАН-ын Бага хурлаар намын эв нэгдлийн асуудлыг ярьсан уу?
-Аливаа байгууллагын хувьд эв нэгдэл чухлаар яригддаг. МАН-ын хувьд эв нэгдэл бол бидний үнэт зүйл гэдгийг МАН-ын дарга хэлсэн. Гэхдээ эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Бага хурлын гишүүд ч эв нэгдлийг хангахыг сануулж байсан. Улс төрийн нам шийдвэр гаргахдаа нийгмийн сэтгэл зүй дээр тулгуурлах ёстой. Олон талын судалгаа хийж байж олон нийт биднээс юу хүсэмжилж байгааг мэдэх боломжтой байдаг. Тэр хүрээнд л ажиллаж байгаа.
-Намын дүрэмд ямар өөрчлөлт орсон бэ?
-МАН-ын дэргэд дэмжигчдийн дөрвөн байгууллага байдаг. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх хүрээнд насны хязгаарыг зааж өгсөн. Оюутны холбоонд 25 хүртэлх насны оюутнууд харьяалагдах бол 35 хүртэлх залуучууд Залуучуудын холбоонд, хуулиар заасан тэтгэврийн насны хүмүүс Ахмадын холбоонд харьяалагдах тухай зааж өгсөн.
-Н.Номтойбаяр нарын зарим гишүүнийг намаас хөөх тухай Бага хурлаар яригдсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-МАН-ын дүрэмд намаас хөөх тухай нэг ч үг байдаггүй. Хэн нэгнийг чөлөөлөх асуудлыг ч Бага хурлаар яриагүй.
МАН-ын Бага хуралтай холбоотой нэгдсэн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Олон нийтийн тв яагаад гаргахгүй байна?
юу чөлөөлөх бэ хөөж зайлуулж шоронд нь хатаагаачээ
Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
hurlaa neelttei hiigeechee,,huivaldaan hiigeed bgaamu..2uur nvvrtei nohod,,