Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах эрмэлзэлтэй буйгаа нотоллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах, АНУ-тай харилцаагаа сайжруулах, БНСУ-тай хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа нотолжээ.

Тэрбээр ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн буйгаа мэдэгдээд, хэрэв Вашингтон Пёньяны тэвчээрийг удаан шалгах аваас энэхүү бодлогоо эргэн харна хэмээн анхааруулжээ.

АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүсч буй тэр үр дүнд хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргахад бэлэн гэж Ким Жон Ун хэлжээ.

“Хэрэв АНУ өөрийн амлалтыг эс биелүүлэн, бидний тэвчээрийг барж, нэг талын шаардлага тавьж, хориг арга хэмжээгээр шахалт үзүүлэх аваас бидэнд өөр замыг сонгохоос өөр арга байхгүй” хэмээн тэрбээр онцлов.

Үүнээс гадна, Ким Жон Ун Өмнөд Солонгосын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээг онцойлон хүргэж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтын үр дүнд хоёр улсын ард түмний эвлэрлийн эхлэлийг тавьсан гэж тэмдэглэв. Хойд Солонгосын Кэсон хотын ойролцоох Өмнөд Солонгосын технологийн парк болон Кымсыган буюу Очир эрдэнийн ууланд аялал жуулчлалын төслийн ажлыг дахин сэргээхэд бэлэн гэдгээ нотолжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top