Х.Мандахбаяр: Бид МЭДЭХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ тэмцэх ёстой

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд уг хуулийн дагуу шийтгүүлэгчдийн 90 орчим хувь нь хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нар байгаа гэх судалгааг Нийслэлийн прокурорын газраас гаргасан байдаг. Тиймээс Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтад өөрчлөлт оруулахаар санал зөвлөмж боловсрууллаа.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, МҮОНРТ зэрэг салбарын олон байгууллагуудын төлөөлөл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Зөвлөмжийг баталгаажуулж, дээрх Санал зөвлөмжийг Хуульзүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ "Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа бусдыг гүтгэн доромжилж, гутааж болохгүй. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага, салбарынхан ухамсарлаж ажиллаж байгаа. Гэхдээ алдаа гарч байгааг үгүйсгэхгүй юм. Хэрэв алдаа гаргасан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Гэтэл шийтгэх гэж байна гээд сэтгүүлчийг нь хоёр сая төгрөгөөр, Хэвлэл мэдээллийн байгууллагыг нь 20 сая төгрөгөөр торгодог 6.21 гэсэн заалт Зөрчлийн хуулинд өнгөрсөн жил ороод ирсэн.

Үүнээс болж хүссэн улстөрч, бизнесмэн, байгууллага нь намайг гүтгэсэн гэж сэтгүүлчийг эдийн засгийн аргаар боомилох, чөлөөт хэвлэлийн эрхийг хязгаарлах үйл ажиллагаанууд явуулж байна.

Энэ хуулийн дагуу маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд торгуулж байгаа. Гэтэл сэтгүүлчдийн цалин хөлс өнөөдөр бага. Ердөө хоёр удаа торгоход л сэтгүүлч хагас жилийн цалингаа алдана. Байгууллагыг нэг удаа торгоход багахан хэмжээний байгууллага хаалгаа барих тал руу явна. Сонгууль ойртох тусам энэ асуудал аймшигтай болно. Тийм учраас Зөрчлийн хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа энэ үед сэтгүүлч, ард иргэд бид хамтдаа нийлж мэдэх эрхийнхээ төлөө, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн үйл ажиллагааны төлөө тэмцэх ёстой. Зүгээр нэг хууль тогтоогчдыг хараад суулгүй, шаардлагаа хүргүүлэх ёстой. Бид өөрсдийнхөө салбарын түвшинд асуудлыг ярих цаг болсон байна.

Энэ амралтын өдрүүдэд МСНЭ бусад ХМХ-тэй хамтран дахин өргөн хэмжээний хэлэлцүүлгийг хийж энэ асуудлыг ярина. Эцсийн шийдлийг Даваа гараг гэхэд хуулийн ажлын хэсэгт хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Тус уулзалтаас гарсан зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакцаар хэлэлцүүлэн санал авч, түүнд үндэслэн шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 

Ингээд зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ САНАЛ, ЗӨВЛӨМЖ

 

2018 оны 12 дугаар сарын 31 өдөр                                                                        Улаанбаатар хот

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэжээ. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэх үйл явц буюу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг  бий болгоход нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар байдаг.

Монгол Улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж  Монгол улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд баталгаажуулсан хүний заяагдмал эрх буюу язгуур эрхийг  тухайлбал үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх  эрхийг үндэслэлгүйгээр зөрчиж хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсдыг  хууль хяналтын байгууллагад аливаа хэлбэрээр зүй бусаар шалгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн 2-т “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасныг зөрчсөн “Зөрчлийн тухай” /шинэчилсэн найруулга/ хууль тогтоомжийг батлан, мөрдүүлж  1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.   

Энэ хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлснээр 2018 оны эхний арван сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх зөрчлөөр  374 зөрчил бүртгэж, 57 хүн, хоёр  хуулийн этгээдийг 118 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулаад байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх зөрчлийг хуульд оруулахдаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн актад нийцэж байгаа эсэхийг тогтоолгүй зөвхөн хэсэг бүлэг улс төрчдийн үзэл бодлыг хамгаалах ззорилгоор хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Үнэхээр хууль гаргаж байж гүтгэх харилцааг зохицуулах шаардлагатай  эсэхийг тогтоолгүй бусад хууль тогтоомжид зохицуулсан харилцааг давхардуулж баталсан.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах үндэслэлээр хязгаарлах дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтын хэд хэдэн зарчмыг зөрчиж буйтай холбоотой юм. Тухайлбал:

  • Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой тайлбар, зөвлөмж гаргасан байдаг. Үүнд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх  эрх чөлөөг хязгаарлах шаардлага, шалтгааныг тодорхойлохдоо дараах  зарчмыг баримтлахыг зөвлөсөн байна: Үүнд: 

ü  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах шалтгааныг нягт, нямбай бөгөөд ойлгомжтой тодорхойлсон байх. 

ü  Тодорхойлсон хязгаарлалтыг улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлоос хараат бус этгээд хянан хэрэгжүүлэх ёстой. Тийнхүү хэрэгжүүлэхэд дур зоргоор, үзэмжээр шийдвэрлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй, хуулийн зүйл заалтыг урвуулан ашиглахгүй байхыг баталгаажуулах.

ü  Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх зүйн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд оноосон шийтгэл нь хамгаалж буй эрх ашиг, учруулсан хохирол болон гарч болзошгүй үр дагаврыг харгалзсан, зохистой байх.

  • НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл 2015 оны 5 дугаар сарын 5-нд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын Үндэсний тайланг хэлэлцэх явцад 8 улсаас Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг бататган хамгаалах, ялангуяа үндэсний хууль тогтоомжоор  1974 онд соёрхон баталсан ИБУТЭТОУП-ын 19 дүгээр зүйлд нийцүүлэх, өөрийн зохицуулалтын байгууллагын хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийг айдас хүйдэсгүйгээр сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, нэр төр гутаах Эрүүгийн хуулийн зүйл заалтыг халах, сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэл үлээгчдийг хамгаалах зэрэг зөвлөмж өгсөн билээ.

2015 оны 9 дүгээр сард Монгол Улс эдгээр зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг, амлалт авч үүнийгээ Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ерөнхий төлөвлөгөө батлах тухай 204 дүгээр тогтоолоор баталгаажуулсан юм. Энэхүү тогтоолын хавсралтын наймдугаар зүйлд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэл”-ээр хэрэгжүүлэх ажлыг “... интернэт орчинг оролцуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүх орчинд баталгаажуулах, хүний эрхэд бүрэн хүндэтгэлтэй хандах, эдгээр эрхийг аливаа байдлаар хязгаарлахдаа хуульд нийцсэн байх, зайлшгүй байх болон хязгаарлалтын хүрээ нь зөв тодорхойлогдсон байх зарчмыг баримтлах, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, эсхүл дарамт шахалтанд орохоос хамгаалах орчинг бүрдүүлэх...” зэргээр тодорхойлсон юм.

 

  1. Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, дотоод логик уялдаа дэс дараа алдагдсан. Гүтгэх гэсэн нэрийн дор гутаан доромжилсон худал мэдээлэл гэж нэг дор явцууруулж оруулсан нь тухайн салбарын буюу хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын мэргэжилтэн судлаачдаас санал аваагүй нь илт байна. Хууль зүйн болон хэл шинжлэлийн, хүний эрхийг хамгаалах, шаардлагатай үед хязгаар тогтоох олон улсын хэм хэмжээний  үүднээс авч үзвэл гүтгэх, гутаах, доромжлох зэрэг олон улсын эрх зүйн практикд ялгаатайгаар хэрэглэдэг нэр томъёог “гутаан доромжилсон худал мэдээлэл”  хэмээн ерөнхийлж томъёолсноор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарыг “нягт, нямбай бөгөөд ойлгомжтой тодорхойлсон” байх зарчмыг илт зөрчиж, ингэснээр аливаа үзэл бодол, байр суурь, бүрэн бус болон худал мэдээллийг гүтгэлэгт ерөнхийлөн хамаатуулах боломжийг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл “гүтгэх”, “доромжлох” гэсэн эрх зүйн тусдаа ойлголтыг Зөрчлийн хуульд шууд нэгтгэсэн нь ойлгомжгүй байдал үүсгэж буй юм. 2017 оны 07 дугаар сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох зүйл анги тусдаа байсан бөгөөд  хүний нэр төрийг гутаасан гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, түүнээс бусад маргааныг Иргэний хуулиар шийддэг байсан. Гэтэл Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох заалтыг авч Зөрчлийн хуульд оруулахдаа маш том алдаа гаргаж, гүтгэх гэсэн эрх зүйн үндсэн ойлголтыг бүрхэгдүүлж, хүрээг нь тэлсэн.  Ингэснээр  нэр төр, алдар хүндийг гутаасан тухай  иргэний эрх зүйн агуулгатай маргааны шинжтэй асуудлыг Зөрчлийн хууль руу давхардуулан оруулсан нь “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах шалтгааныг нягт, нямбай бөгөөд ойлгомжтой тодорхойлсон байх” тухай олон улсын хэм хэмжээг илт зөрчиж буй юм.

  1. Гүтгэлгийг зөрчил хэмээн үзэж шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч хариуцаж байгаа нь асуудлыг тухайн цагдаагийн үзэмжээр, дур зоргоор шийдвэрлэх, ялгаварлан гадуурхах боломжийг нээлттэй болгож буйгаас гадна “улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлоос хараат бус этгээд хянан шийдвэрлэх тухай олон улсын хэм хэмжээ, зөвлөмжийг зөрчиж байна. Түүнчлэн тодорхой мэдээллийг “гүтгэлэг” хэмээн үзэж, шийдвэрлэж буй цагдаагийн албан хаагчид хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг, хариуцлага, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарчим, энэхүү эрх чөлөөг хязгаарлах үед баримталдаг олон улсын хэм хэмжээ, зарчмын талаар мэдлэг, ойлголтгүй байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэх боломжийг нээж байна.

 

  1. Тийнхүү зөрчил хэмээн тогтоож, шийтгэл оноохдоо хамгаалж буй эрх ашиг, учруулсан хохирол болон гарч болзошгүй үр дагаврыг харгалзсан, зохистой байх тухай олон улсын зарчмыг хэрэгсэхгүйгээр шууд тогтсон дүнгээр мөнгөн торгууль оноож буй нь шударга ёсонд харш, хүний эрхийг хязгаарлах зайлшгүй үндэслэл, шаардлагад нийцэхгүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг харгалзах олон улсын хэм хэмжээг зөрчиж байна.

Иймд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүд шийтгүүлнэ гэх аливаа айдасгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжийг олон улсын хэм хэмжээний дагуу хангах зарчмыг баримталж Монгол улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай тодорхой зохицуулалт орсон бөгөөд эдгээр нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаарыг тогтооход нухацтай хандах боломж, шаардлага, шалгуурыг хангаж буй учир хүний эрхийн олон улсын хэм хэмжээг хангаагүй, хуулийн давхардал, завхрал үүсгэж буй Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийг хүчингүй болгож, иргэний нэр, нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг илүү нарийвчлан тодорхойлж Иргэний хуулиар шийдвэрлэдэг болохыг санал болгож байна.

Б.ГАНТУЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.182) 2018 оны 12 сарын 21

hudaldagdsan ta nar shig setguulch nertei hovshnuudiig torgoj baival taarna

0  |  0
Zochin (103.57.94.200) 2018 оны 12 сарын 21

Mandahbayer gyai zarim hevlel medeelel chine hudaldagdsan bna .Ta medej l baigaa baih

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 12 сарын 21

Зиндаа сайтийн Эзэн магадгүй ажилсагчид нь Эзэнтээн гэж дууддаг байх

0  |  0
сэтгүүлч(103.229.122.183) 2018 оны 12 сарын 21

Мандахбаярыг дэмжиж байна. Гэхдээ zindaa.mn сайт мэдээллийн тэнцвэртэй байдалдаа анхаараарай

0  |  0
зул(66.181.185.90) 2018 оны 12 сарын 20

зөв тэмцэнэ

0  |  0
Top