Тэд ЭРХ АШГАА ингэж хамгаалдаг, харин БИД...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

Ардчилсан нийгэмд шилжих гэж бүх залуус жагсч байснаас хойш тийм хүчтэй, тийм олон хүнийг хамарсан жагсаал болсонгүй. Магадгүй уншигч та 2004-2005 оны Эрс шинэчлэл хөдөлгөөний жагсаалыг санаж байж болох юм. Утга учир, агуулгаараа 1990 оны жагсаалтай ярих ч юм биш л дээ. Гэхдээ юу гээч, ардчиллын гол утга учир нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, иргэд нийтлэг эрх ашгийн төлөө тэмцдэгт оршдог юм. Хэрэв улстөрчид, бодлого боловсруулагчид буруу шийдвэр гаргасан л бол бид эвлэлдэн нэгдэн жагсч цуглан улстөрчдийн алдааг нь засах гэж сануулдаг. Үүнээс айгаад, эмээгээд, цагдаа нараар хүч түрэн хамгаалуулдаггүй юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосчууд эрх ашгийнхаа төлөө хэрхэн нэгдэж байсныг эргэн нэгэн санацгаая. Тухайн үед Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн найз Чой Сун Шил гэгч хэдэн арван сая воны авлигын хэрэгт холбогдон, Ерөнхийлөгч найз нь хэрхэн төсөл хөтөлбөрүүдэд давуу байдал олгодог байсныг дэлгэж орхив. Эрх мэдлээ ашиглан ард түмнийхээ боломжоос хумсалсан Ерөнхийлөгчийнхөө төлөө хоёр жил нэг сарын хугацаанд давхардсан тоогоор 10 гаруй сая хүн жагсаалд оролцжээ. Жагсаалын үр дүнд авлигын хэрэгт холбогдсон Пак Кын Хэ албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хийсэн хэргийн төлөө 27 жил шоронд хоригдох ял сонссон.

Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө Франц улсад олон зуун мянган хүн шатахууны үнэ нэмэгдсэний төлөө “Шар хантаазтануудын хөдөлгөөн” өрнөж Францын өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Уг хөдөлгөөн, жагсаал одоо ч үргэлжилсээр буй. Буурал европын залуухан удирдагчдын нэг Эммануэль Макроны кабинетийн гаргасан шатахууны бүтээгдэхүүний татварыг нэмсэнтэй уялдуулан литр бензиний үнэ 1.4 еврогоор нэмэгдсэний төлөө ард түмэн нь нэгдсэн нь энэ. Уг жагсаал, хөдөлгөөнд 287.7 мянган хүн нэгдээд байна. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Жагсаал эцэстээ эмх замбараагүй байдал болох өндөр магадлалтай байсан тул Францын Засгийн газар татвар нэмэх асуудлыг түр хугацаанд зогсоохоор болов. Зөвхөн Францад эхэлсэн энэ жагсаал хөрш Бельги болон Болгар, Канад, Хорват, Египет, Йордан, ОХУ зэрэг 18 улсад “халдаж” эрх ашгийнхаа төлөө нэгджээ.

Тэд тэмцэж чадсан. Жагссан. Эрх мэдэл, үзэл баримтлалын өөдөөс жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Үр дүнд нь тэд алдаатай бодлогоо засч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан. Ердөө л энэ. Иргэд хэзээ ч, хаана ч өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах эрхтэй.

Цаг хугацааны хүрдийг одоогоос дөрвөн жилийн өмнөх рүү аваачъя. БНХАУ-ын тусгай захиргааны бүс нутаг Хонконгийн залуус ардчилал, хүний эрх, тусгаар тогтнолын төлөө “Шүхэрт хувьсгал” гэгчийг эхлүүлэв. Үзэл бодлын хувьд харьцангуй хаагдмал, Засгийн газар нь эрсдэлт шийдвэр гаргах магадлалтай эх газрын Хятадын өмнөөс 200 гаруй мянган залуус ийнхүү нэгдсэн юм. Хонконгийн удирдлагууд зарим дүрэм журамд өөрчлөлт оруулан, эх газрын Хятадтай хэлэлцээрийн ширээний ард суухаар тохиролцов. Хонконгийн сонгууль болоход “Шүхэрт хувьсгал”-д оролцсон гурван ч залуу хууль тогтоох байгууллагад төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Энэ мэтчилэн Бразил, Унгар, Албани, Грек, Итали гээд эрх ашгийнхаа төлөө тэмцсэн олон арван жишээ бий. Жагсаалууд бүгд л үндсэн эрх ашгийнхаа төлөө нэгдсэн иргэдийн нийлмэл байв. Тэдний эрх ашгийг татварын бодлого, улс төрийн хатуу үзэл баримтлал, эрх баригч намын бодлого, эсвэл хувь улстөрчийн болчимгүй үйлдлээс шалтгаалан зөрчиж байсантай л холбоотой. Тэд тэмцэж чадсан. Жагссан. Эрх мэдэл, үзэл баримтлалын өөдөөс жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Үр дүнд нь тэд алдаатай бодлогоо засч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан. Ердөө л энэ. Иргэд хэзээ ч, хаана ч өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах эрхтэй. Монголын иргэд төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалахад ч, хотын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбайг тэнгэрт хадсан үнээр худалдаж байхад ч, зөвхөн нэг хүн эрх мэдлийн оргилд хүрч тахин шүтэгдэж байхад ч, засаглалын хямралд хүрч Ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан тэр цаг үед ч дуугай л байсан. Эрх ашгийнхаа төлөө тэмцээгүй. Тэмцээгүй ард түмэн мөхдөг. Улстөрчидөд буруу явааг нь, бодлогогүй байгааг нь сануулахгүй бол “шударга бусын хонгил”-ынхоо улам гүн рүү явсаар л байх болно.


Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.104.40.150) 2018 оны 12 сарын 27

Ted nar uursdiin chini tatvariin mungiig hen n iluu davamgai bolj iluug hulgailakh gesen jagsaald ochidoggui l um sh dee .

0  |  0
Irgen(109.89.138.79) 2018 оны 12 сарын 27

Temtsej surtsgaaya zaluuchuud aa!Frantsad onoodriig xyrtel temtsej baigaa shar xantaaztanguudiin temtsel zovxon shataxuunii yniin osoltiin esreg bish tatvar ajliin bair erx choloo erxiinxee toloo temtsej tedniig Belgi Golland Ispani Portugalchuud demjij amidraliin ortog tsalind niitsexgyigeer osoj baigaagiin esreg temtsej bna

0  |  0
Зочин(66.181.185.147) 2018 оны 12 сарын 26

Армений жагсаал тэмцлийн үр дүнд хэрхэн жирийн иргэн ЕС болсон тухай дурдсан бол илүү сонирхолтой байлаа.

0  |  0
зочин(103.9.90.98) 2018 оны 12 сарын 26

Монголд болж байгаа жагсаал цуглаан бол голдуу улс төрчдын эрх ашигыг хамгаалах үүднээс жагсаж байгаа учираас хүчтэй биш байгаа юм яг ард түмний эрх ашигийн төлөө жагссан жагсаал бараг байхгүй дээ тэгхээр гадны улсууд болон Монгол улсад болж байгаа жагсаал цуглааны ялгаа энд л байгаа юм даа

0  |  0
Top