“Дакар-2019”: Монголын тамирчид SxS ангилалд 10 өдрийн турш 5,603 км зам туулна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

“Дакар-2019” авто спортын олимп ирэх нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд Перу улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдах гэж байна. 41 дэх удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бэлэн болжээ. Харин манай улсаас автомашины SxS буюу UTV болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдах юм. Энэ талаар өнөөдөр /2018.12.24/ уралдаанд оролцох Монголын баг мэдээлэл хийлээ.

Монгол Улсын баг тамирчид 2013 онд анх “Дакар ралли”-д мотоциклийн төрлөөр оролцож ирсэн билээ. Харин SxS буюу бидний сайн мэдэх дөрвөн дугуйтын ангилалд манай улсаас анх удаа оролцож байгаа гэдгээрээ тун онцлогтой юм. Энэхүү анхгилалд оролцох Автоспортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэж өгч, техникийн үзлэгт оруулаад, уралдах эрхээ баталгуулж ирсэн байна.


"Дакар-2019" Монголын багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр "Авто спортын олимпт Монгол Улсаас UTV ангилалд 100 хувь Монголчууд багаа бүрдүүлэн оролцох гэж байна. Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч чиглүүлэгчээр миний бие, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүжин, сэтгүүлчээр Б.Онон нар ажиллана. Дакар раллигийн дүрэм, журам маш нарийн, машин техник тоноглох тусгай стандарттай байдаг. Стандартын дагуу тоноглосон эсэхийг мэргэжлийн баг шалгаж, техникийн үзлэгт тэнцсэнээр уралдах эрх баталгааждаг. Ийн манай тамирчид SxS ангилалд 413 дугаартай уралдахаар болоод байна” гэлээ.


10 өдрийн турш 5,603 км үргэлжлэх нийт замын 70 хувь нь элсэн цөл байх бөгөөд байгалийн хамгийн хүнд бартаатай замыг туулах маш хүнд сорилтууд баг тамирчдыг маань хүлээж байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын хаан Дакар раллид барианд орж, финиш хийнэ гэдэг нь өөрөө ялагчийн хэмжээнд үнэлэгддэг амжилт юм хэмээн Монголын баг, тамирчид онцлов. Авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогтын хувьд төрсөн ах Ө.Бямбадэлгэрийн хамт Монголын авто спортын ралли ангилалд маш богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн чадварлаг, туршлагатай тамирчин юм. Тэрбээр баг тамирчдынхаа итгэлийг хүлээж SxS ангиллын жолоочийн хариуцлагатай үүргийг хүлээжээ.

1977 онд Францын мотоциклийн тамирчин Тиерри Сабине Ливи улсад зохиогдсон ралли уралдаанд оролцож байх үедээ элсэн цөлд төөрчээ. Тэрбээр азаар амь аврагдаж, тухайн үедээ "Дакар" ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон түүхтэй. Эсэн мэнд эргэж ирснийхээ дараа Францад буцаж очин, авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар "Дакар" ралли уралдааныг эхлүүлсэн гэдэг. Дакар бол зүгээр нэг уралдаан биш. Зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирчдын амь насаа золин өрсөлдөх тулааны талбар юм. Санаанд оромгүй бартаат замыг тамирчин хүний торгон мэдрэмжээр туулах энэхүү уралдаан үе үеийн аварга тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил байсаар иржээ.

Энэ бол хэзээ ч мартагдашгүй гайхалтай туршлага болж үлдэх бөгөөд дэлхийд дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ онцгой билээ. “Дакар чамайг шалгахаар зохиогдсон бөгөөд амьд үлдэхийн тулд хаа хүртэл тэсэхийг чинь шалгадаг” гэдэгтэй энэ спортод хайртай, үнэнч хүн бүхэн маргахгүй биз ээ. Баг, тамирчиддаа амжилт хүсье.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээгий(202.9.43.30) 2018 оны 12 сарын 24

...ямар маркийн машинаар уралдах тухайгаа яриагүй юмуу...

0  |  0
Top