ӨНӨӨДӨР: Тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

2018 оны 12 сарын 29

 

Өнөөдөр /2018.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр. 1911 оны эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний ХХ зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч  гэдгээрээ түүхэнд тодрон үлдсэн билээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө баатарлагаар тэмцсээр байсан монголчууд цагаагчин гахай жилийн хувьсгалыг хийж, VIII богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Засгийн газраа байгуулж, төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа тусгаарлан сэргээж байгаагаа гадаад улс орнуудад тунхагласан байдаг.

Тодотговол, 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж,  түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байв. Тийнхүү тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал билээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон хэмээн түүхчид тодотгодог.

Э.БОЛОР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top