Цагдаа, дотоодын цэргийн 2018 оны онцлох 10 АЖИЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

Жил бүхэн өөрийн гэсэн онцлог, дурсан санах үйл явдал, учрал тохиолоор дүүрэн байдаг. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2018 онд өрнөсөн онцлог 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

1. Зарим нэгжид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/159 дүгээр тушаалаар Замын цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийг нэгтгэн “Тээврийн цагдаагийн алба”, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Мэдээллийн технологи, холбооны төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Шуурхай удирдлага, ажиллагааны хэлтсийг нэгтгэн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг  байгуулав.

Хар тамхитай тэмцэх газрыг цагдаагийн төв байгууллагын бүтцэд харьяалуулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын тасгийг байгуулж, Хар тамхи, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийг мэдээллийн технологи IT-ийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцөөр бэхжүүллээ.

2. Дотоодын цэрэгт тусгай салбарыг байгууллаа

Террорист үйлдлийг таслан зогсоох тусгай  ажиллагаанд оролцох, барьцаанд авагдсан хүн, цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад нэмэлт хүч, тусгай тактик хэрэглэх шаардлагатай онцгой нөхцөл байдал бий болсон үед дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар”-ыг шинээр байгуулав.

 Мөрдөн байцаах алба шинэ байртай боллоо 

Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар 9 давхар, 6809 м.кв талбай,бүхий насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, сэжигтэн яллагдагчаас мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааг явуулах, эд мөрийн баримт болон хураагдсан эд зүйлийг хадгалах стантартын шаардлага хангасан өрөө, тасалгаатай Мөрдөн байцаах албаны конторын барилгыг шинээр бариулж, ашиглалтад хүлээн авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд багцаасаа 970.0 сая төгрөгийг өртөг бүхий тавилга, техник, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэж өгөв.

4. Орон нутагт  замын хөдөлгөөний хяналтын 27 постыг шинээр барилаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын болон улсын чанартай авто замыг байнгын хяналтад авах зорилгоор 17 аймгийн 25 сум, нийслэлийн 2 дүүрэгт замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг барьж, ашиглалтад оруулж, “TPCAM-H10” маркийн хурд хэмжигч, “Драгер 7510” маркийн согтуурлын зэрэг тогтоогч багаж хэрэгслүүдийг олгож, компьютер, ширээ сандал, амралтын өрөөний тавилга хэрэгслээр хангаж, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэв.  

Дээрх хяналтын постыг ажиллуулснаар орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гарахын зэрэгцээ хулгайн мал, мах, түүхий эд, хориотой ан агнуурын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон юм.

5. “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг

Хүүхдээс үйлдсэн, хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралтыг бууруулах, тэднийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ оны 04, 12 дугаар саруудад “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг, “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг зохион байгууллаа.

Ингэснээр насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 26.1, нийслэлд 30.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

6. “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэх, бусад орны туршлагыг судлах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, гадаад, дотоодын 60 гаруй байгууллагын 400 орчим төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, хурлаас 4 бүлэг, 19 заалт бүхий “Зөвлөмж” гаргалаа.

7. “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус 28 байгууллагын 759 ажилтан, алба хаагчид оролцов.

Хэлэлцүүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүний амь нас хохирч буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тухай” зарлиг баталж,  Засгийн газарт хэрэгжүүлэх чиглэл өгөв.

8. “UNFRIEND” хөдөлгөөн

Өсвөр насны хүүхэд багачуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, бусад эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “UNFRIEND хөдөлгөөн”-ийг зохион байгуулсан нь төр засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.

Дээрх арга хэмжээний хүрээнд фэйсбүүк дэх садар самууныг сурталчилсан болон зохисгүй агуулга бүхий контент агуулсан групп, пэйж хуудсуудыг REPORT хийж, фэйсбүүк компанид мэдээлснээр хэсэгчлэн болон бүхэлд нь устгуулах зорилго бүхий “Хар жагсаалт/Black list” группыг үүсгэж, нийт 19.300 гишүүн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцож байна.

9. “Камержуулалт-2” болзолт уралдаан зохион байгуулав

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд хоёр сарын хугацаатай “Камержуулалт-2” 60.0 сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарлан, 106 хороо, 644 аж ахуйн нэгж, байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 28787 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг болон үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд  571.8 сая төгрөгийн 2530 хяналтын телекамерыг байршуулсан.

Болзолт уралдааны хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэртээ  хяналтын 293 ширхэг телекамерыг шинээр суурилуулан, үйл ажиллагаандаа ашигласнаар 127 гэмт хэрэг, 693 зөрчил илрүүлж ажиллалаа.

10. “Эрүүл цагдаа”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ

Алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл цагдаа”, алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга, байгууллагын соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөрүүдийг баталсан.

Дээрх хөтөлбөр /2018-2020 он/-үүдийн хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, сахилга, хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр цогц арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top