Монголын гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэн гаргахад өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн “Дархан алтан бөмбөг” клубийн 5 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Анд авто сервис, Түмэн буудай ХХК, Тамирчдын эцэг эхийн зөвлөл хамтран 15-16 насны эмэгтэй өсвөрийн волейболчдын нээлттэй тэмцээнийг 2019 оны 01 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулах гэж байна.

“Дархан алтан бөмбөг клуб”-ийн 5 жилийн ойн нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээн нь волейболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын сонирхлыг нэмэгдүүлж, чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх, Дархан-Уул аймгийн волейболын хөгжилд хувь нэмрээ оруулж, залгамж халааг бэлдэх зорилготой бөгөөд зөвхөн өсвөрийн эмэгтэй тамирчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 40 гаруй баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ба тэмцээний ялагч баг алтан медаль, өргөмжлөлөөс гадна 1 сая төгрөгийн эзэн болох юм. Тэмцээн ДСЦТС ХК-ийн “Эрчим” спорт клуб болон Биеийн тамир спортын газар, АШУҮИС, Монгол Оюу сургууль зэрэг 4 байгууллагын спортын танхимд зэрэг явагдах юм байна.