Францад “Шар хантаазтнуудын” зөвшөөрөлгүй жагсаалыг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Францын Ерөнхий сайд Эдуар Филипп зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцохыг хориглоно гэж мэдэгдэв. Долоон долоо хоног үргэлжилж буй “шар хантаазтнуудын” гэх тодотголтой жагсаал цуглааныг зогсоох үүднээс Францын засгийн газар ийм шийдвэр гаргажээ.

 

Филиппийн хэрснээр, засгийн газар нь зөвшөөрөл авалгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулах, эдгээрт оролцох, мөн нүүрэндээ баг зүүн ирсэн хүмүүсийг шийтгэх хууль батлуулахаар ажиллаж байгаа гэнэ. Цаашид жагсаал цуглааны үеэр үймэн самуун дэгдээсэн этгээдүүд бизнес, хувийн өмчид хохирол учруулсныхаа төлөө хариуцлага хүлээх юм байна.  

 

Өнгөрсөн бямба гарагт /2019.01.05/ 50 мянган шар хантаазтай жагсагчид дахин гудамжинд гарч, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцрохыг шаардсан. Энэ үеэр хэсэг жагсагчид засгийн газрын яамны байрны төв хаалгыг эвдэн, дотогш нэвтэрсэн хэрэг гарсан бол гудамжинд жагсагчид машин, мотоцикл, хаалт зэргийг шатааж, үймээн дэгдээсэн билээ.

 

Анх 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний татварыг нэмэхийн эсрэг эхэлсэн жагсаал хүрээгээ тэлж, ерөнхийлөгч Эммануль Макроны эсрэг олон нийтийн жагсаал болж өргөжин, бямба гараг бүр  үргэлжилсээр байгаа билээ.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top