Блумберг: Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Ханойд болж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэж байна гэж Блумберг агентлаг мэдээлжээ.

 

Өмнөд Солонгосын Munhwa Ilbo сонинд мэдээлснээр Вашингтон дээд хэмжээний уулзалтыг Индонез, Монгол, Гавайи болон хоёр Солонгосын хилийн зааг дээрх Панмүнжом хилийн бүсэд хийх боломжийг мөн судалж байгаа гэнэ.

 

Ням гарагт /2019.01.06/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Хойд Солонгосын хооронд хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийх газрын талаар хэлэлцээ хийж буй талаар мэдэгдсэн билээ.

 

АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон юм. Уулзалтын үр дүнгээр Трамп, Ким Жон Ун нарын гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн ангижрахад зарчмын хувьд бэлэн буйгаа зарласан бол АНУ-ын зүгээс Хойд Солонгосын аюулгүй байдалд баталгаа өгөх үүрэг авсан юм.

 

2018 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Дональд Трамп Ким Жон Унтай хийх дараагийн уулзалтыг 2019 оны нэг эсвэл хоёрдугаар сард болох төлөвтэй байна гэж мэдэгдэж байсан билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.35.9) 2019 оны 01 сарын 08

Монголд зохион байгуулах сураг ч байхгүй. Хорт утаа ихтэй хүйтэн гээд хасагджээ дээ.

0  |  0
Top