2018: Хамгийн ӨНДӨР ХАНДАЛТТАЙ 10 дууг нэрлэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30

 Шинэ он солигдоход нэгхэн хоног үлдээд байна. ZINDAA.mn 2018 оны "ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ АРВАН ДУУ"-г нэрлэж байна.  Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шүү дээ. 2018 онд хэн гэдэг уран бүтээлч хамгийн их хөдөлмөрлөж, уран бүтээлдээ цаг зарцуулсныг хамтдаа харцгаая. Энэхүү жагсаалтад зөвхөн рок поп, хип хоп уран бүтээлчдийн дуу багтсан гэдгийг анхааруулъя.


10. ЭНЭРЭЛ – Чамд сайн болсон залуу

"Опозит" хамтлагийн дуучин Энэрэлийн дуулсан, Belucci Records-ын бүтээл “Чамд сайн болсон залуу” дуу YOUTUBE-т 1.511.783 хандалт авснаар манай жагсаалтын 10 дугаарт бичигдэж байна. “Хөөе царайлаг аа, нүүрээ буддаг охин минь” гээд л шууд аманд чинь аялагдаж байгаа биз. Залуусын хамгийн их сонсох дуртай хип хоп хамтлагуудын нэг “Опозит” тарсан нь фэнүүдийнх нь хувьд харамсалтай үйл явдал байв. Гэхдээ тэд тусдаа уран бүтээл хийж, амжилттай яваагаа харуулсаар байна. Энэрэлийн хувьд 2018 онд чамлахааргүй амжилттай байлаа. Учир нь тэр энэ дуунаас гадна 2018 онд реппер NMN-тэй хамтран хоёр ч уран бүтээл гаргасан нь фэнүүдэд нь нэлээд хүрч чаджээ. Мөн хоёрхон сарын өмнө “Зүрх зүсэм бялуу” дуугаа түгээсэн. 2019 онд илүү ихийг хийж бүтээгээрэй, Энэрэл ээ. Фэнүүд чинь тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

9. УКА – Хайртай гэж хэлээч feat Luuya, Lil Thug E 

Дуучин Укаг хязгааргүй эрч хүчтэй нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэр бүлийн амьдрал зохиож, хоёр ч хүүхэдтэй болоод амжсан тэрбээр 2018 онд хөндөлмөрлөнө гэдгийг ёстой л үзүүлж өгчээ. Учир нь тэр 2018 онд нийт зургаан уран бүтээлээ дүрсжүүлж цацсан бөгөөд ердөө долоо хоногийн өмнө түүний “Be cool” дуу цацагдаад байгаа юм. Нэг долоо хоногт 193.607 хандалт гээд бодоод үз дээ. Харин тэр манай жагсаалтын есдүгээрт Luuya, Lil Thug E нартай хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цацсан “Хайртай гэж хэлээч” гэсэн уран бүтээлээрээ бичигдэж байна. Энэхүү дуу YOUTUBE-д 1.690.063 хандалт авчээ.

8. СЕРЁЖА – Echo

Түүнийг реппер Серёжа гэдэг. 16 настайдаа алс холын Америк орныг зорьж, мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, туулах замын уртыг тэвчээртэйгээр даван туулж чадсан түүнийг Цолмонгийн Мөнхбаяр гэдэг юм билээ. Түүнтэй бид анх 2015 онд “Чи нэг тийм” гэсэн уран бүтээлээр нь уулзаж байсан шүү дээ. Яагаав, “Чи нэг тийм үгээр хэлж үзгээр бичмээргүй, Чимээгүй хараад суухад харц булаана, Чамайг би яалтай билээ, Чанх дэргэд чинь байгаад л баймаар байна” гээд л... Санаж байгаа биз дээ. 2015 онд дуучин Укатай хамтарч гаргасан “Мангар” дуу нь үнэхээр өвөрмөц байж чадсан. Мэдээж “Адармаа”-г энд нэрлэхгүй өнгөрч яаж болох билээ. Үнэхээр гоё. Харин 2018 онд тэрбээр “Echo”, “Guilty” зэрэг уран бүтээл гаргажээ. “Echo” өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд цацагдсан бөгөөд YOUTUBE-д 1.702.941 хандалт авснаар манай жагсаалтын наймдугаарт бичигдэж байна. Чамд баяр хүргэе.

7. ТЕМПО - EX CALLING

Тэр бол охидын хувьд цагаан морьтой ханхүү л гэсэн үг. Гэхдээ ханхүүгээс үнсгэлжин нь зугтчихсан. Тэгээд л “Ex Calling” дууг тэр бүтээсэн. Энэ бол зүгээр л миний таамаглал юм шүү. Гэхдээ Темпо үүнийг үгүйсгэсээр л байгаа. “S” үсэгтэй малгай өмсчихөөд “Чамайг тэр чинь гомдоох тоолонд намайг чи дурсаж байг, Чамайг тэр чинь эдлэх тоолонд намайг чи төсөөлж байг” гээд ширүүхэн дуулахаар чинь мэдээж хэн ч тэгж ойлгоно шүү дээ. Ердөө гуравхан жилийн өмнө “Шүүдэрхэн” дуу цацагдаж, Темпо соло карьераа амжилттай эхлүүлж байв. Харин тэр 2018 онд “Ex calling” дуугаар ээлжит тэсрэлтээ хийж чадлаа. Түүний энэ дуу YOUTUBE-д 1.837.999 хандалт авснаар 2018 оны “Хамгийн их хандалттай дуу”-ны долдугаарт бичигдэх болзол хангалаа.

6. The Wasabies - "Ү-ГҮЙ”

Охид ийм л байх ёстой. Залуухан, эрч хүчтэй, хөдөлмөрч, өнгөлөг. Дээр нь чанартай гэх үг “The Wasabies” хамтлагт яг тохирно. Мэдээж чадварлаг, мэдрэмжтэй продюсер Б.Наранзун тэдний хажууд байхад алзахгүй л дээ. 2018 онд “The Wasabies” хамтлаг нийт таван уран бүтээлээ дүрсжүүлж цацжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 05-нд ”Girls Generation” дуугаар анх фэнүүдтэйгээ уулзсан ба тэдний зургадугаар сарын 02-нд цацсан “Ү-ГҮЙ” дуу YOUTUBE-д 1.878.707 хандалт авснаар манай жагсаалтын зургадугаарт бичигдэж байна. Тийм ээ, уйлж суух нь охидын зан биш ээ. Амжилт, охид оо.

5. УКА - DO IT

Дахиад л Ука. Түүнийг 2018 онд хөдөлмөрлөхийг үзүүлж өгсөн гэж би хэлээ биз. Хандалт өндөртэй арван дууны хоёр нь түүнийх. Гайхалтай биш гэж үү. DO IT дуу наймдугаар сарын 06-нд цацагджээ. Яагаад ч юм түүний мэдрэмжийг гүйцэх дуучин Монголд лав байхгүй. Энэ бас л миний бодол шүү. Укагийн энэ онд хийсэн уран бүтээлүүд үнэхээр өнгөлөг, гоёмсог, загварлаг байлаа. Дөрвөн сарын хугацаанд DO IT дууг 2.149.258 хүн сонссоноор жагсаалтын тавдугаарт бичигдэж байна.

4. ENEREL & NMN – SHULEG

Энэрэл ч бас хөдөлмөрлөж чаджээ. Реппер NMN Энэрэлтэй хамтарсан гэх үү, Реппер Энэрэл NMN-тэй хамтарсан гэх үү. Юутай ч “ШҮЛЭГ” нэртэй тэдний хамтдаа хийсэн уран бүтээл YOUTUBE-д 2.220.150 хандалт авснаар ямар ч маргаангүй жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.

3. NMN- Амархан

Реппер NMN-ий бүтээсэн дуу болгон ХИТ болдог гэхэд хилсдэхгүй. “Амархан” нэртэй энэ дуу ХИТ болох үнэхээр амархан байсан. “Жаран жил жаргалтай амьдрахын тулд хоёулаа, жаахан зүйл мэдэж байхад давж чадна аюулаа” гээд л үг нь хүртэл ХИТ. Есдүгээр сарын 06-нд цацагдсан даруйдаа л хосуудын зүрхний дуу болсон “Амархан” YOUTUBE-д 2.625.165 хандалт авснаар манай жагсаалтын гуравдугаар байрт бахархалтайгаар бичигдэж байна. Сонирхуулахад, NMN будаггүй байхдаа үнэхээр хөөрхөн юм билээ.

2. TOP LINE - Зүүдний дагина

 “Зүүдний дагина, зүүдний дагина минь

Зүрх шархлуулан юунд одов доо... FREEZONE хамтлагийн энэ дууг бид аль эртнээс мэдэх билээ. Харин энэ оны есдүгээр сард Өвөр монгол залуусаас бүрдсэн TOP LINE хамтлаг энэ дууг дахин амилуулж, YOUTUBE-д дүрсээ цацсан. FREEZONE хамтлагт амжилт авчирсан энэ дуу мөн ялгаагүй TOP LINE хамтлагт ч их амжилтыг дагуулаад байна. Дөрвөн сарын хугацаанд энэ дууг 3.115.192 хүн сонссон бөгөөд энэ амжилтаараа манай жагсаалтад аман хүзүүдлээ. Залуу хамтлагийн хувьд том амжилт биш гэж үү. “Top Line” хамтлаг сар гаруйн өмнө “Тэр бүх мэдрэмж” нэртэй шинэ уран бүтээлээ цацсан. Сонсоод үзээрэй, тун сонсголонтой юм билээ.

1. "Говийн домог" УСК-ны дуу - “ЗҮРХНИЙ АМРАГ”, дуучин Б.Замилан

“UBS” телевизийн бүтээл “Говийн домог” уран сайхны киноны дуу “ЗҮРХНИЙ АМРАГ” 2018 оны хамгийн их хандалттай 10 дууны жагсаалтыг тэргүүлж байна. Тус киноны гол дүрийн жүжигчин Б.Замилангийн дуулсан энэ дуу YOUTUBE-д 4.158.487 хандалт авсан бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 03-нд анх цацагдаж байсан юм.

Та бүхэндээ 2018 оны “Хамгийн их хандалттай 10 дуу” жагсаалтаа хүргэлээ. Нэг зүйлийг сонирхуулахад, “The Voice” шоуны оролцогчдын дуулсан дуунууд энэхүү жагсаалтад бичигдсэн дуунуудаас нэлээд өндөр хандалттай байсан ч уран бүтээл, уран бүтээлчдийг хүндлэх үүднээс оруулаагүй юм шүү. Мөн жагсаалтын төгсгөлд НЭГ САЯААС дээш хандалт авсан дараах уран бүтээлүүдтэй танилцаарай.

  • The Wasabies - ”Bestie” / 1.134.681/ Jul 16, 2018
  • Jijgee, Tsogtoo - BAYAN GANG ft RatAbuZz /1.308.516/ Jul 18, 2018
  • Big Gee x Lkhagvasuren x DJ Zaya - Zamd Garay /1.192.311/ May 25, 2018
  • Desant x Pioner, Degi – Salhilay /1.197.208/ Mar 10, 2018
  • АМЬДРАЛ УСК-ны дуу AMIDRAL OST дуучин Б.САРАНТУЯА / 1.218.438/  Feb 19, 2018
  • NAAGII – Itgel /1.318.681/ Jun 29, 2018

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top