Улсын нийт гадаад өр 27.9 тэрбум ам.доллар болов

2019 оны 01 сарын 05

Макро эдийн засгийн 2018 оны арваннэгдүгээр сарын тойм үзүүлэлтүүдийг Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан байна. Засгийн газрын нийт гадаад өр 7 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 27.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр 2 хувь /109.1 сая ам.доллар/, Улсын нийт гадаад өр 1 хувь /230.2 сая ам.доллар/-иар тус тус өссөн тоо юм.

Төсвийн тэнцэл 266 тэрбум төгрөгийн ашигтай

Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 27.4 хувиар, зарлага 7 хувиар тус тус өссөн бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 266 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Өнгөрсөн жилийн мөн үед 980 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байсан ч, энэ онд төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр өссөн нь төсөв алдагдалгүй байх гол шалтгаан болов.

Ам.долларын ханш өмнөх сараас 17.74 төгрөгөөр нэмэгдэв

Арваннэгдүгээр сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 133 төгрөг буюу 5.4 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 17.74 төгрөг буюу 0.6 хувиар нэмэгдэж 2581.88 төгрөг болов. Арваннэгдүгээр  сард гадаад валютын нөөц 3.4 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас 2 хувиар, өмнөх оны мөн үеэс 51.8 хувь нэмэгджээ.

Инфляцийн түвшин 8.1 хувь

Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд арваннэгдүгээр  сарын байдлаар өмнөх сараас 1.8 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, оны эхнээс 7.5 хувь өсөв. Тус сард ингэж өсөхөд хүнсний бараа, тээврийн хэрэгсэл, түлш, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ өсөхөд голлон нөлөөлжээ.

Гадаад худалдааны тэнцэл 1109 сая.ам доллар

Нийт барааны эргэлт 11,852 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өссөн бол экспорт 13.9 хувиар нэмэгдэж, импорт өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 1109 сая ам.долларын ашигтай гарлаа.

                                                                                                                                 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.48) 2019 оны 01 сарын 05

Их наяд,Тэр бумыг ялгадаггүй сэтгүүлч нарыг юу гэжу үзэх вэ?Ийм л зөрөөтөйгөөр бичих юмдаа.

0  |  0
Top