Бага ангид ТУСЛАХ БАГШ ажиллуулах хууль хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний 18 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын анги дүүргэлт 64-68 хүрчээ. Нийслэлийн ХУД-т байрлах тус сургуулийн анги дүүргэлт өндөр тул багшийн ачааллыг хөнгөлөх үүднээс эцэг, эхчүүд ээлжээр “туслах багш”-ын үүрэг гүйцэтгэн ажилладаг юм байна.

 

Ер нь улсдаа тэргүүний гэгдэх сургалттай сургуулиудын анги дүүргэлт өндөр байдгийг эцэг, эхчүүд хэлж байлаа. Үр хүүхдэдээ сайн боловсрол олгох зорилгын үүднээс эцэг, эхчүүд анги дүүргэлт өндөр байдаг явдалтай эвлэрдэг бололтой. Тиймээс ч ээлжээр багшид тусалж ажилладаг гэнэ. Эцэг, эхчүүд зургаан настнуудыг сургуулийн үүдэнд хүлээн авахаас эхлээд ангид оруулах, гадуур хувцсыг нь өлгөх, шүүгээнд хийх, ширээнд суулгах, дэвтрийг нь гаргаж өгөх, үдийн цайг нь зөөж өгөх, бие засуулах гээд бүхий л ажилд тусалдаг ажээ.

 

Уг нь хууль журамдаа бага ангийн сурагчдын дүүргэлт 35 гэж заасан байдаг. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журамд “Анги дүүргэлтийг бага ангид 30-35 хүүхэдтэй байхаар зохион байгуулна” гэж заажээ. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ. Тиймээс ч УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль санаачлан батлуулжээ.

 

2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр зохицуулагдсан энэ хууль багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамгийн чухал заалт нь Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болох тухай юм.

 

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нэг, хоёрдугаар ангийн нийт 4443 бүлэг хичээллэж байгаагаас 629 бүлэг нь хүүхдийн тооны хэтрэлттэй буюу 44-өөс дээш хүүхэдтэй байна. Үүнээс 527 нь нийслэлд, үлдсэн 102 нь 12 аймагт хичээллэж байна. Өөрөөр хэлбэл, шинэ хууль хэрэгжиж эхэлбэл 629 туслах багш шаардлагатай гэсэн үг. Улсын хэмжээнд нийт ангийн 14.1 хувь нь хүүхдийн тоо хэтэрсэн гэсэн үзүүлэлттэй байгаа талаар албаныхан мөн хэлдэг.

 

Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл, хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сурвалжилж, багш, сургалтын менежер, Багшийн хөгжлийн институтийн албаны хүмүүстэй уулзлаа.


Б.Энхсувд: Хоёр багштай болгохын оронд хүүхдийнхээ тоог бууруулах нь зөв 

 

Нэг, хоёрдугаар анги удирдсан багш нар хамгийн ачаалалтай ажилладаг. Тэд өглөө 07:30 цагаас сургуулийнхаа үүдэнд хүүхдүүдээ хүлээж авдаг ба хичээл нь 08:00 цагт эхэлж, 12:30 цагт тарна. Хичээл тарсны дараа сурагчдаа эцэг, эхэд нь “Гараас гарт” гэсэн зарчмаар хүлээлгэж өгнө. Улмаар сурагчдынхаа дэвтрийг засч, маргаашийнхаа хичээлд бэлтгэсээр байгаад шөнө харьцгаадаг гэв. Энэ бол бага ангийн багшийн ажлын нэг өдрийн хэмнэл. Дээрээс нь анги дүүргэлт өндөр бол багшийн ачаалал хэд дахин нэмэгдэнэ.

 

Бид Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн 2е ангийн багш Б.Энхсувдтай уулзсан юм. Тэрбээр боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж буй заах аргач зэрэгтэй тус сургуулийн шилдэг багш нарын нэг.

 

Б.Энхсувд багш хичээлийн өдрийн хэмнэлийнхээ талаар ийн ярьсан юм.


 

Бага ангийн багш нар хичээлийн бус цагаар ч маргаашийнхаа хичээлд бэлтгээд завгүй байдаг аж.


 

Туслах багшийн талаар Б.Энхсувд багш ийм байр суурьтай байна.


 

Мөн туслах багшийн хэрэгцээ шаардлагын талаар тэр дараах зүйлийг ярилаа.


***


Д.Сүрэнчимэг: Туслах багш үндсэн багштай ижил түвшний хүн байна 

 

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улс багшийнхаа хөгжлийг дэмжих тусгайлсан хуультай таван улсын нэг болоод байна. Энэ бол багшийн төлөө төрөөс хэр зэрэг анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь багшийн хөгжлийн асуудлыг хариуцаж ажилладаг учраас энэ хууль тус байгууллагын үйл ажиллагааг зохицуулах Үндсэн хууль болох учиртай. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэгээс Багшийн хөгжлийн тухай хууль, түүний гол заалт болох туслах багшийн талаар тодрууллаа.

 

Д.Сүрэнчимэг захирал “Ерөнхий боловсролын сургуулийн туслах багш нь үндсэн багштай ижил төвшний хүн байна гэж хуульчилсан. Багш нар хамтраад сурагчдын төлөө ажиллах шинэлэг хэлбэр” хэмээн тайлбарласан.


 

Сурагчдын тоо хэтэрсэн анги болгон туслах багштай байх уу? гэсэн асуултад дараах тайлбарыг өглөө.

 

 

Харин туслах багшийг хэрхэн ажиллуулах тухайд:


 

Багшийн хөгжлийг дэмжих хуулийн хүрээнд жилдээ тухайн сургууль хувьсах зардлынхаа 2 хувийг багшийн хөгжилд зориулах ёстой бөгөөд энэ нь улсын хэмжээнд 8.8 тэрбум төгрөг болох юм байна. Жишээ нь, 3000 хүүхэдтэй сургууль жилдээ 20 орчим сая төгрөгийг багшийн хөгжилд зарцуулна гэсэн үг. Харин туслах багшийн цалин үүнд хамаарахгүй юм байна.


 

***


Р.Амгалан: Ачаалалтай ангиудад туслах багшийн орон тоо шаардлагатай  

 

Тэгэхээр хүүхдийн тоо хэтэрсэн нэг, хоёрдугаар ангийн 629 бүлэг хичээллэдэг гэж үзвэл 629 багш ажлын байртай болох боломж байна. Гэхдээ туслах багш ажиллуулах эсэхийг тухайн сургуулийн удирдлага шийдэх юм байна. Нарийн яривал Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.4-д "Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” гэж заасан. Байж болно гэдэг нь тухайн сургуулийн менежментийн асуудал бөгөөд сургууль шаардлагатай гэж үзвэл “Туслах багш”-ийг ажиллуулах юм.

 

Энэ асуудлын хүрээнд БЗД-ийн Улсын тэргүүний 14 дүгээр лаборатори сургуулийн бага ангийн сургалтын менежер Р.Амгалантай ярилцлаа.

 

14 дүгээр сургууль нь 3764 хүүхэд, 87 бүлэг, 133 багш, ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Сургуулийн хэмжээнд анги дүүргэлт 47.6 хувьтай ба нэгдүгээр ангид 49 хүүхэд оногдож байгаа юм. Танай сургуульд туслах багшийн шаардлага байна уу гэдэг асуултад дараах хариултыг өглөө.


 

Харин "Танай сургуулийн хувьд туслах багш авч ажиллуулах боломж байна уу?" гэдэг асуултад менежер Р.Амгалан ингэж хариуллаа.


 

***


Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль нь багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хийгээд нийгмийн асуудлыг нь шийдэхэд чиглэсэн заалтуудтай. Харин эцэг, эхчүүдийн хувьд уг хуулийн 8.4-д "Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно" гэсэн заалтыг ихэд сонирхож байгаа нь сурвалжлагын явцад анзаарагдаж байлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс хүн амын өсөлтөөс хамаарч зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа өнөөгийн нөхцөлд анги дүүргэлтийн тоог бууруулах боломж хомс тул туслах багшаар дамжуулан багшийн ачааллыг багасгаж, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий хэмээн туслах багшийн асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.

 

Харин багш нарын хувьд туслах багшийн ажил үүргийг тодорхой болгох хэрэгтэй. Ер нь багш нарын цалинг нэмж, сурагчдын тоог багасгах замаар сургалтын чанарыг сайжруулахыг санал болгож байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш (66.181.161.93) 2019 оны 01 сарын 08

Зүгээр сургууль нэмээд барьчих. Багш нараа хөгжүүлчих.

0  |  0
Top