Хоёр Солонгосын ТӨМӨР ЗАМЫГ холбох төслийн нээлт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

Хойд болон Өмнөд Солонгосын төмөр зам болон авто замыг шинэчлэн холбох төслийн нээлтийн ёслол Өнөөдөр /2018.12.26/ боллоо. Бэлэг тэмдгийн чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээ Хойд Солонгосын хилийн Кэсонг хотын Панмүн төмөр замын буудал дээр орон нутгийн цагаар 10.00 эхлэв. БНСУ-ын Тээврийн сайд Ким Хюн Ми, Үндэстнээ нэгтгэх яамны сайд Чо Мён Гён тэргүүтэй 100 орчим албаны хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцохоор тусгай галт тэргээр Панмүн төмөр замын буудалд хүрэлцэн ирсэн юм. Хойд Солонгосын төлөөлөгчдийг Солонгос хоорондын харилцааны асуудал хариуцсан улсын агентлагийн дарга Ри Сон Гвон, Тээврийн дэд сайд Ким Юн Хёк нар тэргүүлжээ. 

Энэхүү ёслолын ажиллагаа нь Өмнөд болон Хойд Солонгос төмөр зам болон авто замаа шинэчлэн, холбох төслийг хамтран хэрэгжүүлэх чин эрмэлзлэлийг харуулж буй тул ихээхэн ач холбогдолтой гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ. 

ОХУ, БНХАУ, Монгол Улсын төлөөлөгчид хоёр Солонгос хоорондын төмөр замыг Транс Сибирийн төмөр замтай холбох томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж буй тус арга хэмжээнд оролцсон юм.


Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар Солонгосын хойгийг тэнцвэртэй хөгжүүлэн, цэцэглүүлэх зорилгоор төмөр зам болон авто замыг шинэчлэн, холбох төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд 2018 оны дөрөвдүгээр сард хүрсэн билээ. Тэд төслийн нээлтийн ажиллагааг хамтран энэ ондоо багтаан ёслол төгөлдөр зохион байгуулах тухай энэ оны есдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон юм.

Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас хойшилсон ч хоёр Солонгосын хамтарсан баг Хойд Солонгосын төмөр зам болон авто замын нөхцөл байдлыг шалгах ажлыг хамтран 18 хоногийн турш хийж хэрэгжүүлсэн билээ.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top