”Хаадын гэр” компани “Шилдэг, жижиг дунд үйлдвэрлэгч энтрепренер”-ээр шалгарлаа

2018 оны 12 сарын 26

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа энэ жил өргөн цар хүрээтэй болж, өндөрлөлөө. Оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулах ёслолд Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа компани, аж ахуй нэгжүүд нэр дэвшин өрсөлддөг билээ.

МҮХАҮТ-аас "Энтрепренер" цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай.

Үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон гэр, гэрийн тавилгыг уран нарийн хийцтэйгээр үйлдвэрлэдэг, өөрсдийн өвөрмөц хэв маягаар олонд танигдсан “ХААДЫН ГЭР” компани тус ёслолоос “Шилдэг жижиг, дунд үйлдвэрлэгч энтрепренер” шагнал хүртэв.

“Хаадын гэр” нь Монголдоо төдийгүй олон улсад танигдаж, эх орныхоо уламжлалт өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг компани.

“Хаадын гэр”-ийн хамт олон 2018 онд Монголд анх удаа гэр, гэрийн тавилгыг уран зурагтай хослуулсан “Домгийн ганц эвэрт” контемпорари арт үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Олон улсын таван үзэсгэлэн яармагт оролцож, дөрвөн улсад бүтээгдэхүүнээ экспортлон, Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтаар 2018 оныг үдэж байгаа аж. “Хаадын гэр” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ шагнал, цом гардахдаа “Өв уламжлалаа хадгалсан бүтээлээ илүү хөгжүүлэн урлаж, монголчууддаа, залуу хойч үедээ төдийгүй дэлхийд соёлоо сурталчлан таниулах үйлсээ бид тасралтгүй үргэлжлүүлэх болно” гэдгийг онцолсон юм.

Монгол Улсынхаа эдийн засагт өсөлт авчирсан энтрепренерүүд ийнхүү шилдгийн цом гардаж, амжилт бахархалтайгаар 2018 оныг үдэж байна.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top